Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үнэлгээний баг Дундговь аймагт ажиллажээ. Тус байгууллагаас 2005 онд баталсан Олон Улсын эрүүл мэндийн дүрмийн үндсэн чадавхын хөндлөнгийн хамтарсан үнэлгээг 11 дүгээр сарын 17-25-нд Монгол Улсад хийж байгаа бөгөөд тус ажлын хүрээнд ЭМЯ-ны Урьдчилан сэргийлэлт, хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Туяагаар ахлуулсан ажлын баг тус аймагт ийнхүү ажилласан байна.
Үнэлгээний баг аймгийн Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төв зэрэг байгууллагуудаар орж, Олон Улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилттэй танилцан уулзалт зохион байгуулсан аж. Тус багийг орон нутагт ажиллах үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр хүлээн авч уулзан, гамшгийн нөхцөл, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед авсан хариу арга хэмжээний тухай танилцуулан санал солилцлоо гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Багийн бүрэлдэхүүнд Номхон далайн баруун бүсийн төвийн эрүүл мэндийн аюулгүй байдлын мэдээлэл, эрсдлийн үнэлгээний асуудал хариуцсан менежер Др.Тамано Мацуй, мэргэжилтэн Сэлли-Анн Охэнэ, Руфино Франциско, Японы ХӨҮХ-ийн талбарын тархвар зүйн судалгаа, мэргэжлийн хөгжлийн төвийн эпидемийн судалгаа, сургалт дадлагын хэлтсийн дарга Томоэ Шимада, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Б.Дуламрагчаа нар багтсан аж.