Дархан-Уул аймгийн онцгой комиссоос шатахууны агуулах шатсан асуудлаар мэдээлэл хийсэн билээ. Аймгийн Засаг дарга Б.Азжаргалын хэлснээр "Дархан сумын III багт байрлах шатахуун түгээх станцын агуулахад гал гарсан асуудлаар аймгийн онцгой комисс шуурхай хуралдлаа. Дуудлага 2022 оны арванхоёрдугаар сарын 1-ний 09:21 цагт ирж эхний ээлжид Дархан-Уул аймгийн онцгой байдлын 54 дүгээр анги шуурхай очиж үүрэг гүйцэтгэсэн. Улмаар хойд бүсийн гал унтраар аврах ангиудыг нэмэлтээр татсан. Мөн Улаанбаатараас тоноглогдсон гурван хөөстэй машиныг авч ирсэн. Нэмэлт бүрэлдэхүүнтэй найман цаг ажилласны эцэст галыг 18.44 цагт бүрэн унтраасан. АОК-ын хуралдаанаар үүссэн асуудалтай холбоотой дараагийн шатанд хэрхэх талаар хэлэлцлээ.
Шатсан шатахууны агуулахад гурван хүн ажил үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд нэг хүн газар дээрээ эрүүл мэндийн тусламж авах шаардлагатай болж, эмнэлэг рүү явж байхдаа нас барсан харамсалтай осол гарсан. Харин үлдсэн хоёр хүнийг эрэн хайх ажил үргэлжилж байна. Шалгалтын ажлын дараагаар эндсэн болон эрэн хайж байгаа хүмүүсийн ар гэрийнхэнтэй тус компани болон онцгой байдлын албанаас уулзалт зохион байгуулна. Шатахуун түгээх станцын нөөцийн 2000 тонны, дотроо 650 орчим литр шатахуунтай сав дэлбэрсэн. Шаталт үүссэн сав онолоор 10-12 цагийн хугацаанд шатаж дуусах тооцоотой байсан бөгөөд ямартай ч галыг найман цагийн дотор унтраасан. Шаталт үүссэн шатахууны саваас зэргэлдээ зургаан сав байсан. Зургаан сав тус бүр нь 400 литрийн багтаамжтай. Эдгээр савуудад галыг халдаахгүй байх арга хэмжээ авч ажилласан" гэлээ.