Сэлэнгэ аймгийн уур амьсгалын тоймын сонирхолтой тоон мэдээллийг хүргэе. Агаарын температурын Олон жилийн дунджаас харахад Сэлэнгэ аймгийн нутгаар нэгдүгээр сард -21...-26 хэм хүйтэн байдаг байна.
Нэгдүгээр сарын агаарын дундаж температурын олон жилийн явцаас үзвэл 2015 оны 1 дүгээр сард Сэлэнгэ аймгийн нийт нутгаар ОЖД-аас 1–8 хэм дулаан байжээ. Энэ нь 1979 оноос хойш хамгийн дулаан 1 дүгээр сар болсон байна.
Мөн 2011 оны 1 дүгээр сард нийт нутгаар ОЖД-аас 1–9 хэмээр хүйтэн байсан нь түүхэн дэх хамгийн хүйтэн 1 дүгээр сар болжээ.
Харин сарын нийлбэр хур тунадасны тухайд Сэлэнгэ аймгийн нутгаар ОЖД-аар 1–6 мм ордог байна. Зарим жил ОЖД–аас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байдаг аж.
Тухайлбал, 1987 болон 2010 оны 1 дүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон нь түүхэн дэх хамгийн их тунадастай 1 сар болсон байна.
Харин 1993, 2020 онуудын 1 дүгээр сард харьцангуй бага хур тунадастай байснаар 1979 оноос хойш хамгийн бага тунадастай 1 сар болжээ.
2024 оны тухайд Сэлэнгэ аймгийн нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджийн орчим буюу 21-26 градус хүйтэн байх төлөвтэй байгаа бол хур тунадасны хувьд олон жилийн дунджийн орчим буюу 2-5 мм цас орох төлөвтэй байгаа ажээ.