Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн саналаар ялалт байгуулсан.
Нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүргийн 9 дэх удаагийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр /2024.10.18/ боллоо. Анхдугаар хуралдааныг сонгогдсон төлөөлөгчдөөс насаар хамгийн ахмад болох дүүргийн 22 хорооноос сонгогдсон төлөөлөгч Жангаагийн Гантогтох даргалан явуулсан юм.
Хуралдааны эхэнд дүүргийн сонгуулийн хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай илтгэлийг танилцуулав.
Мөн СХД-ийн ИТХ-ын даргыг нууцаар санал хурааж, нэр дэвшүүллээ. Санал хураалтад оролцсон 43 төлөөлөгчийн 5 санал хүчингүй болж, 88,3 хувийн саналаар дүүргийн ИТХ-ын даргаар Б.Золбоо сонгогдлоо.
Мөн дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгээс дүүргийн Засаг даргад Цэдэндамбын Баттөрийг дэвшүүлж, нууц санал хураан 97,6 хувийн саналаар нэр дэвшүүллээ. Дүүргийн ИТХ-ын Анхдугаар хуралдааны шийдвэр, холбогдох баримт бичгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт уламжлахаар болов.