Нийслэлийн прокурорын газраас хууль бусаар газар орны нэр өөрчилсөн Баян-Өлгий аймгийн 14 албан тушаалтанд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 19.16 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар газар орны нэр өөрчлөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Эл хэрэгт 2016 оноос хойш саяхныг хүртэл Баян-Өлгий аймгийн ИТХ-ын болон Засаг даргаар ажиллаж байсан Д.Бауыржан, 2016-2020 онд Баян-aлгий аймгийн Засаг дарга байсан, АТ ̄Т-ийн дэд дарга зэрэг албан тушаал хашсан А.Гылымхан, тус аймгийн Засаг даргын нийгэм, эдийн засгийн салбар хариуцсан орлогч А.Камелият, 2016-2020 онд ИТХ-ын нарийн бичгийн дарга асан А.Серикболат, УлаанХус сумын Засаг дарга О.Нурлан, Ногооннуур сумын Засаг дарга К.Хуаниш, Сагсай сумын Засаг дарга С.Хонаев, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бекжан, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга a.Хуралай, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болат, Улсын бүртгэлийн газрын дарга С.Арман, ИТХ-ын ажлын албаны эрх зүйн ажилтан Т.Аршагүль, Цэнгэл сумын Засаг дарга Д.Ербол, Цагааннуур тосгоны захирагч П.Есболат гэсэн 14 хүнийг Эрүүгийн хуулийн 19.16-1 дэх хэсгийн “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хилийн цэс, газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичиг, газар зүйн зурагт өөрчилсөн” гэх заалтын дагуу яллагдагчаар тооцсон юм. Улмаар гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Дээрх хүмүүс Улаанхус, Дэлүүн, Сагсай сумд шинээр баг байгуулахдаа улсын бүртгэлд казах нэрээр оруулсан нь тогтоогдоод буй.
Хил хамгаалах байгууллагынхны хийсэн судалгаагаар Баян-Өлгий аймагт уламжлалт монгол газар,усны нэрийн 85 хувийг казах болгочихсон, эсвэл казах аялга оруулсныг тогтоосон гэдэг. Тухайлбал, Цагаан голыг Аксул, Таван богдыг Бесбогда, Хар ямаатыг Хар жамат гэх мэтээр шууд казах болгож, өөрчилснийг тогтоосон билээ.
2017 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гаргасан зарлигтаа "Уул ус, газар нутгаа эрх бүхий байгууллагаас баталсан нэрээр зөв нэрлэж занших, өөрчлөн буруу нэршихээс сэргийлэх, монгол хэлнээс бусад хэлээр орчуулах буюу бусад хэлний дуудлагаар галиглахгүй байхыг Монгол Улсын нийт иргэд, байгууллагад уриалсугай" гэжээ.
Эрүүгийн хуулийн 19.16 дугаар зүйл.Хууль бусаар газар орны нэр өөрчлөх
1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хилийн цэс, газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичиг, газар зүйн зурагт өөрчилсөн бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.