Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ОРХОН: А.Дэмбэрэл: Газарзүйн шинжлэх ухааныг судалсан сурагч тогтвортой хөгжлийн зорилтыг ойлгоно

2022-2023 оны хичээлийн жилд газарзүйн хичээлээр ЭЕШ-д улсын хэмжээнд нэг сурагч 800 оноо авсан. Түүнийг бэлтгэсэн залуу багш А.Дэмбэрэлтэй ярилцлаа. Тэрбээр 2019 оныг Монгол Улсын Боловсролын их сургуулийг газарзүйн багш мэргэжлээр төгсөж, 2020 онд Эрдэнэт хотын 5 дугаар сургуульд багшилж эхэлжээ.

-Яагаад Эрдэнэт хотыг сонгов? Залуучууд хөгжих боломжтой гээд Улаанбаатар хотдоо үлддэг.
-Оюутан байхдаа Дархан, Эрдэнэт хоёрыг судалсан. Үүнээс Эрдэнэт хот ажиллаж, амьдрахад тайван бас илүү тухтай санагдсан. Анхнаасаа л хөдөө явж ажиллана гэж бодож, төлөвлөж байсан. Бас өөрийнхөө сурсан, мэдсэн зүйлийг орон нутгийн хүүхдүүдэд заахыг хүссэн. Хүүхэд бүрд боломж байдаг шүү гэдгийг ойлгуулахыг зорьж байна.

-Эрдэнэт тэгээд ямар байна вэ?
-Бүх зүйл нь цэгцтэй, ойлгомжтой. Би анх ирэхдээ нэг ч таних хүнгүй галт тэрэгнээс буугаад багшийн сонгон шалгаруулалтад орж байсан бол одоо олон найз, нөхөдтэй болсон. Энэ хотод  ажиллаж, амьдрахдаа дуртай байдаг.

-Та яагаад газарзүйн багшийн мэргэжлийг сонгов? Энэ мэргэжлийг сонгоход хэн нэгэн нөлөөлсөн үү?
-Би дунд сургуульд сурч байхдаа л газарзүйн хичээлд дуртай байсан. Бас хувь хүн маань сонсдог биш илүү ярих дуртай, аялах дуртай учраас сонгосон. Их сониуч гэх юм уу даа. Дөрвөн ханын дунд суугаад ажилладаг биш хээрээр явж судалгаа хийж, амьдралын олон зүйлстэй танилцаж ажиллах нь таалагддаг. Миний занд тохирох байх гэж бодож сонгосон. Оюутан байхдаа бүс нутгийн болон хөрсний дадлагад явахад мэргэжилдээ бүр илүү дурласан.

-Газарзүйн хичээлээс сурагчдын мэдэж аваасай гэж хүсэж байгаа зүйл нь юу байдаг вэ?
-Хүн бүр л нийгмийн харилцаанд орж байгаа. Газарзүйн хичээл нь байгаль, нийгмийг холбож өгдгөөрөө онцлог. Ер нь хамгийн их төлөвшил, зөв хандлага, ёс зүйтэй хүн энэ шинжлэх ухааныг сонирхож судалдаг юм шиг санагддаг. Яагаад гэвэл, энэ хичээлээр байгаль орчин, хүрээлэн буй ертөнц, нийгмийн бүхий л асуудлыг хөндөж ярьж, түүх, соёлыг нь судалдаг учир эх дэлхийдээ хайртай хүн л сонирхдог болов уу гэж би хувьдаа боддог. Байгаль дэлхий, хүнтэй хэрхэн зөв харьцахыг заадаг. Тиймээс хүнийг “Хүн” болоход нь илүү тусалдаг гэж хэлж болно. Бас газарзүйн шинжлэх ухаан нь хүнлэг иргэнийг “бүтээдэг” гэж боддог.

-Таны мэргэжлийнхээ онцлог, давуу тал болон түүндээ сурагчдаа, хүмүүсийг татан дурлуулж байгаа чинь таалагдаж байна.
-Баярлалаа. Орхон аймгийн хэмжээнд газарзүйн хичээлээр 800 оноо авсан тохиолдол байдаггүй юм билээ. Бас сүүлийн 20 жилд Орхон аймаг газарзүйн олимпиадаас медаль авч байгаагүй гэсэн. Би шавьдаа 10 дугаар ангид байхад нь энэ чиглэлээр гүнзгийрүүлж судалбал яах вэ гэж санал тавьсан. Шавь маань үнэхээр шантрахгүй энэ бэрхшээлийг давж чадахаар юм шиг санагдсан. Тэгээд  бэлдсэн. Шавь маань үнэхээр шантраагүй. Үр дүн нь ЭЕШ-д ганцаараа 800 оноо авч, улсын олимпиадад гуравдугаар байрт орж МУИС-д суралцах урилга аваад одоо аялал, жуулчлалын чиглэлээр сурч байгаа.

-Газарзүйн багш мэргэжлээр суралцах оюутны тоо ер нь хэд байдаг вэ? Таныг сурч байхад хэдэн оюутан төгсөж байв?
-Зөвхөн өөрийнхөө сургуулийн хэмжээнд ярихад, манай  сургуульд газарзүйн багш мэргэжлээр сурч байсан 78 оюутнаас 68 нь төгссөн.  Гэхдээ энэ хангалттай тоо биш л дээ. 

-Яагаад?
-Хэрэв газарзүйн багш нарын долоо хоногт орох цагийн хуваарийг нэмбэл нэг сургуульд ядаж л гурван багш байх боломжтой. Манай сургуульд газарзүйн хоёр багш бий. Одоогийн байдлаар ажлын байр хомс учир энэ мэргэжлийг  хүмүүс  сонгох нь багасаад байх шиг байна.

-Хэддүгээр ангиас нь газарзүйн хичээл ямар давтамжтай ордог вэ?
-Долоогоос есдүгээр ангид долоо хоногт нэг удаа л ордог. Дөчхөн минутад бүтэн шинжлэх ухааны мэдлэгийг олгоход хэцүү, давчуу байдаг. Бас 12 дугаар ангид заавал судлах хичээлийн тооноос хасчихсан. Яагаад хүмүүсийн байгаль орчноо хайрлах, хамгаалахыг зааж сургадаг хичээлийг ийм үнэ цэнгүй болгож байгааг ойлгодоггүй. Дэлхий нийтээрээ Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг ярьж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд байгаль орчин, газарзүйн шинжлэх ухааны суурь мэдлэгтэй хүн л хэрэгжүүлнэ, ойлгуулна.
Газарзүйн шинжлэх ухаан нь хими, физик, биологи, түүх, нийгмийн шинжлэх ухаантай холбогдож, уялддагаараа онцлог. Тэгсэн хэрнээ бусад хичээл шиг ЭЕШ, олимпиадад өндөр оноо авах, амжилт гаргах, үр дүнтэй байхыг шаардаад байдаг. Агуулга багассан, хичээлийн цаг нь цөөн бас тав, зургаадугаар ангиас бус бүр долоодугаар ангиас нь энэ хичээлийг зааж байна шүү дээ.

-Сая манай аймагт Ерөнхий сайдтай хамт Боловсрол, шинжлэх ухааны сайд ирсэн. Энэ үед та нар газарзүйн хичээлийн цагийн талаар ярих боломж байсангүй юу?
-“Монголын газарзүйн багш нарын холбоо” энэ асуудлыг удаа дараа хэлж, хандаж байсан юм билээ. Цагаа нэмэгдүүлэх чиглэлээр аймаг бүрээс санал ирдэг гэж байсан. Холбоо маань цааш нь уламжилсан гэсэн. Нэмэгдэх болов уу гэж найдаж байна.

-Та сурагчдыг энэ хичээлд дурлаж, сонирхох, идэвхтэй оролцоход нь ямар арга барил ашигладаг вэ?
-Би хүүхдүүдэдээ бүр эхнээс нь заадаг. Жишээ нь 10 дугаар ангидаа энэ хичээлийг сонирхдоггүй байсан хүүхэд 11 дүгээр ангидаа судалж эхэлбэл бүр анхан шатнаас нь заадаг. Газарзүйн хичээл чиний өдөр тутмын амьдралд хэрхэн ашиглагдаж байгаагаас эхэлдэг. Бас даалгавар болон туршилтад суурилсан аргазүйг ашигладаг. Манай сургууль газарзүйн лабораторитой учир сурагчидтайгаа дадлага ажлыг сайн хийдэг. Бас эко аялал байнга хийдэг. Тиймээс энэ мэргэжлийг сонгох сонирхолтой хүүхдүүд нэмэгдэж байна. Жишээ нь, дадлага ажлаар, нарны өндөр, сүүдрийн хэмжилт хийлгэх, 6 дугаар сарын 22, 9 дүгээр сарын 22-нд цаг агаар ямар байдаг, яагаад энэ өдрийг тодотгож байгаа талаар заадаг. Энэ бүхэн тэдэнд сонирхолтой учраас л дурлаж эхэлдэг.

-Та өөрийгөө хөгжүүлэх,  суралцахуйд хэрхэн суралцаж байна вэ?
-Өөрийгөө тасралтгүй хөгжүүлэхийг хичээдэг. Сар бүр нэг ном уншиж түүнийхээ талаар тэмдэглэл хөтөлж бас хэлэлцүүлэг оролцдог. Багш нарынхаа сургалтад байнга хамрагдаж шинэ мэдээлэл олж авдаг. Мөн олимпиадын бүх номыг уншиж судалж сурагчдаа цаашид хэрхэн яаж бэлдэх вэ гэдэгтээ анхаардаг.
Би өглөө 5.00 цагт босч цахимаар англи хэлнийхээ хичээлд суугаад 7.00 цагт ажилдаа очдог. Хичээл эхлэхээс нэг цагийн өмнө ирж өдрийнхөө ажлуудыг төлөвлөдөг. Миний анхаарал, бүтээмж өглөө байдаг учир энэ цагаа зөв ашиглахыг хичээдэг. Бас цахим сургуульд багшилж байгаа. Өдөр 3-5 цагийн хооронд цахимаар сурагчдадаа хичээлээ заана.

-Багш шинжлэх ухааны мэдлэгийг эхлээд заах ёстой юмуу эсвэл цаашид суралцахуйд сурах арга барилыг нь заах ёстой юм уу, та юу гэж бодож байна?
-Аливаа хичээл амьдралд нь хэрхэн хэрэг болдог, яаж ашиглагдаж байгаагаас эхлэх нь зөв гэж боддог. Энэ шинжлэх ухааны мэдлэг чиний амьдралыг хэрхэн өөрчилж чадах вэ гэдгийг ойлгуулж чадвал хүүхэд бүр хичээлдээ дуртай байна. Сонирхож ч эхэлнэ. Цаашид сурахын төлөө чармайна. Сурах арга барилаа олж авч эхэлнэ. Тасралтүй сурахад суралцана. Мэдлэгийг сонсоод, ойлгоод өнгөрөх бус цаашаа илүү судлахын төлөө эрмэлзэнэ. Амьдрал бол тасралтгүй суралцах үйл гэдгийг хүүхдүүд багаасаа ойлгож, мэдээсэй гэж боддог. Иймд сурагчидтайгаа зорилго, мөрөөдлийн талаар ярилцах дуртай. Түүндээ хүрэхийн тулд өдөр тутамдаа юунд суралцах ёстойг зааж, зөвлөдөг. Зорилготой хүн бэрхшээлийг хэрхэн давж байгаа талаар тэдэнтэй ярилцаж, санал бодлыг нь сонсох дуртай.

Мөн сурагчдын өөрсдийнх нь хийсэн, бичсэн зүйлийнх нь талаар яриулж сонирхлыг нь татдаг. Хичээлээ аль болох чөлөөтэй буюу сурагчдынхаа ярих, хэлэх, бичих, үгээ хэлэх, санаагаа илэрхийлэхийг нь нээлттэй орхиж оролцоог нь нэмэгдүүлэхийг хичээдэг. Чи суу, чимээгүй бол гэхэд хүүхдүүд хэзээ ч сурдаггүй. Тиймээс ангидаа чөлөөтэй байж өөрийнхөөрөө байх боломжийг олгохыг хичээдэг.

-Ярилцсанд баярлалаа. Танд Багш нарын баярын мэнд хүргэе.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ