Ард түмэн “Ангайтал луйварддаг Анандбазар” гэдэг нэр хүртэл өгчээ
Хүрээний бузрыг яривал далай, далай гэдэг шиг явдал суудал, үг, үйлдэл бүхэн нь хазгай, булхай луйвар болсон хүн бол Ц.Анандбазар. Эрх баригч намын удирдлага энэ сонгуульд муу түүхгүй, нэр цэвэр хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэсэн хэрнээ Ц.Анандбазарыг Булган руу явуулсан нь хамгийн муу сонголт байсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Үүнийг батлах мэт Ц.Анандбазар сонгуулийн сурталчилгаандаа хүртэл улайм цайм худлаа ярьж, гал үлээх, газар гишгэхээс бусдад нь итгэлтгүй, юу гэж ч худлаа ярьж, хуурч, залилж, луйвардаж мэдэх хүн гэдгээ харуулсаар яваа. Ямар сайндаа түүнд олон нийт “Ангайтал луйварддаг Анандбазар” гэсэн нэр өгөх вэ дээ. Бид энэ удаа ангайтал луйварддаг Ц.Анандбазар гэгч хэн болох, түүний холбогдож байсан хэргүүдийн талаар эргэн сануулах мэдээлэл бэлтгэлээ.
2019 он: Сүүлийн үеийнхээс нь эхэлье. Тэр МИАТ-ийн дэд захирал Н.Энхбаатарт авлига өгч байгаад баригдсан. Н.Энхбаатарыг бусдаас их хэмжээний авлига авсан хэргээр АТГ-аас саатуулан, шалгахад Ц.Анандбазар гадаад руу зугтсан юм. Үүнийг нь УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр ч нотолж, УИХ-ын чуулганы танхимд “Японы хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Шинэ нисэх онгоцны буудал гэдэг томоохон төсөл сүүлийн арваад жилд хэрэгжиж байгаа. Энэ зээлийн хүрээнд 5.3 сая иень буюу монголоор 125 тэрбум төгрөгийн нефть бүтээгдэхүүн хадгалах байгууламжийг барьж ашиглалтад оруулахад бэлэн болсон. Үүнийг Концессын тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалт зарлаж, шаардлага хангасан компанид ашиглуулах ёстой байтал “Сод Монгол” компанитай шууд гэрээлэхээр болсон. Үүний дараа МИАТ-ийн дэд захирал “Сод Монгол”-ын Ц.Анандбазараас 500 сая төгрөг бэлнээр авч байгаад гардуулсан гэсэн мэдээлэл явсан. Энэ мэдээлэл Засгийн газрын дээрх шийдвэрээс 14 хоногийн дараа гарсан. Үүнийг учир холбогдолтой гэж үзэж байгаа. Ц.Анандбазар ч гэсэн тэр үед гадагшаа зугтаасан. Надад нотлох баримтууд нь байгаа” хэмээн мэдэгдэж байлаа. Гэтэл Ц.Анандбазар авлигын хэрэгтээ шийтгүүлэх бүү хэл УИХ-д нэр дэвшин, залилж, луйвардах ажлаа илүү өндөр түвшинд гүйцэтгэхээр улайрч яваа нь ариун явдал уу.
2012 он: Тэрээр 2008 оны сонгуульд нэр дэвшихээр горилж явахдаа “Би Булганых” хэмээн тус аймгийн сонгогчдыг тойлдог байсан. Тэгснээ тухайн үеийн УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очиртой нударга зөрүүлж, хутга шөвгөндөө тулсан гэсэн хэл аманд ороогдоод тэр жил УИХ-д дэвших эрх намаасаа авч чадаагүй тэрбээр нийслэлийн ИТХ-д Сонгинохайрхан дүүрэгт дэвшиж, “Би нэгдүгээр хорооллын хүүхэд” хэмээх болсон. 2012 оны сонгуулийн өмнө мөн л нутгаа өөрчилж, “Би Дорноговийн Сайхандулаан сумынх” гэчихсэн таваргаж явсан. Дорноговьд нэр дэвших бэлтгэлээ хангаж, Дорноговийнхонд гурил, будаа тарааж баахан явсан тэрбээр МАН-аас тус аймагт нэр дэвших мандатаа авсан ч АТГ-т шалгагдан, хоригдож байв.2010 он: ОХУ-аас шатахуун импортолдог компаниудаас зөвхөн “Сод Монгол” групп МИАТ-д онгоцны шатахуун нийлүүлэх дархан эрхтэй, тус группийнхэн зах зээл дээр онгоцны шатахууны ханш тонн тутамд 710 ам.доллар байхад МИАТ компанид 1065 ам.доллароор шахдаг талаар УИХ-ын гишүүд “Ц.Анандбазар орос түншүүдээрээ Эрдэс баялаг, эрчим хүчний яамныхныг дарамтлуулсан” хэмээн бухимдацгааж байв.
2003 он: Ц.Анандбазарыг 2003 оны тавдугаар сард албадан саатуулж, ШШГЕГ-ын харьяа Ганцхудагийн урьдчилан хорих төвд хорьж байв. Тухайн үед холбогдох эх сурвалжууд “Ц.Анандбазарыг рецедив гэмт хэрэгтнүүдтэй бүлэглэн бусдыг дарамталсан гэх хэрэгт сэжиглэн, эрүү үүсгэн шалгаж байгаа” хэмээн тайлбарлаж байлаа.
Ц.Анандбазар “Сод Монгол” группийн төлөх ёстой өрийг үгүй хийх, өрөө төлөхгүйн тулд дээрх өртэй тэнцэхүйц хэмжээний ашиг олох зорилгоор иргэн Р.Батбаярыг хүч хэрэглэн заналхийлж, айлган сүрдүүлсэн гэдэг. Мөн 2002 онд иргэн А.Лхагвасүрэнг хувийн шинжтэй маргааны улмаас зодож, хүндэвтэр гэмтэл учруулжээ. Түүний үйлдсэн гэмт хэрэг хангалттай баримт, гэрчийн мэдүүлгээр нотлогдож, Улсын мөрдөн байцаах газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2, 166.2-т зааснаар ял төлөвлөж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн ч хэргийг тодорхойгүй шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон аж.
2002 он: “Сод Монгол” групп 2001-2002 онд татварт ногдох орлогоо нууж, 152 сая төгрөгийн орлогын албан татвараас зайлсхийсэн байна.
2001 он: Дорноговь аймгийн нефть хангах баазын нэрийг барьж, 1.067.000 төгрөгийн өртөг бүхий ажлын хувцсыг шатахуун түгээх станцдаа авч ашигласан нь тухайн үед нотлогдож байж.
2000 он: Ц.Анандбазар НИК ХК-ийн дэд захирал байхдаа “Чандмань холдинг” компанийн албан бланкийг ашиглаж, НИК ХК-иас шатахуун хүссэн тухай хуурамч албан тоот үйлдэж, дээрх компанийн захирал О.Бяруузаны гарын үсгийг хуурамчаар үйлдэн, 91.5 сая төгрөгийн шатахууныг төрийн өмчит НИК ХК-аас авч “Сод Монгол”-ын данс руу хууль бусаар шилжүүлсэн гэдэг.
1999 он: Найз Д.Чинзоригийнхоо бизнесийг булаав. Ц.Анандбазарын багын найз Д.Чинзориг тэр үед “Сод Монгол” гэж шатахууны бөөний худалдааны компанитай байв. Ц.Анандбазар “Сод Монгол групп” гэж ижил нэртэй компани байгуулан Д.Чинзоригийн “Сод Монгол” компанийн авлагуудыг өөрийнх рүүгээ шилжүүлж авсан байдаг. “Сод Монгол” ХХК-ийг үүсгэн байгуулсан Д.Чинзориг “1999 онд байгууласан "Сод Монгол групп” гэх компанийн бичиг баримттайгаар Төмөр замын удирдах газар очиж миний 1996 онд байгуулсан "Сод Монгол” ХХК-ийн авах ёстой байсан 20 сая төгрөгийн гүйлгээг өөртөө авчихсан.
Мөн "Эрэл” хувьцаат компаниас манай компанийн авах 50 сая төгрөгийг "Би ерөнхийлөгч нь байна” гэж хэлж аваад Р.Содхүүд өгсөн байдаг. Дараа нь өнөөх Р.Содхүү нь УИХ-ын гишүүн болсон. "Сод Монгол” ХХК болон "Сод Монгол групп”-ийн данс, актууд хүртэл ялгаатай байхад ингэж манай өмнөөс гүйлгээ хийсэн” хэмээн ярьсан нь хэвлэлийн шарласан хуудсанд хадгалагдан үлджээ.
Д.Чинзориг найздаа хууртсанаа мэдэж, Ц.Анандбазарыг хуулийн байгууллагад өгч, түүний гэмт үйлдлүүд нотлогдон, хоригдож, ял авах дээрээ тулж байсан ч Ц.Анандбазар шоронд сууж байхдаа цагдаа нартай Д.Чинзоригийн татвараас нуусан мөнгийг илчлэх тохироо хийж суллагдсан гэдэг. ТЕГ-аас аж ахуйн нэгж, байгуулагуудын нэрийг давхардуулахгүй байх журам гаргасан нь Ц.Анандбазарын үйлдсэн хэргээс хаширсных юм.
Энэ мэтчилэн явсан, суусан газар бүртээ балаг тарьж явдаг Ц.Анандбазар улс төр, бизнесийн салбарт удсан хэрээрээ хар бараан түүх зузаантай. Байс хийгээд л шүүх цагдаад дуудагдаж, хоригдож, саатуулагдаж явдаг түүний талаарх хар бараан яриаг багтаана гэвэл сонины талбай багадна. Хулгай, дээрмээс эхлээд авлига, хахууль хүртэлх бүх л гэмт хэрэгт нэр нь холбогддог, худлаа ярих, хуурч мэхлэхийг юман чинээ боддоггүй Ц.Анандбазарт Булганыхан хууртах вий дээ.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин