Баян-Өлгий, Говь-Алтай аймагт тарваган тахал өвчин гарч, Говь-Алтай аймагт 15 настай хүүхэд нас барсан. Баян-Өлгий аймагт хоёр хүн, Говь-Алтай аймагт энэ сарын 16-ны өдөр 16 настай хүүхдэд тарваган тахлын шинж илэрч, Эрдэнэ сумынхаа эмнэлэгт эмчлүүлж буй юм.
Манай орны 17 аймгийн 132 сум тарваган тахлын байгалийн голомттой бөгөөд өндөр идэвхжилттэй жил болж байгааг ЗӨСҮТ-өөс санууллаа. Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Үенч, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумдад тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ үргэлжилж байна.
Иймд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан яамны удирдлагын баг, харьяа байгууллагын дарга, захирал нарыг оролцуулсан шуурхай хурал хийжээ.
Хурлаар эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах, тусгаарлах өрөөг бэлтгэх, эрсдэл өндөртэй аймгийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг ажлын байранд сургах, мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэхийг Эрүүл мэндийн сайд үүрэг болголоо.