Ховд аймгийн Жаргалант сумын Наран багт амьдарч байсан 15 настай охин өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдөр /2023.01.28/ бусдын гарт амиа алдсан байж болзошгүй харамсалтай хэрэг гарсан билээ.
Улмаар талийгаач охины хэрэгт түүний нагац эгч болон Ховд аймгийн Жаргалант сумын Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг.
Тодруулбал,тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад, талийгаач Э.Ж-тэй хамт амьдардаг байсан нагац эгч И.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ толгойг нь сандлаар цохиж хагалан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан аж. Энэхүү гэмтэл нь түүнийг нас барахад шууд нөлөөлөөгүй, харин эмнэлэгийн тусламж үйлчилгээг цаг тухайд нь авч чадалгүй идээт үрэвсэл, нэвчдэс өвчний улмаас амь насаа алдсан гэх нөхцөл байдал тогтоогджээ. Тиймээс прокуророос түүний нагац эгч И.Ж-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Ховд аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах
2. Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ.
Харин талийгаач Э.Ж-д эмч, эмнэлгийн байгууллагын ажилтан эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, зохих түвшинд үзүүлсэн эсэх, тэдгээрийн үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг Ховд аймгийн Цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
https://newspress.mn/v1/%D0%9D%D0%B8%D0%B9%D0%B3%D1%8D%D0%BC/news/42782