Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хурдан морины уралдаан гурав дахь өдрөө Хүй долоон худгийн торгон ногоон дэвжээнд боллоо.
Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд нийт 220 хурдан хүлэг бүртгүүлж, 22 км-ийн цаанаас эргэсэн.
Үүнээс Дархан-Уул аймгийн Дархан сумын алдарт уяач Г.Ариунболдын хурдан хээр үрээ түрүүлэн ирж, түмэн олныг баясгаж, төрийн их баяр наадамд түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ. Аманд хүзүүнд Орхон аймгийн алдарт уяач Ч.Батжаргалын хурдан хонгор зээрд үрээ, айргийн гуравт Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Баттулгын Наранбатын халтар, айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын алдарт уяач Санжаагийн Бямбасүрэнгийн хүрэн, айргийн тавд Дундговь аймгийн Сайнцагаан сумын уяач Одонбаатарын Болдсүхийн ухаа соёолон хурдалж, түмэн олноо баясгалаа.