Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Биндэр суманд шүдний тусламж, үйлчилгээнд хамрагдсан иргэдийг наймдугаар сард давтан шинжилгээнд хамруулахаар болжээ


Хэнтий аймгийн Биндэр суманд солонгос эмч нар ирж үнэгүй үзлэг, эмчилгээ хийх нэрийн дор ямар ч эрүүл ахуйн шаардлага хангахгүй, ариутгал халдваргүйжүүлэлтгүй багажаар иргэдэд үйлчилж, халдвар тараах эрсдэл үүсгэж, хүний амь эрсдэх нөхцөлийг бий болгож буй талаар тус сумын шүдний эмч Х.Хонгорзул манай сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Тэрээр уг асуудлаар Эрүүл мэндийн яам, Нүүр ам судлалын салбар зөвлөлд хандан өргөдөл гаргаад байсан юм.
Эрүүл мэндийн яамнаас шалгаж үзэхэд солонгос эмч нар ямар нэгэн байдлаар Эрүүл мэндийн яам, Хөгжлийн төвөөс огт зөвшөөрөл аваагүй болох нь тогтоогдсон. Тиймээс үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн яам, Нүүр ам судлалын салбар зөвлөлийнхөн Хэнтий аймгийн Биндэр суманд хяналт шалгалт явуулж буй талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өмнө нь мэдээлэл өгсөн байдаг.
“Агапе” явуулын эмнэлгийн зүгээс “Юун түрүүнд манай Явуулын эмнэлгийн үйл ажиллагаа нь ЭМС-ын 2016 оны А147 дугаар тушаалын дагуу хууль ёсны үйл ажиллагаа явуулдаг билээ. Энэ удаагийнх мөн адил хууль ёсны зөвшөөрлөө авч, сумын эмнэлгийн хүсэлтийн дагуу баг бүрдүүлэн очсон бөгөөд Хэнтий аймгийн Биндэр сумын асуудалд нэр дурдагдсан гурван солонгос эмч нь “Агапе” христийн эмнэлгийн эмч нар биш байхад нэр оролцуулан эмнэлгийн нэр хүндэд санаатай байдлаар халдаж байгаад эмзэглэж байна” гэж өөрийн эмнэлгийн цахим хуудастаа мэдэгдсэн билээ.
Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас Хэнтий аймгийн Биндэр сумын иргэдэд “Агапе” христийн эмнэлэг БНСУ-ын эмч нартай хамтран тусламж, үйлчилгээ үзүүлэх явцад үүссэн нөхцөл байдалд хууль тогтоомжийн дагуу хяналт, шалгалт хийж, илэрсэн зөрчилд үндэслэн дараахь арга хэмжээг авчээ.
Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын 2024 оны долдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар “Агапе” христийн эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргаж, тус эмнэлэгт Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу мэдэгдэл хүргүүлэв. Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн арга хэмжээ тооцож, эрх бүхий албан тушаалтны албан даалгавраар зөрчлийн үр дагаврыг арилгуулах хугацаатай үүрэг өгсөн байна. Түүнчлэн тус сумын иргэдийн шүдний тусламж, үйлчилгээнд ашигласан багаж, материалаас дээж авч, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлжээ. Биндэр суманд шүдний тусламж, үйлчилгээнд хамрагдсан 52 иргэнийг эрүүл мэндийн үзлэг, гепатитын В,С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулж, аймгийн нэгдсэн эмнэлгийн нүүр амны эмчийн хяналтад авах, шүдний тусламжтай холбоотой үрэвсэл, буглаа зэрэг халдварын шинж тэмдэг илэрвэл эмчлэн эрүүлжүүлэх, мөн тэдгээр иргэдэд давтан шинжилгээг наймдугаар сарын сүүлийн долоо хоногт дахин хийхээр шийдвэрлэжээ. “Агапе” христийн эмнэлэг нь Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн 43 иргэнд гемодиалезийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй ажиллаж байгаа бөгөөд эдгээр иргэдийг өөр эмнэлгээр хүлээгдэл, чирэгдэлгүй үйлчлүүлэх арга хэмжээг авсан байна.
Одоогийн байдлаар тус яамны зүгээс хяналт, шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд аймаг, сум, багт явуулын тусламж үйлчилгээ үзүүлж буй эмнэлэг, эмнэлгийн мэргэжилтэн, гадны байгууллага, сайн дурын ажилтнуудыг зөвшөөрөлтэй эсэх, үйл ажиллагаа явуулахдаа чанар, аюулгүй байдал, халдвараас сэргийлэх дэглэмийг мөрдөж заавар, журмын дагуу ажиллаж байгаа эсэхэд орон нутгийн эрүүл мэндийн байгууллага хяналт тавьж, явуулын тусламж үзүүлж буй байгууллага, эмч, мэргэжилтэнтэй хамтран ажиллаж байгаа тохиолдолд албан ёсны гэрээ байгуулах үүрэг өгчээ

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ