Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Шатахуунаас дорд үзэгдэх "УУШГИ"


Агаарын чанар муутайгаас болж жил бүр найман сая гаруй хүн нас бардаг. Түүнчлэн хөдөлмөрийн бүтээмж алдагдаж, хорт хавдар, оюуны хомсдол зэрэг хөнөөлт өвчнийг агаарын бохирдол үүсгэх эрсдэлтэй байдаг. Гэвч эдгээр өвчнийг эмчлэх зардал нь агаарын бохирдлыг бууруулахад зарцуулдаг төсвөөс хэд дахин их байдаг нь харамсалтай. Энэ удаагийн "Дэлхийн эдийн засаг" буландаа дэлхийн зарим улс орон хэр их хэмжээний мөнгийг агаарын бохирдлын эсрэг тэмцэхэд зарцуулдаг болохыг онцолж байна.

"The State of Global Air Quality Funding" нь агаарын бохирдолд улс орнууд, олон улсын хөгжлийн хандивлагчид хэр их хэмжээний санхүүжилт олгож, тэмцдэг болохыг судалдаг цор ганц албан ёсны байгууллага аж. Тодруулбал, бүх зардал, төсөв нь батлагдаж хэрэгжсэн он жилүүдийн санхүүгийн үр дүнг тайлагнадаг байна. Тус байгууллагын 2018-2022 оны олон улсын агаарын чанарын тайланд дурдсанаар "Хэдийгээр улс орнууд утаагаа багасгаж, уур амьсгалын өөрчлөлтийн амбицыг нэмэгдүүлж, чулуужсан түлшнээс татгалзана гэж амлаж байгаа ч бодит тоо өөр түүхийг өгүүлж байна. Олон улсын төсвийн санхүүжилт агаарын чанарыг сайжруулахад хөрөнгө оруулсан хэдий ч ямар ч үр дүнгүйг харууллаа.
Гаднах агаарын бохирдлыг бусад санхүүжилт авдаг бүтээн байгуулалттай харьцуулахад 2018-2022 оны хооронд ердөө 1 хувийн л санхүүжилт авсан байна.
Дэлхийн нийт улс орнуудын санхүүжилтийн хэмжээ
Эрүүл мэнд, цаг уур, эдийн засгийн ноцтой нөлөөллийг үл харгалзан агаарын чанарыг сайжруулах салбар хамгийн бага санхүүжилт авсаар байгаа нь дэлхийн хэмжээнд хүн амын эрүүл мэндэд учирч буй байгаль орчны хамгийн том аюул үргэлжилсээр байгааг харуулсан" гэжээ.
Хамгийн өндөр агаарын бохирдолтой 10 орны санхүүжилт бусад орны санхүүжилттэй харьцуулахад дөнгөж нэг хувьд байна
Түүнчлэн хамгийн их агаарын бохирдолтой 10 орны долоо нь агаарын чанарыг сайжруулах үйл ажиллагаанд дутуу дулимаг санхүүжилт жил бүр төсөвлөдөг эсвэл авдаг. Чад, Сомали зэрэг бага орлоготой орнууд Серби, Коста Рика зэрэг дундаас дээш орлоготой орноос хамаагүй бага мөнгийг зарцуулдаг. Жишээлбэл, Африк тив, Ойрхи Дорнодын цэвэр агаарын санхүүжилт таван жилийн хугацаанд 1.5 тэрбум ам.доллар байсан нь Филиппинд зарцуулсан 4.7 тэрбум ам.доллараас бага байгаа нь агаарын бохирдлыг бууруулах салбар нь доройтолд орсныг илтгэнэ.
Өмнөх таван жилийн /2018-2022/ судалгаанд шинээр бүртгэгдсэн санхүүжилт нь хар нүүрстөрөгч буюу тортогтой тэмцэхэд шаардагдах санхүүжилт олгодог болжээ.
Энэ нь хүн төдийгүй байгаль орчинд их хэмжээний хор хөнөөлтэй болох нь тогтоогдож, улс орнууд жил бүр тортог багасгах санхүүжилт гаргаж байгаа ч нийт статистикийг харвал агаарын чанарыг багасгах мөнгөн дүнгийн дөнгөж 1 хувийг хангаж байна. Эсрэгээрээ, шатахууны хэрэглээг уртасгах төслүүдийн санхүүжилт 2021 онд 1.2 тэрбум ам.доллар байсан бол 2022 онд 5.4 тэрбум ам.доллар болж бараг 350 хувиар өссөн байна. Энэ нь шатахууныг бууруулж, цэвэр эрчим хүч рүү шилжих олон улсын амлалт худал болохыг батлах юм.
Шатахуун болон агаарын бохирдолд зориулсан төсвийн харьцуулалт
Гэсэн хэдий ч "The State of Global Air Quality Funding" хийсэн дүн шинжилгээ нь зарим улс эерэг алхам хийж эхэлснийг харуулжээ. Их Британийн Гадаад, Хамтын Нөхөрлөл, Хөгжлийн Алба (FCDO) нь агаарын бохирдолтой тэмцэхэд чиглэсэн 19 сая ам.долларын хөтөлбөрөөр дамжуулан 2030 он гэхэд эх, нярай болон хүүхдийн урьдчилан сэргийлэх боломжтой эндэгдлийг таслан зогсоох хариуцлагатай алхмыг хийж эхэлсэн. Мөн энэ оны эхээр Дэлхийн банкны Олон талт хөрөнгө оруулалтын баталгааны агентлаг (MIGA) бага, дунд орлоготой орнуудад агаарын чанарын эрсдэлийг бууруулахад зориулж нэг тэрбум ам.долларын санхүүгийн баталгаа гаргахаа амласан байна. Агаарын чанарын төслүүдийн зээлжих чадварыг нэмэгдүүлснээр Дэлхийн банк нэн шаардлагатай хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг сайжруулах боломжийг олгожээ.
 ТЭГВЭЛ ӨНГӨРСӨН ОНД ЗАРИМ УЛС ОРНУУД ДОТООДЫН АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХДАА ХЭР ХЭМЖЭЭНИЙ ХӨРӨНГӨ ТӨСӨВЛӨВ?
  • Агаарын бохирдлын асуудал хурцадмал байгаа Хятад улс үүнийг бууруулахад их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, цахилгаан машин, сэргээгдэх эрчим хүч, утааны стандартыг чангатгах тал дээр анхаарч байна. Тус улс 2023 онд цахилгаан тээврийн хэрэгсэл (EV) болон ногоон технологийг цаашид дэмжихийн тулд тэрбум тэрбумыг амласан аж. Экологи, байгаль орчныг хамгаалах 14-р 5 жилийн төлөвлөгөөнд агаарын бохирдлыг бууруулах янз бүрийн арга хэмжээний санхүүжилт, тухайлбал, илүү цэвэр эрчим хүч ашигладаг үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт хийх, тээврийн хэрэгслийн утааны стандартыг сайжруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төсөвлөжээ. Үүний хүрээнд агаарын чанарыг сайжруулах төсөлд 3 тэрбум орчим ам.доллар төсөвлөсөн байна.
  • Энэтхэгийн агаарын бохирдлын асуудал, ялангуяа Дели хотод тулгамдсан асуудал нь засгийн газрыг хүчин чармайлтаа нэмэгдүүлэхэд хүргэсэн. Уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2019 онд “Цэвэр агаар үндэсний хөтөлбөр” (NCAP) хэрэгжиж эхэлсэн бөгөөд агаарын чанарын хяналт, бодлогын хэрэгжилт, хотын агаарын бохирдлыг бууруулахад ихээхэн хэмжээний санхүүжилт олгожээ. Энэтхэг улс "NCAP"-ын хүрээнд хүчин чармайлтаа бэхжүүлэхийн тулд ойролцоогоор 270 сая ам. доллар төсөвлөсөн байна. Энэхүү санхүүжилт нь улсын хэмжээнд 100 гаруй хотод тоосонцрын (PM) түвшнийг бууруулах зорилготой юм.Мөн урт хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг (нар, салхи гэх мэт) дэмжих, цахилгаан тээврийн хэрэгслийн (EV) дэд бүтцээ өргөжүүлэхэд хөрөнгө оруулалт хийсээр байна.
  • Европын холбоо нь агаарын бохирдлыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах чиглэлээр урт хугацааны үүрэг хүлээсээр ирсэн. Агаарын чанарыг сайжруулах нь Европын Ногоон хэлэлцээр болон Уур амьсгалын 55-д нийцэх төлөвлөгөөний хүрээнд байгаль орчны өргөн хүрээний зорилтуудад тусгагдсан болно. Тус холбоо 2023 онд агаарын чанар, уур амьсгалын үйл ажиллагаанд 26 тэрбум ам.доллар хуваарилсан нь Ногоон хэлэлцээрийн хүрээнд 2050 он гэхэд ялгарлыг бууруулах, нүүрстөрөгчийн саармагжуулсан эдийн засагт шилжих зорилтын нэг хэсэг юм. Энэхүү санхүүжилт агаарын чанарын хатуу стандарт, хотын агаарын чанарын хяналтыг нэмэгдүүлэх зорилготой аж.
Агаарын бохирдолтой тэмцэхэд хамгийн их санхүүжилт олгосон байгууллагууд
  • АНУ сүүлийн жилүүдэд Инфляцыг бууруулах хууль (IRA) болон Америкийн аврах төлөвлөгөөний дагуу их хэмжээний хөрөнгө оруулалт хийснээр агаарын чанарыг сайжруулах томоохон алхам хийсэн орнуудын нэг болжээ. Эдгээр нь агаарын чанар, уур амьсгалын өөрчлөлтийг нэгэн зэрэг авч хэлэлцдэг. Тодруулбал, Инфляцыг бууруулах тухай хууль (IRA) нь цэвэр эрчим хүч, цахилгаан тээврийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх, хорт утааны ялгаруулалтын стандартыг чангатгах замаар агаарын бохирдлыг бууруулах заалтуудыг агуулдаг. Байгаль орчныг хамгаалах агентлаг нь Америкийг аврах төлөвлөгөөний дагуу агаарын бохирдол, байгаль орчны шударга ёсны асуудлыг шийдвэрлэхэд, ялангуяа агаарын чанар муугаас болж зовж шаналж буй эмзэг бүлгийн иргэдэд туслах журмаар 5 тэрбум ам.долларын санхүүжилт авчээ. Түүнчлэн, хоёр намын дэд бүтцийн тухай хуульд заасны дагуу 2023 онд агаарын бохирдлыг арилгах, дизель хөдөлгүүрийг солих, цэвэр технологи нэвтрүүлэхэд зориулж нэг тэрбум ам.доллар төсөвлөсөн.
  • Их Британи агаарын бохирдлыг бууруулахад анхаарлаа хандуулж, утааг тэглэх, хүн амын эрүүл мэндийг сайжруулах амлалтынхаа хүрээнд 2023 онд ойролцоогоор 620 сая ам.долларыг төсөвлөсөн. Энэ нь илүү цэвэр тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх, нийтийн тээврийг сайжруулах, хот суурин газрын агаарын чанарын хяналтыг сайжруулах зэрэг санаачилгад зориулагджээ.
  • Япон улс агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн ногоон технологи, эрчим хүчний шилжилтийн төслүүдэд 2023 онд ойролцоогоор 1.4 тэрбум ам. доллар хуваарилсан. Эдгээр төслүүдэд автомашинаас ялгарах хорт утааг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг ажлууд багтаж байна. Мөн агаарын чанарын хяналтын сүлжээгээ сайжруулж, үйлдвэрлэлийн байгууламжуудад агаарын чанарын хатуу стандартыг хэрэгжүүлэх болсон аж.
  • Өмнөд Солонгос агаарын бохирдол, ялангуяа хот суурин газрын агаарын бохирдлын асуудлыг зохицуулж, зохицуулалтыг чангатгаж, цэвэр эрчим хүчийг хөхүүлэн дэмжих зорилгоор Ногоон шинэ хэлэлцээрийг бий болгосон байдаг. Хэлэлцээрийн хүрээнд засгийн газар хэдэн жилийн турш ойролцоогоор 12 тэрбум ам.долларын санхүүжилт олгодог юм.  Мөн 2023 онд агаарын чанарын хяналтын систем болон агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн судалгаанд зориулж санхүүжилтээ нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ.
  • Мехико хот болон Мексикийн бусад хот суурин газрууд агаарын бохирдол ихтэй байгаа тул засгийн газар энэ сорилтыг шийдвэрлэх гэж 2023 онд ойролцоогоор 110 сая ам. долларыг төсөвлөсөн байжээ. Энэ нь нийтийн тээврийн хэрэгслийн цахилгаанжуулалт, үйлдвэрлэлийн цэвэр үйл ажиллагаа, утааны стандартыг чангатгахад зориулагдсан байна.
  • Бразил улс мөн Сан Пауло, Рио-де-Жанейро зэрэг томоохон хотуудын агаарын бохирдлыг бууруулахын тулд хүчин чармайлт гаргаж, цэвэр тээвэр, үйлдвэрлэлийн хатуу дүрэм журамд анхаарлаа хандуулж, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих зорилгоор ойролцоогоор 240 сая ам.доллар зориулав.
2018-2022 оны хооронд дэлхийн нийт санхүүжилт ба зориулагдсан салбарууд
  • Канадын Цэвэр өсөлтийн хөтөлбөр нь ногоон технологийг дэмжихийн зэрэгцээ бохирдлыг бууруулах зорилготой юм. Үүний хүрээнд 2023 онд цэвэр эрчим хүч болон утааг бууруулах төслүүдийг санхүүжүүлэхэд ойролцоогоор 900 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийжээ. Энэ санхүүжилтийн ихэнх нь аж үйлдвэрийн бохирдлыг бууруулах, тээврийг сайжруулах, хотуудын агаарын чанарын хяналтыг сайжруулахад чиглэсэн байна.
  •  2023 оны дэлхийн чиг хандлагаас харахад улс орнууд агаарын бохирдлыг бууруулахад ихээхэн хэмжээний хөрөнгө хуваарилсаар байна. Дээрх тоон үзүүлэлтүүд нь үндэсний хөрөнгө оруулалтын заримыг л харуулж байгаа бөгөөд байгаль орчныг хамгаалах өргөн хүрээтэй санаачилгатай харьцуулахад агаарын бохирдолд хэр зэрэг шууд нөлөөлж байгаа нь харьцангуй өөр өөр үр дүнг харуулдаг юм.
Дэлхийн нийт агаарын бохирдолтой тэмцэхэд зарцуулсан төсвийн задрал
ЭХ СУРВАЛЖ: THE STATE OF GLOBAL AIR QUALITY FUNDING 2024, CLEAN AIR FUND, REUTERS
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ