Н.Номтойбаяр 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар, Үндэсний эвслээс парламентад суусан. Тэр улс төрд эргэн ирэх гэж багагүй дуулиан шуугиан, хүчин чармайлт гаргасны эцэст жагсаалтаар А.Ундраагийн хамт УИХ-ын гишүүн болсон юм.
Өдгөө ээлжит бус чуулган хуралдаж, 2024 оны улсын төсвийг тодотгож байна. Үүнтэй холбоотойгоор намрын улс төр хэдийнэ эхэлчихлээ. Эрх баригч нам үндсэндээ АН, ХҮН намыг өөртөө "нэгтгэж", дарга нарыг нь Шадар сайд болгосноор сөрөг хүчний дуу хоолойг эвтэйхэн "боочхоод" байна. Төсөв дагасан хэд хэдэн хуулийн нэмэлт өөрчлөлт ид халуун сэдэв болчихлоо.
Атал УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын байр суурь огт сонсогдсонгүй өдийг хүрч байна.
Анх УИХ-ын гишүүний үнэмлэхийг СЕХ дээр гардуулахад тэр ирээгүй. Анхдугаар чуулганд ёс буюу тангараг өргөсөн. Түүнээс хойш хуралдаанд алдаг оног ирж үзэгдэв.
Нэгэнт МАН-ын стратеги АН, ХҮН намтай эвсэхэд чиглэчихсэн учраас бодитоор сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх нь Иргэний зориг ногоон нам, Үндэсний эвсэл л болоод буй нь хэнд ч илэрхий. ИЗНН-ын дарга Б.Батбаатар хэвлэлийн бага хурал хийж, эрх баригчдыг тогтмол шүүмжилж байгаа. Энэ намаас парламентад суусан М.Нарантуяа-Нара ч алдаж оноод УИХ-ын үйл ажиллагаанд оролцож яваа.
Атал Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хамгийн жинтэй шүүмжлэл хэлж, сөрөг хүчний үүргийг гүйцэтгэх учиртай Н.Номтойбаяр л алга. Тэр хаачив.
Үүнээс Н.Номтойбаярын УИХ-ын босгыг давсан үнэн шалтгаан юу байв гэсэн асуулт урган гарна. Эхнээсээ сураг чимээ алдарч, төсөв тодотгоход хүртэл байр сууриа илэрхийлэхгүй байгаа явдал нь тэр хэзээ гарч ирэхээр хүчээ нөөж байна, үндсэн эрх ашиг нь хэзээ хөндөгдөх вэ гэсэн эргэлзээнд хөтөллөө.
Н.Номтойбаяр МАК-иас асар их хөрөнгө босгох замаар сонгуульд идэвхийлэн өрсөлдсөн. Авлига, албан тушаалын хэргээр ял авч, дахин УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрхгүй болоод байсан нэгэн. Харин УДШ-ийн шийдвэрээр ялын зүйлчлэл нь өөрчлөгдсөнөөр нэр дэвших боломж атгасандаа жаал баярлаж байв. Эрх баригч нам ч сонгуулийн сурталчилгааны үеэр Н.Номтойбаярын эсрэг, цагдаагийн байгууллагаар дамжуулан ажиллах гэж оролдсон дүр зураг бий.
Тэгэн тэгэн УИХ-д суусан Н.Номтойбаяр одоо биш бол хэзээ улс төрөө эхлүүлэх вэ?
Г.САНСАРМАА
https://eguur.mn/523941/