Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Халдвар тараах эрсдэлтэй бохир багажаар 52 иргэнд шүд авах үйлчилгээ үзүүлсэн “Агапе“ христийн эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцлахаар болжээ


Хэнтий аймгийн Биндэр сумын ЭМТ-ийн гэрээт эмч Х.Хонгорзул сумын ЭМТ-д сүмийн шугамаар Солонгос улсаас Агапе христийн нэгдсэн эмнэлэг гэх нэртэй эмнэлгээс 3 Солонгос шүдний эмч нар нутгийн иргэдэд эрүүл мэндийн шаардлага хангахгүй багаж, төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлж, хүний эрүүл аюулгүй байдалд халдсан асуудлаар цахим хуудастаа нийтэлж, улмаар Эрүүл мэндийн яам, нүүр ам судлалын салбар зөвлөлд өргөдөл гаргасан байдаг билээ.
Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас Хэнтий аймгийн Биндэр сумын иргэдэд “Агапе” христийн эмнэлэг БНСУ-ын эмч нартай хамтран тусламж, үйлчилгээ үзүүлэх явцад үүссэн нөхцөл байдалд Хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд үндэслэн “Агапе” христийн эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргаж, тус эмнэлэгт Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу мэдэгдэл хүргүүлжээ.
Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн арга хэмжээ тооцож, эрх бүхий албан тушаалтны албан даалгавраар зөрчлийн үр дагаврыг арилгуулах хугацаатай үүрэг өгсөн байна.
Түүнчлэн тус сумын иргэдийн шүдний тусламж, үйлчилгээнд ашигласан багаж, материалаас дээж авч, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлж байгаа аж.
Биндэр суманд шүдний тусламж, үйлчилгээнд хамрагдсан 52 иргэнийг эрүүл мэндийн үзлэг, гепатитын В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулж, аймгийн нэгдсэн эмнэлгийн нүүр амны эмчийн хяналтад авах, шүдний тусламжтай холбоотой үрэвсэл, буглаа зэрэг халдварын шинж тэмдэг илэрвэл эмчлэн эрүүлжүүлэх, мөн тэдгээр иргэдэд давтан шинжилгээг наймдугаар сарын сүүлийн 7 хоногт дахин хийхээр шийдвэрлэлээ.
“Агапе” христийн эмнэлэг нь Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн 43 иргэнд гемодиалезийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй ажиллаж байгаа бөгөөд эдгээр иргэдийг өөр эмнэлгээр хүлээгдэл, чирэгдэлгүй үйлчлүүлэх арга хэмжээг авч эхэлжээ.
Одоогийн байдлаар хяналт, шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд аймаг, сум, багт явуулын тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлэг, эмнэлгийн мэргэжилтэн, гаднын байгууллага, сайн дурын ажилтнуудыг зөвшөөрөлтэй эсэх, үйл ажиллагаа явуулахдаа чанар, аюулгүй байдал, халдвараас сэргийлэх дэглэмийг мөрдөж заавар, журмын дагуу ажиллаж байгаа эсэхэд орон нутгийн эрүүл мэндийн байгууллага хяналт тавьж, явуулын тусламж үзүүлж буй байгууллага, эмч, мэргэжилтэнтэй хамтран ажиллаж байгаа тохиолдолд албан ёсны гэрээ байгуулах үүрэг өгөөд байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ