Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Б.Даваа-Очир: Анх цол авахдаа аавтайгаа дөрвийн даваанд таарсан


“Зууны мэдээ” сонин энэ удаагийн "Дугаарын зочин"-оор Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ, “Сүлд” спорт хорооны бөх Улсын начин Б.Даваа-Очирыг урилаа.
 
-Та сүүлд Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 100, 101 жилийн ойд зориулсан барилдааны шөвгийн наймд үлдсэн. Энэ барилдааны тухай ярилцлагаа эхлэе? 
-Намраас хойш заал, танхимын барилдаанд тогтмол барилдахыг хичээлээ. Дөрвөн барилдаанд л барилдаагүй бусдад нь зодоглосон байна. Сая болсон эрчим хүчний ойд зориулсан барилдаанд зургаагийн даваанд аймгийн арслан Э.Мөнхжаргалтай таарч тахим буулгасан. Би улсын цолонд хүрснээсээ хойш заалны барилдаанд түрүүлэхсэн гэж хичээдэг болсон. Харин оны өмнө улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд анх удаа түрүүлж, тэрхүү хүслээ биелүүлсэн шүү.
 
-Үзэгчид уран барилдаан үзэх дуртай. Таны барилдаан  их шуурхай харагддаг? 
-Барьцандаа хүрээд шуурхай барилдахыг хичээдэг. Гэхдээ барилдаан бүр санаснаар болдоггүй. Заримдаа удаан барилдах үе гарна. Дархан мэхтэй болохын төлөө хичээж л явна. Би хөл мэх түлхүү хийдэг. Тухайлбал, мордох, хавирах, хутгах. Сүүлийн үед хүчний бэлтгэлдээ шамдаж байгаа. Долоо хоногийн хоёр өдөр чөлөөт бөхийн бэлтгэлд хамрагдаж байна.
 
-Таны аав аймгийн начин. Бөхийн эрдмийг анх ааваасаа л сурсан байх даа? 
-Миний бага нас хөдөө өнгөрсөн. Аав намайг хүүхэд байхаас барилдаан бүртээ дагуулж   явдаг байлаа. Тэгээд л бөхийн спортод татагдаж, эргэлт буцалтгүй орсон доо. Аав үргэлж “Миний хүү том бөх болно” гэж ерөөдөг байлаа. Сургуульд ороод ангийнхантайгаа их ноцолдсон. Хувцсаа ураад ээждээ загнуулж байсан удаатай. Ингэж л бөхийн спортод дурласан. Аав бид хоёрт бөхийн тухай олон дурсамж бий.
 
-Аавтайгаа хэр ноцолддог байв. Анх сумын цол хүртээд аавдаа үнсүүлэхэд ямар мэдрэмж төрж байв? 
-Анх 2010 онд төрөлх сумынхаа наадамд зодоглож, намчин цол хүртсэн. Тэр жил цол авахдаа аавтайгаа дөрвийн даваанд таараад, давж билээ. Их сонин мэдрэмж байдаг юм билээ. Аавыгаа даваад туг тойроход огших мэдрэмж төрж байсан. Хаин дараа жил нь Их-Уул сумынхаа 80 жилийн ойн баярт одтой сайхан наадаж, заан цолны босго алхсан. Ингээд хоёр жилийн дараа аймгийн начин болж, 2015 онд аймгийн арслан цолоо хүртсэн түүхтэй. Харин 2018 онд төрийн наадамдаа тав давж улсын цолтны  эгнээнд багтсан. Төв аймгийн Баянхангай сумын харьяат Б.Батмөнх заанаар тав давсан. Заан ах  элэг бүсээ тайлаад  “Дүү улам сайн барилдаарай” гэж захисан. 
 
-Тэр жил төрийн наадмын хамгийн залуу начинд олгодог даагыг хөтөлж байсан бил үү? 
-Үнэхээр сайхан дурсамж шүү. Учир нь 25 насандаа 25 дахь даагаар шагнуулж билээ. Начин болчихоод Ерөнхийлөгчөөс үнэмлэх, тэмдгээ гардах сайхан байсан. Тэр жил бэлтгэл сайн байсан учир улсын цол авна гэдэгтээ итгэлтэй байсан. Харин зургаагийн даваанд Н.Жаргалбаяр заан намайг таван бөхөөс амласан. Тухайн үед төлөвлөсөн барилдаанаа гаргаж чадаагүй, золгоод л уначихсан. Харин 2017 оны наадамд Э.Оюунболд арслантай дөрвийн даваанд таарсан. Их хүч шавхсан барилдаан болж байлаа.
 
-Танай удамд өөр барилддаг хүн бий юу? 
-Аавын маань эгчийн хүүхэд сумын заан цолтой. Харин ээжийн талд бөхийн удам байхгүй. Эрдэм боловсролтой, салбар салбарт амжилттай яваа номын мөр хөөсөн хүмүүс бий. Харин би хүүхэд байхдаа том цолтой бөхчүүдийн барилдааныг үзэж өссөн. Тэр үеэс л бөх болохсон гэж мөрөөддөг байсан. Мөн хүүхэд байхдаа чөлөөт, жүдо, самбо зэрэг бөхийн бүхий л төрөлд өөрийгөө сорьсон. Чөлөөт  бөхөөр Азийн аваргад хүртэл оролцож байлаа. Харин 2009 онд  улсын арслан Х.Мөнхбаатар багшийгаа дагаж хотод бэлтгэл хийхээр ирсэн.
 
-Та аймгийн арслан байхдаа эрэмбэ дээгүүр байсан.  Олон ч гал гарсан барилдаан хийж, үзэгчдийн огшуулж байсан даа? 
-Аймгийн цолтой байхдаа чансаагаараа үргэлж нэг, хоёрт эрэмбэлэгддэг байсан. Одоогийн улсын харцага Н.Золбоо бид хоёр ээлжлээд л тэргүүлнэ. Би аймаг цэргийн цолтнуудын барилдаанд үзүүрлэж, түрүүлж байсан туршлага бий. Мөн их шөвөгт нэг удаа үлдэж байлаа. Харин шөвгийн наймд  зургаан удаа үлдсэн. Аймгийн цолтой байхдаа олон амжилт гаргасандаа баярладаг.
 
-Бэртэл аваад хэсэг хугацаанд барилдаагүй. Эргээд дэвжээндээ ирэхэд ямар мэдрэмж төрж байв? 
-Бэртэл гэмтэл амжилтад сөргөөр нөлөөлдөг. Би 2016 онд аймаг, цэргийн барилдаанд түрүүлчихээд бэртэл авсан. Жил гаруй хугацаанд барилдалгүй, эмчлүүлсэн. Эдгээд дэвжээнд гарахад сэтгэлзүй өөрчлөгдсөн байдаг юм билээ.. 
 
-Жил өнгөрөх тусам үндэсний бөхөөр барилдах залуус нэмэгдэж байна. Сайн барилдахын тулд бэлтгэлээс гадна сахилга бат их чухал санагддаг? 
-Би завтай үедээ барилдааны бичлэг их  үздэг. Тухайн бөхөд зориулж мэх бэлдэнэ гэж байхгүй. Яг барилдах үеийн нөхцөлдөө тааруулж мэдрэмжээрээ мэх хийнэ. Үндэсний бөх нэг үеийг бодвол  сайн хөгжиж байна. Харин сэргээшийн асуудал  цэгцэрчихвэл л шударга болно. Үүнээс хол байхын тулд тамирчин хүнд сахилга бат чухал. Үнэхээр хэрэглэчихсэн бол булзааруулах нь утгагүй. Шинжилгээний явц үнэн байдаг.
 
-Амжилт гаргах нь багштай салшгүй холбоотой? 
-Хөндлөнгөөс харахад би л амжилт гаргасан мэт харагддаг. Гэтэл миний ард гэр бүл, багш, бэлтгэлийн хамт олон,  найз, ах нар, компани гээд олон хүний дэмжлэг бий. Би ганцаараа хичээгээд амжилт гаргахгүй. Анх Монгол Улсын заан С.Хүрэлбаатар багшийн үүсгэн байгуулсан “Хөвгөлийн хүчтэн” дэвжээндээ бэлтгэл хийж байлаа. Манай нутгийн 10 гаруй залуу байрлаад бэлтгэл хийдэг байсан. Харин 2015 оноос Г.Элбэг багшийн удирдлага дор таван жил бэлтгэл хийсэн. Мөн гавьяат тамирчин н.Алтангэрэл ах дээрээ хүчний бэлтгэлээ хангаж  байлаа. Харин энэ жил Чөлөөт бөхийн ОУХМ, аймгийн арслан С.Мөнхсүх ахын бэлтгэлд хамрагдаж байна.
 
-Барилдаж эхэлсэн цагаасаа хойш хэдэн зодог шуудаг илээсэн бэ?    
-Барилдаж эхэлсэн цагаасаа хойш найман зодог шуудаг илээсэн байдаг. Зарим бөхчүүд өмнөх зодог шуудгаа хадгалдаг юм билээ. Харин би найз болоод дүү нартаа өгчихдөг.
 
-Бөхчүүд бие биенээ их хүндэлдэг. Таны хувьд үлгэр жишээ авдаг бөх бий юу? 
-Бөх болох нь ховор тохиох  хувь заяа гэж би боддог. Үндэсний бөхийн спорттой холбогдоод багагүй төлөвшилд суралцсан байна. Мөн эр хүнд байх сайхан зан чанаруудад суралцсаар явна. Бөхчүүдийг үргэлж үнэнч, шударга байгаасай гэж боддог. Мөн цаг сайн барьдаг, жудагтай, даруу төлөв зантай байх хэрэгтэй. Үндэсний бөхийн бүхий л цол сайхан. Гэхдээ гарьд цол илүү  санагддаг юм. Ер нь  том цолтой бөхчүүдээ их хүндэлнэ. Заан Б.Пүрэвсайхан, харцага Т.Өсөх-Ирээдүй гээд л. Эдгээр уран барилдаантай бөхчүүдийн  барилдааныг нь үзэх дуртай. Мөн улсын начин М.Эрдэнэбат ахаасаа суралцдаг.
 
-Наадам ч хаяанд ирлээ. Хэзээнээс бэлтгэлдээ гарахаар төлөвлөж байна? 
-Наадам хоног хоногоор ойртож байна. Бөхчүүд ч бэлтгэл, сэтгэлзүйгээ чамбайруулж байгаа. Манай нутгийн  бөхчүүд жил бүр өөр, өөр газар бэлтгэлд гардаг. Төв аймгийн Батсүмбэр суманд гурван жил галд гарсан. Мөн говийн амралтад ч гарч байлаа. Харин энэ жил хаана гарах нь тодорхойгүй байна. Энэ сарын дундуур хаашаа гарах нь тодорхой болох байх. Галын бэлтгэлдээ гараад  наадмаас хоёр хоногийн өмнө ирнэ дээ.
 
-Мэдээж бөх хүний зорилго цолоо ахиулах шүү дээ. Энэ жил бодсон, төлөвлөсөн зүйл их байгаа байх? 
-Төрийн наадамдаа шөвгөрч цолоо батлахыг хүсч байна. Багш нарынхаа үгэнд орж, сахилга баттай байвал амжилт ойрхон байгаа. Төрийн наадам бол хариуцлагатай. Заал танхимын барилдаантай харьцуулшгүй. Учир нь заалны барилдаан долоо хоног бүр болж байна. Харин төрийн наадам жилдээ нэг удаа л болдог. Бөх бүр наадамд зориулж  бэлтгэл хийдэг. Тиймээс хийсэн бэлтгэлийнхээ үр шимийг энэ жил л үзмээр байна.
 
 
Баатарын НЯМСҮРЭНЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ