ОХУ Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХАБ) гишүүдэд зориулсан 2011 оны Венийн баримт бичигт заасны дагуу Зэвсэгт хүчнийхээ талаар жил бүр мэдээлэл солилцох үйл ажиллагаанд оролцохоос татгалзжээ. Энэ тухай Америкийн Зэвсэглэлд хяналт тавих холбоо Оросын талын захидлаас эш татан мэдээлсэн байна.
Дээрх мэдээллийг Венад цэргийн аюулгүй байдлын асуудлаарх хэлэлцээнд оролцож буй Оросын төлөөлөгчдийн тэргүүн Константин Гаврилов “РБК” мэдээллийн цахим хуудаст тайлбар өгөхдөө баталжээ.
ОХУ 2023 оны зэвсэгт хүчнийхээ мэдээллийг өгөхгүй байх шийдвэрээ талуудад нэгдүгээр сарын 16-нд мэдэгджээ. Тухайн үед К.Гаврилов ЕАБХАБ-ын Аюулгүй байдлын хамтын ажиллагааны чуулга уулзалтыг даргалж байсан Босни Херцеговины төлөөлөгч Синиса Бенкунд холбогдох захидлыг илгээсэн аж.
Түүний захидалд дурдсанчлан, энэхүү алхам нь Чех улс ОХУ-ын өмнө хүлээсэн "үүргээ түдгэлзүүлэх" шийдвэр гаргасан болон Украин энэ жил Венийн баримт бичгийн дагуу цэргийн мэдээлэл солилцоход оролцохоос татгалзсантай холбоотой байна.
“Дипломат ажиллагааны гол зарчим бол харилцан хамтран ажиллах юм. ОХУ-ын Зэвсэгт хүчний талаарх мэдээллийг өгсөн тохиолдолд бидний мэдээлэл дээрх улсуудад очихыг бид зүгээр л зөвшөөрч чадахгүй" гэж Гаврилов "РБК"-д ярьжээ.
Захидалд Оросын тал мөн Болгар, Польш, Франц зэрэг хэлэлцээрт оролцогч хэд хэдэн улсыг Венийн баримт бичгийн янз бүрийн заалтыг дагаж мөрдөөгүй гэж буруутгасан байна.
Венийн баримт бичиг гэж юу вэ
Итгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэх арга хэмжээний тухай Венийн баримт бичгийг 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр баталжээ. Уг баримт бичгийн зорилго нь ЕАБХАБ-ын гишүүн орнуудад итгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, цэргийн мөргөлдөөний аюулыг бууруулах явдал юм.
Тиймээс ЕАБХАБ-ын гишүүн орнууд зэвсэгт хүчин болон гол зэвсгийн системүүд, батлан хамгаалахын салбарын үйл ажиллагаа болон цэргийн төсвийн талаарх мэдээллээ жил бүр солилцох ёстой. Энэхүү баримт бичигт цэргийн ердийн бус үйл ажиллагаа, цэргийн шинж чанартай аюултай үйл явдлын талаар зөвлөлдөх, хамтран ажиллах механизмыг мөн тусгажээ.
Зэвсэглэлд хяналт тавих холбооноос мэдээлснээр, энэ оны хоёрдугаар сар гэхэд тус байгууллагын гишүүн 57 орны 50 нь цэргийн үйл ажиллагааныхаа талаарх мэдээллийг өгсөн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг