Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ж.Мөнхбат улс төрөөс явж, Архангайд нөхөн сонгууль болох уу?


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ж.Мөнхбат гишүүнийг бүрэн эрхээс нь чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 59.9 хувь нь дэмжсэн. Ингэснээр энэ парламент 75-уулаа болж байна.
Ж.Мөнхбат нь УИХ-ын  хоёр ч сонгуульд Архангай аймгаас нэр дэвшиж, ялалт байгуулсан билээ.
Түүнийг нүүрсний хэрэгт, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн буруутган, прокуророос яллагдагчаар татсан билээ.  Харин УИХ-д асуудал нь орохоос өмнө өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж Өмнөд Солонгос явсан нь хардлага ч дагуулж буй. Түүний тойрогт нөхөн сонгууль явуулах эсэх одоогоор тодорхойгүй, өмнө  парламентын үед Д.Гантулгын тойрогт нөхөн сонгууль явуулалгүйгээр ээлжит сонгуультай залгаж байсан удаатай.
Тэгвэл өчигдрийн чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээр чөлөөлөгдсөний дараа ирэх зургадугаар сард Архангай аймагт нөхөн сонгууль болох эсэх талаар тодруулсан юм. Түүний асуултад УИХ-ын гишүүн Н.Энхболд  “Хуулиар бол дараагийн сонгууль болохоос зургаан сарын өмнө орон гарсан тохиолдолд нөхөн сонгууль явуулах зохицуулалт бий. Энэ талаар ярих хэрэг гарах байх” гэв.
УИХ-ын сонгуулийн тухай хууль:
  • 4.7."Нөхөн сонгууль" гэж Улсын Их Хурлын гишүүний орон гарсан суудлыг нөхөх зорилгоор явагдах сонгуулийг ойлгоно.
  • 9.9.Улсын Их Хурал нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлана.
77 дугаар зүйл.Нөхөн сонгууль явуулах:
  • 77.1.Энэ хуулийн 4.7-д заасан үндэслэлээр нөхөн сонгууль явагдана.
  • 77.2.Орон гарсан Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад зургаан сар хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй.
  • 77.3.Нөхөн сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь орон гарсан гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.
  • 77.4.Нөхөн сонгуулийг зохион байгуулахад тухайн тойрогт өөрчлөлт оруулахгүй бөгөөд энэ хуульд заасны дагуу зохион байгуулна.
Үүнээс үзэхэд ирэх зургадугаар сард Архангай аймагт нөхөн сонгууль зарлагдаж төрд төлөөлөлгүй хоцорсон 16708 иргэний эрх ашиг хангагдах магадлалтай байна.
Гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлөх хуралд Ж.Мөнхбат өөрийн биеэр оролцоогүй.  Тэрбээр өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн анхны бас сүүлчийн ч хүн биш.  Түүний араас Ардын намын  бүлгийн хэд, хэдэн гишүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын дарга Г.Занданшатарт өгөх  яриа ч улс төрийн хүрээнд сэвэгдэж байна. Нөгөө талаар Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнөө, маргаашгүй чуулганд оруулж ирэхээр болсон агаад тэднийг танхимын нөхөд нь түших үү, түлхэх үү гэдэг нь анхаарал татаж байна. Ялангуяа нүүрсний гэх том хулгайтай холбогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцно хэмээн ам гарсан  Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлсэндээ хүрэх үү гэсэн хүлээлт бий. Мөн намын даргынхаа хийж буй улс төрд МАН-ын бүлэг, Г.Занданшатарын парламент дэмжлэг үзүүлэх үү гэдгийг харах л үлдэж байна.
УИХ-ын зарим гишүүд шүд сугалах ажиллагааг хүлээн зөвшөөрвөл парламентын дархлаа унана гэх айдастай байна.  Учир нь, хуулийн байгууллагаас анх 10 гаруй гишүүнийг нүүрсний хулгайтай холбож зарласан. Гэвч энэ нь өнөөдөр улс төрийн зорилготой юу эсвэл үнэхээр нүүрсний хулгай, авлигын асуудалтай холбоотой юу гэдэг нь эргэлзээ дагуулсаар. Ямар ч байсан Ж.Мөнхбатын араас явах магадлалтай хүмүүс нь Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нар болсон.  Ямар  ч байсан эрх баригч намын дарга хариуцлага тооцно, хүний, өөрийнгүй авлигачидтай тэмцэнэ гэдгээ зарлачихсан байгаа. Гэхдээ гишүүнийг чөлөөлөх эсэх нь парламентын гишүүдийн сонголт бас эрх. Ийм сонголтын, эрх болоод эрх баригч намын даргын улс төрийн амбиц хоёрын хэн нь хүчтэй вэ гэдэг 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхээс хамаарна.
УИХ-ЫН 13 ГИШҮҮН БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТҮДГЭЛЗЭЖ БАЙЖЭЭ
Өмнө нь УИХ-ын 13 гишүүн чөлөөлөгдөх өргөдлөө өгч байжээ. Тухайлбал, Д.Бямбасүрэн, М.Энхсайхан, Н.Жанцанноров, Ц.Элбэгдорж, Ж.Бямбажав, Ж.Бямбадорж, Н.Энхбаяр, У.Хүрэлсүх, Д.Гантулга, Д.Батзориг, Д.Сумъяабазар нарыг өөрийнх нь хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн байдаг. Эдгээр эрхмүүд ямар шалтгаанаар УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдал, бүрэн эрхээсээ татгалзсан талаар зарим баримтыг хүргэе.
УИХ-ЫН ГИШҮҮН Н.ЖАНЦАННОРОВ
  • 1993 онд: 1990-1991 онд Соёлын яаманд орлогч, нэгдүгээр орлогч сайдаар ажиллаж байсан Н.Жанцанноров 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, дараа жил нь буюу 1993 онд эрүүл мэндийн шалтгаанаар гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Түүний хүсэлтийг УИХ хүлээн авсан байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ЭЛБЭГДОРЖ
  • 1996 он: Тус онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс татгалзаж, чөлөөлөгдсөн.

УИХ-ЫН ГИШҮҮН У.ХҮРЭЛСҮХ

  • 2012 он: УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр татгалзаж, чөлөөлөгдсөн дараагийн хүн бол одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Тэрбээр 2012 оны сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсон бөгөөд эхнэрээ эмчүүлнэ гэсэн шалтгаанаар гишүүнээс татгалзаж, хүсэлтийг нь УИХ хүлээн авч, чөлөөлж байжээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНТУЛГА
  • 2018 он: Хэнтий аймгаас сонгогдсон залуухан гишүүн Д.Гантулга хүчингийн гэмт хэрэгт холбогдсоноор УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлсэн байдаг. Түүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлөх эсэх асуудлаар гишүүдийн дунд нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн 45 гишүүн буюу 75 хувийн саналаар дэмжигдсэн юм.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТЗОРИГ
  • 2020 он: Түүнийг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхад ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд зээл авсан асуудал үүссэн. Тиймээс ХХААХҮ-ийн салбарыг хариуцаж байсны хувьд ёс зүйн хариуцлага хүлээх нь зөв хэмээн үзэж, хүсэлтээ хүргүүлсэн байдаг. Түүнийг хүсэлтийг хүлээж авах эсэх УИХ-ын чуулганы хуралдаанд 47 гишүүн оролцож, 57.4 хувь нь дэмжжээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.СУМЪЯАБАЗАР
  • 2020 он: Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т “хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн” тохиолдолд Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болохоор заасан.Энэ дагуу Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар өөр ажилд томилогдох болсон тул өөрийн хүсэлтээр Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргаж олонх нь дэмжиж байв. Өөрөөр хэлбэл 2020 онд УИХ-д дахин сонгогдсноосоо хойш хэдхэн сарын дараа УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар Нийслэлийн засаг даргын алба хашихаар бүрэн эрхээсээ татгалзан чөлөөлөгдсөн юм.
П.БАТЗАЯА
https://news.mn/r/2635397/
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ