
АНУ-ыг чиглэсэн Венесуэлийн хар тамхи тээвэрлэгч хөлгийг устгаж, гурван хүн амь үрэгдсэн гэдгийг ерөнхийлөгч Трамп мэдэгдлээ.
Тэрбээр амиа алдсан хүмүүсийг “хүчирхийлэл үйлдэгч хар тамхины картелуудын гурван гишүүн” хэмээн тодорхойлсон байна.
Сүүлийн өдрүүдэд АНУ-ын талаас Венесуэлийн ийм хөлгийг устгаж буй хоёр дахь тохиолдол нь энэ болж байгаа юм.
Өмнөх хар тамхи тээвэрлэгч хөлгийг устгах ажиллагааны үеэр 11 хүн амь үрэгдсэн.
Трампын мэдэгдлийн өмнө Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро АНУ-ын энэ ажиллагааг "түрэмгийлэл" хэмээгээд үүнээс өөрсдийгөө хамгаална гэж мэдэгдээд байв.
Энэ ажиллагааны талаар ерөнхийлөгч Трамп өөрийн цахим хуудастаа "Өнөөдөр өглөө миний тушаалаар АНУ-ын зэвсэгт хүчин хар тамхи тээвэрлэдэг, хүчирхийлэл үйлддэг картелуудын эсрэг хоёр дахь цохилтыг хийлээ.
Эдгээр хар тамхины картелууд АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна" хэмээн нийтэлжээ. Тэрбээр 30 секундийн урттай бичлэг мөн нийтэлсэн бөгөөд тус бичлэгт хөлөг онгоц дэлбэрч, шатаж буйг харуулсан байна.
Цагаан ордноос өгсөн мэдээлэлдээ Трамп "Венесуэлийн хөлгүүд дээрх гэмт хэргийн бүлэглэлд харьяалагдаж буйг батлах нотолгоо, баримтууд бидэнд бий.
Хөлгөөс далайд унасан ачаануудыг харахад л хангалттай. Кокаин, фентанил агуулсан том том уутнууд байсан" хэмээн ярьжээ.
Эх сурвалж: ВВС