Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДУНДГОВЬ: "Ангийн номын санч" хөтөлбөрийг дахин хэрэгжүүлнэ



С.Буяннэмэхийн нэрэмжит Дундговь аймгийн төв номын сан “Ангийн номын санч” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2023 онд Сайнцагаан сумын 5 сургуулийн 17 ангийн 434 сурагчид 527 нэр төрлийн номыг 64 удаагийн  давтамжаар олгожээ. Тус хөтөлбөрийг 2022 онд санаачлан туршилтаар хэрэгжүүлж байсан бол өнгөрсөн жил албан ёсоор хэрэгжүүлж, хөтөлбөрт хамрагдсан ангиудад маш олон эерэг өөрчлөлт гарч, үр өгөөжтэй, үр дүнтэй байсан гэдгийг ангийн багш нар, сургуулийн удирдлага, нийгмийн ажилтануудын зүгээс үнэлсэн байна.

Хөтөлбөрийн хүрээнд “Олуулаа уншья-Номтой нөхөрлөе”, “Номын санч багш-Хамтын ажиллагаа”, “Номтой эко аялал” зэрэг олон талт үйл ажиллагааг хамтран зохион байгуулжээ. Тухайлбал, "Цэгц билиг" сургуулийн монгол хэлний багш А.Буянхишиг хүүхэд хүүхдээсээ суралцах, хүүхэд төвтэй сургалтын арга зүйг ашигласнаар 7а ангийн сурагчид уран зохиолын хичээлээр үзэж буй сэдвээ баяжуулан,  аймгийн төв номын сангаас, ардын аман зохиолын ном сонгон уншиж, ханын сонин бэлтгэн, ангийн хамт олондоо хичээл заасан байна. Тэрбээр анги хамт олноороо нэг зорилго тэмүүлэлтэйгээр ном унших, номын агуулгыг ярилцах зэрэг үйл ажиллагааг ангидаа хэрэгжүүлснээр хүүхэд өөрийгөө илэрхийлэх, ярих чадварт ахиц гарсан хэмээн тодотгосон.

Эрдмийн далай цогцолбор сургуулийн 9б ангийн багш Э.Долгормаа тус хөтөлбөрийн үр дүнгийн талаар “тус хөтөлбөрт хамрагдсанаар нэн тэргүүнд сурагчдын унших чадварт ахиц гарч, сурагчид хэн нэгэн эерэг дүрээр амьдарч, буруу зөв үйлдлийг ойлгож ухаарснаас гадна гарц шийдлээ олж чаддаг болсон. Огт уншдаггүй байсан 6 сурагч ном уншиж эхэлсэн нь том амжилт” гэсэн бол Цэгц билиг сургуулийн нийгмийн ажилтан С.Нандинтуяа “Ангийн ном санч хөтөлбөрт Цэгц билиг сургуулийн 4 ангийн 122 сурагч хамрагдаж, ангиараа ном унших дадал хэвшилд суралцан, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, уншсан номын тэмдэглэлийг бүтээлчээр хийж сурсан. Цаашид номтой нөхөрлөх хүсэл эрмэлзлэлтэй болсон. “Шилдэг номын санч”-аар 9а ангийн сурагч Арвин,  “Шилдэг анги”-аар Т.Мөнхбат багштай 11а анги тус тус шалгарсанд баяртай байна. Хамгийн чухал үр дүн бол хүүхдүүд ном унших сэдэл, тэмүүлэлтэй болж бүтээлч сэтгэлгээ хөгжих боломж бүрдсэн” гэлээ.

“Ангийн номын санч” хөтөлбөрийн үр дүнд олон хүүхэд ном уншдаг болж, хүмүүжилд нь эерэг өөрчлөлт гарах зэргээр үр дүн гарсныг төв номын сангийн ажилтнууд онцолж, 2024 онд хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсныг дуулгасан юм. Тус хөтөлбөрийг дахин хэрэгжүүлснээр ирээдүйн номын санчдыг бэлтгэх, ном уншигч хүүхдүүдийн тоог нэмэгдүүлэх, номоор дамжуулан хүмүүжилд нь эерэгээр нөлөөлөх, сурлагын ахиц гаргах зэрэг олон талын ач холбогдолтой гэлээ.   
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ