Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДУНДГОВЬ: Ж.Пүрэвсүрэн: Төсөлд хамрагдсанаар тогооч нарын ур чадварт ахиц гарч, хүүхдийн хоолны чанар сайжирсан



Японы ЖАЙКА Олон улсын байгууллага, БШУЯ-тай хамтран “Ерөнхий боловсролын  сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төсөл”-ийг 2021 оноос Сайнцагаан сумын Мандал, Говийн ирээдүй цогцолбор сургууль дээр хэрэгжүүлж байна. Төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаар тодруулахаар Мандал сургуулийн бага ангийн сургалтын менежер Ж.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.
-“Ерөнхий боловсролын  сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төсөл” танай сургууль дээр хэрэгжиж байгаа. Төслийн талаар танилцуулна уу?
-Ерөнхий боловсролын сургуульд суралцагчид өдрийн ихэнх цагийг сургуулийн орчинд өнгөрүүлдэг тул сургууль дээр  хэрэглэсэн хоол, хүнсний илчлэг, тэжээллэг  чанараас  тэдний  эрүүл мэнд, өсөлт, хөгжил ихээхэн хамаарч байна.
“Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хууль 2021 оны 9 дүгээр сараас хэрэгжиж  эхэлсэн. Энэ хуулийн 10.1.3 дахь заалтыг үндэслэн Засгийн газраас “Ерөнхий боловсролын сургуулийн  хоол үйлдвэрлэл, үйлчилгээг  дэмжих “ Үндэсний  хөтөлбөрийг 2020-2025 онд  хэрэгжүүлэхээр батлан хэрэгжүүлж байгаа.
Тэгэхээр “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төсөл” бол дээрх хөтөлбөрийн  хэрэгжилтийг дэмжих, сурагчдын хоол тэжээлээс үүдэлтэй зарим эмгэгийг бууруулах зорилгоор 2021-2025 оны хугацаанд  Дундговь, Завхан, нийслэлийн нийт 6 сургуульд  хэрэгжиж байгаа юм. Японы ЖАЙКАОлон улсын байгууллага, БШУЯ-тай хамтран хэрэгжүүлж байгаа төсөл.
-Төслийн хүрээнд ямар үйл ажиллагааг хэрэгжүүлж, ямар үр дүн гарч байна вэ?  
-Энэ төсөлд манай сургуулийн бага ангийн 653 сурагчид хамрагдаж байна. Төслийн хүрээнд гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэх, тогооч нарыг чадавхжуулах, хоолны чанарыг сайжруулах, эрүүл мэндийн зан үйлийг тодорхойлох судалгаа хийх зэрэг ажлыг хэрэгжүүлж байна. Тухайлбал, гал тогоонд 40,0 орчим сая төгрөгийн орчин үеийн тоног төхөөрөмж нийлүүлэн ашиглаж байна.
Сургуулийн тоног төхөөрөмж сайжирснаар тогоочийн өдөр тутмын хоол үйлдвэрлэх явцад цагийн хэмнэлт, мэргэжлийн ур чадварт чанарын ахиц гарч байгаа. Энэ хэмжээгээр хүүхдийн хоолны чанар сайжирсан. Манай туслах тогооч А.Отгонцэцэг  Зүүн болон Төвийн бүсийн тогооч нарын Ур чадварын уралдаанд аймгийнхаа цэцэрлэг, сургуулийг төлөөлөн оролцож, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Дорнод, Говьсүмбэр, Хэнтий аймгийн 150 орчим оролцогчтой өрсөлдөн мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн.


Ерөнхий боловсролын сурагчдын эрүүл мэндийн зан үйлийг тодорхойлох судалгаагаар сурагчдын 18,1 хувь нь илүүдэл жин ба таргалалттай, 38,5 хувь нь өглөөний цайгаа тогтмол ууж хэвшээгүй, 41,8 хувь нь өдөр бүр хийжүүлсэн ундаа уудаг, 52,5 хувь нь сургууль дээр хоол идэх, цай уухдаа гар угаадаггүй эсвэл хааяа угаадаг болох нь тогтоогдсон.
Мөн энэ судалгаагаар 6 хүүхдийн 1 нь өдөр бүр  жимсийг, 3 хүүхдийн 1 нь сүү, цагаан идээг, 2 хүүхдийн 1 нь хүнсний  ногоо зэрэг эрүүл хүнсийг хэрэглэж байсан бол эрүүл бус хүнс, тодруулбал чихэрлэг ундааг 2 хүүхдийн 1 нь чихэрлэг хүнс буюу контик, зайрмаг, вафли, торт, чихрийг 5 хүүхдийн 4 нь өдөр бүр хэрэглэж байна.

-Энэ судалгааны үр дүнд үндэслэн цаашид юу хийх вэ?
-Нөхцөл байдлын суурь судалгааны ажил одоо дуусаж байна. Энэ ажлын хүрээнд 2-4 дүгээр ангийн нийт 40 сурагчийг  санамсаргүй түүврийн аргаар сонгон, бага ангийн сурагчдын хоол хүнсний хэрэглээний нэр төрөл, давтамж, өдрийн хоолны шимт бодис, илчлэгийн хэрэглээ, хоол тэжээлээс хамааралтай зарим эмгэг, сурагчдын ясны эдийн нягтыг тодорхойлон, үдийн хоол хөтөлбөрийн хэрэгжилт, сэтгэл  ханамжийг судлан сурагч, эцэг эхчүүдэд хоол зүйн зөвлөгөө өгсөн.
Төслийн зорилтот 6 сургуулийн сурагчдаас авсан дээрх судалгааны үр дүнг нэгтгэхэд нэг хүүхдийн сүү сүүн бүтээгдэхүүний өдөрт авах хэмжээ 310 гр байхаас 90,5 гр, кальцийн өдөрт авах хэмжээ 700 мг байхад 260 мг, судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 80-аас дээш хувь нь цусан дахь “Д” витамины дутагдалтай гэсэн дүгнэлт гарсан.  
Иймд сургуулийн “Үдийн хоол” хөтөлбөрийн  хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийж, шинжлэх ухааны нотолгоонд суурилсан мэдээллийг шийдвэр гаргагчдад хүргэх, цаашид хэрэгжүүлэх бодлого, шийдвэрийн үндэслэл нотолгоог бий болгох шаардлагатай байгаа гэж бодож байна.   
Манай сургуулийн хувьд энэ судалгаанд үндэслээд 7 хоногийн Лхагва гараг бүр хүүхдүүддээ 150 мл  бүлээн сүү өгч байгаа. Энэ ажлыг сургуулийнхаа эцэг эхчүүдийн тусламж, дэмжлэгтэйгээр хийж эхэлсэн, хүүхдүүд их дуртай байгаа. Цаашид аймаг, сумын удирдлагуудад санал тавиад хүүхдүүддээ 7 хоногийн 3 өдөрт нь сүү өгөх зорилготой байна.
Мөн эцэг эхчүүд хоолны амталгаа хийж, сэтгэгдлээ сургуулийн фэйсбүүк группт оруулж, мэдээллээ хуваалцаж байна. Амталгаа хийсэн ээж, аавуудын сэтгэгдэл маш өндөр байгаа.
-Ярилцсанд баярлалаа.  
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ