"Орос болон түүний нийгэм дайн эхлүүлэхээс айж байна."
"Урьдчилан сэргийлэх цохилт"-ын тухай
БИ БИ СИ: Эрхэм Ерөнхийлөгч өө, Өрнөдийн орнуудаас Оросын эсрэг урьдчилан сэргийлэх, магадгүй цөмийн цохилт өгөхийг уриалж байна гэж оросууд таныг буруутгаж байна. Та тэгээд хэлчихсэн юм уу?
Володимир Зеленский: Инээдтэй л сонсогдож байна даа. Би "урьдчилан сэргийлэх түншилт" гэж англиар хэлсэн, (preventive kick), халдлага гээгүй, эдгээр нь өөр өөр утгатай. Тийм ч учраас англи, украин хэлээр ярихдаа орчуулга нь аль болох зөв байх нь чухал, учир нь оросууд үүнийг үргэлж ингэж мушгидаг. Бид террорист биш, бид энэ дайныг эхлүүлээгүй гэдгийг соёлт ертөнц бүхэлдээ мэдэж байгаа гэдгийг оросуудад хэлмээр байна. Би үүнийг өмнө нь ч хэлж байсан, миний ерөнхийлөгч байх гурван жилийн хугацаанд бид яриа хэлцэл хийх санал зөндөө тавьсан, бид ерөнхийлөгч Путинтэй зүгээр л ярих, утсаар холбогдох боломж хайж байсан, харин тэр бүгдийг үгүйсгэсэн. Тийм л учраас би залгасан, энэ бол хоёрдугаар сарын 24-ний өмнө, түрэмнийлэл эхлэхээс өмнө шүү дээ. Бид урьдчилан сэргийлэх түншилт, хориг арга хэмжээ авах сэдвийг хөндөж байна гэж хэлсэн. Ярилцлага биш, үг биш, харин түншилтүүд! Чухам энэ л миний бодож байсан зүйл юм. Одоо Европын нийгэм, юун түрүүн Их Британи, АНУ хэлэхдээ: “Тийм ээ, таны зөв байж, бид оролцож, хориг арга хэмжээ авч, урьдчилан сэргийлэх түншилт хийснээр Оросыг дайн эхлүүлээс айлгах ёстой байсан юм” гэдэг.
Оросууд цөмийн зэвсгийн тухай солиотой санаагаа ярьж эхлэхэд би: “тэдэнд энэ талаар нийгмээ ятгах боломж бүү олго. Тэд үүнд нийгмээ бэлдэж эхэллээ. Энэ нь маш аюултай. Тэд үүнийгээ ашиглахад арай бэлэн биш байгаа ч энэ талаар ярьж эхэлж байна шүү ...”
BBC: Та тэднийг цөмийн зэвсэг хэрэглэхэд нийгмээ бэлтгэж эхэллээ гэж үзэж байна уу?
В.З. : Тэд үүнийг ашиглах эсэхээ мэдэхгүй байна. Энэ тухай ярих нь хүртэл аюултай гэж бодож байна. Тийм л учраас би: “Та нар дайралт биш, урьдчилан сэргийлэх түншилт өгөх ёстой” гэж хэлсэн. Би үүнийг л хэлэх гэсэн юм. Гэтэл оросууд эдгээр үгийг зүгээр л өөрт ашигтайгаар орчуулж хаа сайгүй дэвэргэж эхлэв. Хориг арга хэмжээ авах тухай л би хэлсэн. Хэрэв тэд "цөмийн зэвсэг" гэцгээж байгаа бол та нар үүнд анхаарал хандуулах ёстой. Та нарт цөмийн аюулын эсрэг хориг арга хэмжээний багц бий, Европт үүнийг нэвтрүүлэх боломж бий. Тэд манай атомын цахилгаан станцыг эзэлчихээд байна шүү дээ. Энэ бол маш аюултай. Би үүнийг л хэлэх гэсэн юм.
Заримдаа бид 100% ойлголцохын тулд англиар ярих хэрэгтэй болдог. Бид террорист биш, харийн нутаг дэвсгэр дээр тулалддаггүй. Найман жилийн дайн, найман жилийн цуст эмгэнэлт түрэмгийллээс хойшхи манай нийгмийн оросуудад хандах хандлага ч гэсэн бид оросуудын өдөр бүр үйлдэж буй шиг оросуудыг хариу алаад унахад бэлэн болчихсон юм биш шүү.
"Цөмийн зэвсэг хэрэглэсний дараа эргэж буцах арга байхгүй”
Цөмийн аюулын тухай
BBC: Цөмийн асуудал руугаа эргээд оръё. Орос улс ямар нэгэн байдлаар цөмийн зэвсэг хэрэглэж магадгүй гэж анхааруулж байгаа учраас энэ бол маш аюултай үе юм. Томоохон биш юмаа гэхэд орон нутгийн хэмжээнд. Хэрэв ийм зүйл тохиолдвол Ерөнхийлөгч Байден "Армагеддон"-ын тухай ярьдаг. Энэ талаар та ямар сэтгэгдэлтэй байна вэ?
В.З: Яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй гэж хэлмээр байна... Дахин хэлэхэд урьдчилан сэргийлэх шийтгэлийн асуудал руугаа эргэн ормоор байна. Бид одоо ямар нэг үйлдэл хийх хэрэгтэй. Дараа нь ирэх эрсдэлийн талаар бодох шаардлагагүй. "Армагеддон" бүхэл бүтэн гаригт аюул учруулна гэдэгтэй санал нэг байна. Гэсэн хэдий ч Орос энэ чиглэлд аль хэдийн алхам хийсэн бол ийм зүйл болох уу, үгүй юу гэж бодох хэрэгтэй юу? Тэд манай атомын цахилгаан станцыг авчихсан шүү дээ. Та нар нарийн ширийн зүйлийг сайн мэддэг, 70-аад оны Киевийг санаж байна, бид ярилцлагын өмнө энэ тухай ярьж байсан, тиймээс та энэ бүх жилүүдийг маш сайн мэддэг. Бид Чернобылийн 80-аад оны эмгэнэлт явдлын тухай ярьж байна, энэ бол нэг блок, ганц л блок байсан! Гэтэл одоо - Запорожье станц!
Зургаан цөмийн нэгж гэдгийг дэлхий нийт ойлгомоор байна. Эдгээр блок бүр эрсдэлтэй. Тийм ээ, техникийн ажилтнууд нь украин хүмүүс, гэхдээ тэнд 500 орос дайчин байгаа. Зэвсэгтэй. Тэсрэх бодистой гэдгийг бид баттай мэднэ. Хүнд зэвсгээр юу болж болохйг бид сайн мэднэ. 500 хүн, тус бүр нь шалтгаан, эрсдэл байж болно. Энэ бол цөмийн зэвсэг хэрэглэх эрсдэл юм. Тиймээ, өөр форматтай, гэхдээ цөмийн дэлбэрэлт атомын цахилгаан станцад тохиолдож болно.
Олон улсын атомын эрчим хүчний агентлаг (ОУАЭХА) энэ талаар маш их ярьсан, онол гаргасан, энэ бол аль хэдийн практик болж байна. ОУАЭХА тэнд байсан. Цаадуул нь ОУАЭХА-ийн бүх дүрэм, тэдний долоон гал хамгаалагч, долоон цэгийг зөрчсөн гэж дүгнэсэн. Тэд албан ёсны дүгнэлтээ хэдийнээ гаргажээ, үүний дараа ОУАЭХА-ийн дүгнэлт гарсны дараа дэлхий юу хийсэн бэ? Оросын эзлэн түрэмгийлэгчдийн үйлдлийг нэн даруй зогсоож, дэлхий нийт ийм тохиолдолд хориг арга хэмжээ авч, тэднийг энэ атомын цахилгаан станцаас гаргахын тулд бүх зүйлийг хийж чадна, уг нь.
BBC: Одоо аюул онцгой өндөр байна гэж та бодож байна уу?
В.З: Өөртөө зорилгоо нэгэнт төлөвлөчихсөн хүмүүстэй хэл амаа ололцох хэцүү. Одоогийн Оросын цэрэг-улс төрийн эрх баригчдын зорилгыг бид бүрэн мэдэхгүй байна. Өөрөөр хэлбэл, Украиныг устгах, Украиныг эзлэн авах нь тэдний зорилго мөн үү? Бид тодорхой мэдэхгүй байна. Энэ нь бусад амбицтай зорилгод хүрэх эхний алхам байж магадгүй юм. Магадгүй Украиныг булаан авах нь эцсийн зорилго байх. Энэ бол эхний алхам бөгөөд маш аюултай гэж бодож байна.
Зорилго нь яг бидний бодож байгаа зүйл бол хүн бүр үүнийг үнэхээр улиг болсон гэж хэлдэг, гэхдээ энэ нь аймшигтай юм. Энэ нь илүү улиг болсон мэт сонсогдох тусам илүү магадлалтай мэт санагдаж байна.
Зорилго нь ядаж Зөвлөлтийн үеийнх шиг нөлөөгөө эргүүлж, Орос улсыг геополитикийн нөлөөллийн ийм хүснэгтэд эргүүлэн нийлүүлж, хил хязгаарыг дахин хуваах явдал юм бол энэ нь маш том эрсдэл юм. Тэд улам урагшилж, боломжтой бүх алхмуудаа ашиглах болно. Тэгэхээр энэ нь мэдээж аюултай
BBC: Цөмийн зэвсэг ашиглах боломжийг оруулаад юу?
В.З: Үүнд бэлэн байгаа хүмүүс, өөрөөр хэлбэл өнөөдөр Оросын төрийг удирдаж байгаа хүмүүс, хэр зэрэг... хэвээрээ байгаагаас их хамаарна. Өнөөдөр тушаал өгч байгаа хүмүүс бол зүгээр л террористууд. [...] бид тэднийг алан хядагчид гэдгийг аль хэдийнээс мэдэх болсон бөгөөд тэдний хэрхэн бодож, хэрхэн үйлдэж байгааг ойлгож байна. Иймээс өдгөө улс болгон чухам энийг л бүх нийтэд хэлж ойлгуулах хэрэгтэй.
Гэхдээ асуудал байнаа: тэд хэр бодит хандах бол? Өөрөөр хэлбэл, тэд дараа нь юу хийхээ бүрэн ойлгож байна уу? Энэ бол маш чухал асуулт шүү. Тэд одоо яг ийм түүхэн мөчид, гайхмаар агшинд байгаа юм шиг надад санагдаад байна. Энэ талаар л бодох хэрэгтэй юм шигээ. Оросын төрийнхөн эрх биш амьдралд хайртай биз, тиймээс л тэдний хувьд цөмийн зэвсэг ашиглах эрсдэл нь өнөөдөр зарим шинжээчдийн хэлж байгаа шиг тодорхой биш байгаа гэж би бодож байна. Учир нь тэд цөмийн зэвсэг хэрэглэсний дараа буцах зам байхгүй гэдгийг ойлгодог байлгүй. Түүх, улс орныхоо төлөө төдийгүй, ерөөс хувь хүнийхээ төлөө. Тэд насан туршдаа хэлмэгдэх болно шүү дээ.
Тиймээс өнөөдөр энэ зангилааг тайлж ойлгоход хэцүү байна. Оросын манай энд хийсэн үйлдлийн үр дагаврыг дэлхий дахин харлаа. Тэдний эрүүдэн шүүлт, дээрэм, хүчин, дараа нь атомын цахилгаан станцыг эзэлсэн зэрэг илэрхий үйл явдал нь эцэстээ цөмийн зэвсэг ашиглах эрсдлээс татгалзаж болохыг үгүйсгэмгүй.
BBC: Ерөнхийлөгч Путиныг цөмийн зэвсэг ашиглах чадвартай гэж та бодож байна уу? Ерөнхийлөгч Путин үүнийг үнэхээр хүсч чадна гэж та бодож байна уу?
В.З: Бодит байж болох асуудал руугаа буцаж оръё. Хар даа, хэрэв бид одоо тийм ч бодит биш хандлагатай хүмүүстэй харилцаж байгаа бол миний хариулт Оросын талаас эрсдэлтэй хариулт байж магадгүй юм. Жишээлбэл, би тэднийг цөмийн зэвсэг ашиглах чадваргүй гээд хэлчихвэл, өнөөх эрх мэдэлтэй ч бодит хандлагагүй хүн нь "Өө, намайг чадахгүй гэж байгаа юмуу, тэгвэл би яаж чадахыг хараарай" гэж бүгдэд харуулан батлах гэж дөвчигнөнө Хэрэв би тэднийг цөмийн зэвсэг хэрэглэж таараа гээд хэлчихвэл Украин төдийгүй олон улс орныг бөөн цочиролд оруулчихана. Тийм учраас би өнөөдөртөө албан ёсоор ямар нэг дүгнэлт хийж зүрхлэхмээргүй байна.
“Путин ард түмнээсээ айж байна”
Украин НАТО-д элсэх тухай
BBC: Та түргэвчилсэн журмаар НАТО-д элсэх хүсэлт гаргасан. Энэ нь Украин, НАТО, дэлхийн эрсдэлийг нэмэгдүүлэхгүй гэж үү?
В.З: Би тэгж бодохгүй байна. Украин НАТО-д элсэх тухай яриа гарах бүр Орос НАТО-оос өөрийгөө хамгаална гэж бид янз бүрийн зэвсгийн тухай, өргөн цар хүрээтэй довтолгооны тухай ярьж ирсэн. Гэтэл тэд манай нутаг дэвсгэрийг ямар ч статусгүйгээр эзэлж байгааг бид харлаа. Өнөөдөр бидэнд байгаа статус бол ирээдүйд НАТО-д орох үүд хаалга бидэнд нээлттэй байх тухай юм. Орос биднийг эзлэн түрэмгийлж эхлэхээс өмнө ч ийм яриа байсан. Тиймээс Орос улс энэ эсвэл тэр зэвсгийг ашиглах, энэ эсвэл тэр газар нутгийг эзлэх шалтгааныг хайж байгаа боловч үнэн хэрэгтээ энэ шалтгаан нь олон нийтэд сурталчлах, олон нийттэй харилцах, дэлхий даяар биш, харин өөрсдийн нийгэмтэйгээ харилцахад хэрэгтэй байна. Учир нь Путины айж байгаа зүйл бол цөмийн цохилт биш юм. Тэр өөрийн нийгмээсээ айдаг. Тэр хүмүүсээсээ айдаг. Учир нь энэ хүмүүс өнөөдөр түүнийг орлож, эрх мэдлийг нь булааж, өөр хүнд өгөх гэх мэтээр ажиллаж чадаж байна.
Тийм ч учраас тэднээсээ айж, дотоодын зах зээл дээрээ л ажилладаг. Нийгмээ хаалттай болгоод удаж байна. Төмөр хөшиг унасан гэж бүгд хэлдэг - үгүй, төмөр хөшиг 2000-аад оны эхээр хаа нэгтээ гарч ирсэн, Орост гарч ирсэн, тэд Зөвлөлт Холбоот Улсад байсан төмрөөс хамаагүй илүү аймшигтай мэдээллийн хөшиг бүтээжээ. Өөрөөр хэлбэл, орчин үеийн технологитой бол энэ нь илүү аймшигтай юм. Тэдний ард түмэн, тэр дундаа сэхээтнүүд нь Геббельсийн нэгэн адил дэлхийн 2-р дайны үед үүнийг нийгэмтэй холбож, мэдээллийн чанартай холбоотой болгов. Тийм ч учраас бид өнөөдөр ийм аймаар үр дүнг нь харж байна.
Тиймээс би НАТО-гийн асуудал руу эргэн ормоор байна. Биднийг багалзуурдаж аваад цааш явах ямар ч хамаагүй шалтгаан Путинд хэрэгтэй байсан. Энэ мэтээр нийгмээ хөдөлгөж, эдийн засгийн хүндрэл, бага цалин, тэтгэвэр гээд бүх бүтэлгүйтлийнх нь буруутан тэр өөрөө биш, өрнөдийнхөн юм шүү гэж харуулах гээд байгаа юм. Өрнөдийнхөн л Украинд дайн өдөөж, манай нутаг дэвсгэрт өнгөлзөө гэж хэлэх шалтах хайж байна. Бид НАТО-д байгаагүй. Бид 2014 онд ч, 2022 онд ч 2-р сарын 24-нд НАТО-д ороогүй - энэ нь шалтгаан болсон. Бид одоо өөрсдийгөө л хамгаалж байна. Үнэндээ бид өөрсдийгөө хамгаалж чадахгүй дийлэхгүй шүү дээ.
Түншүүддээ талархаж байна, тэд биднийг дэмждэг. Бидэнд аюулгүй байдлын баталгаа хэрэгтэй. Аюулгүй байдлын баталгааны талаархи дүн шинжилгээний баримт бичигтээ бид юу гэж тодорхойлсон бэ гэдэгтээ өнөөдөр өрнөдийн түншүүдээсээ авч буй тусламжийг тайлбарласан болно. Одоо бидэнд үзүүлж буй тусламж болон аюулгүй байдлын баталгаа хоёрын ялгаа гэвэл, аюулгүй байдлын баталгаа гэдэг нь тухайн тухайн улсуудын гарын үсэг зурсан баримт бичиг юмаа. Янз бүрийн баримт бий л дээ. Санхүү, зэвсэглэл, хориг арга хэмжээ, улс төрийн аюулгүй байдлын баталгаа, хүмүүнлэгийн тал гэх мэт.
Өөрөөр хэлбэл, бид НАТО-д элсээгүй байх үед Украинд зориулсан нэг хэвийн стандарт, багцын тухай ярьж байна. Энд НАТО-гийн 5 дугаар зүйлийн талаар яриагүй байна. Бидний газар нутаг дээр эзлэн түрэмгийлэгчтэй тулалдахад НАТО-гийн орнуудын энгийн иргэд, цэргийнхэн хэрэггүй. Энэ нь аюулгүй байдлын баталгаанд байдаггүй. Бидэнд хэрэггүй.
Оросын эрх баригчид "Украин "НАТО" гэж шалтаглан шинэ шинэ түрэмгийлэл нэмэн орилох болно. Гэхдээ энэ нь тэдний өөрийнхөө нийгмийн өмнө барих шалтаг төдий, өөр юу ч биш.
"Гүймээр л байна, гэхдээ одоохондоо хурдан алхаж байна."
Сөрөг довтолгооны тухай
BBC: Украины Зэвсэгт хүчин өмнөд фронт болон зүүн өмнөд хэсэгт маш амжилттай ажиллагаа явуулж эхэлсэн. Яагаад одоо ийм сайн ажиллаж байна гэж та бодож байна вэ? Оросын стратеги, Оросын дайн хийх арга барил юу болсон бэ? Тэд яагаад таны эсрэг ингэж бүтэлгүйтэж байна?
В.З.: Нэгдүгээрт, тэд маш хүчтэй эсэргүүцэж байгаа, үүнийг би тодотгон хэлэх ёстой. Мөн бид урагшилж байгаа нь манай бэлтгэсэн стратеги юм. Бидэнд тодорхой хэмжээний зэвсэг, сум дутуу байсан. Одоо хангалттай болсон гэж хэлэхгүй, учир нь энэ нь үнэнтэй нийцэхгүй. Тиймээс бидэнд бүрэн хүрэлцэхгүй байгаа ч одоо илүү их хүч чадал, урагшлах боломж байна.
Бид урагшилж байна. Хамгийн гол нь магадгүй сэдэл юм. Оросуудад ямар ч сэдэл алга гэж харж байна. Би эхний өдрөөсөө л тэгж бодсон. Тэдний хэн болохыг, юуны төлөө ирснийг бид харсан. Тэд энд юу хийхээ ч мэдэхгүй байсан тул биднийг бага зэрэг түлхэж эхэлмэгц тэд ямар ч хүсэл эрмэлзэлгүй тул зугтаж эхлэв.
"Ямар нэг юм шүүрч авах" сэдэл сул байгааг та харж байна. "Амь аврах" сэдэл илүү хүчтэй байдаг. Тиймээс бидний “Амь насаа аваръя, гэр орон, газар шороогоо аваръя” гэсэн сэдэл хүчтэй байна. Биднийг шахаж эхэлмэгц оросын цэргүүд "амиа аврах" гэсэн хүсэл эрмэлзэлтэй байсан, зөвхөн өөрсдийнхөө шүү дээ. Тэдний тархинд юун түрүүн орж ирсэн санаа нь бушуухан зугтах гэсэн үг юм. Эсвэл бууж өгөх. Яг л ийм байдлаар. Хэрэв илүү их тусламж байвал бид илүү хурдан дарах болно, учир нь бидний урам зориг хэнээс ч хамаардаггүй, бид 100% бүх зүйлд урам зоригтой байдаг, бид юу хүсч байгаагаа мэддэг, бид барианы шугам хаана байгааг, хаашаа явж байгаагаа мэддэг. Гүймээр байна, гэхдээ одоохондоо хурдан алхаж байна. [...] Бид цаашаа явахгүй. Бидэнд харийн газар хэрэггүй, харийн хүн хэрэггүй. Бид террорист биш. Бидэнд хил, газар нутаг, аюулгүй байдал, миний хэлсэн аюулгүй байдлын баталгаанаас өөр юу ч хэрэггүй.
BBC: Одоо Украины дөрвөн том бүс нутгийг Орос өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг болгон зарласнаар Украин дахь дайнаа тэд өөрсдийнх нь газар нутагт байлдааны ажиллагааг үргэлжлүүлж байна гэж үзэх шалтах болж болох уу?
В.З.: Хараач, тэд жишээлбэл, Донецк, Луганск мужуудад хуурамч санал асуулга явуулсан. Гэтэл тэд тэр мужийг бүхэлд нь эзэлж чадаагүй байгаа шүү дээ. Удахгүй булааж авна даа гэж бодож санал асуулгыг хойшлуулж байлаа. Тэгсэн чадсангүй. "За за төвөг, ямар ч байсан түргэвчлээд онлайнаар бушуу санал асуулга явуулаадахъя" гэсэн хэрэг.
Харж байгаа биз дээ, тэдэнд яах нь хамаагүй. Хүмүүсээ цэрэгт бушуу дайчлах гэж л Оросын зарлагдсан нутаг руу түрэмгийлж байна гэж хашгичих гэсэн хэрэг л дээ. Дайчилгаагаа дуусгачихаад л хэлье байз: "Энэ бол дайн, тэд Орос руу дайрсан" гээд л... Гэхдээ бидний хувьд энэ бол үнэхээр аль хэдийнээ дайн! Тэд бидний эсрэг байлдаж байна. Дахин хэлэхэд тэд дотоод бодлогодоо, өөрийн нийгэмдээ аюулын дохио өгөх гэж байгаа юм, тэгээд л болоо.
Запорожье мужийн төв хот Запорожье бидний мэдэлд бүрэн байхад Запорожье мужийн нутаг дэвсгэр Орост нэгдэх тухай бүх нийтийн санал асуулга явуулах нь юу гэсэн үг вэ? Запорожье хот энэ бүс нутгийн нийслэл юм шүү дээ. Тэд юу яриад байгаа юм? Тэд хаана санал асуулга явуулсан бэ? Талбайд уу? Тэдний хүчээр авсан зарим жижиг хотуудад?... Тэд орон сууцны байшингаар пулемёт барин явж, хүмүүсийг ямар нэг цаасан дээр "шувуухай" бөглөхийг албадсан. Зөвхөн тодорхой тоонд хүргэхийн тулд зарим хүмүүсээр хэд хэдэн удаа албадан санал өгүүлсэн баримт нь бидэнд бий. Бидний хувьд эдгээр "ард нийтийн санал асуулга" нь ямар ч ач холбогдолгүй юм. Тэр бөгөлсөн цаас нь бидэнд ямар хамаатай юм бэ! Бид тэрийг нь огт хүлээн зөвшөөрөхгүй. Дэлхий нийт тэрийг нь хүлээн зөвшөөрөхгүй. Тэгээд л болоо.
"Бидний төлөвлөгөө бол 1991 оны хил доторх газар нутаг юм."
Крым, Донбассын тухай
BBC: Та барианы шугамын тухай ярихдаа 2014 онд ч, одоо ч Орост эзлэгдсэн Украины бүх нутаг дэвсгэрийг хэлж байна уу? Крым?
В.З: Өнөөдөр хамгийн эхний зорилт бол 24-өөс өмнөх шугамд хүрэх явдал юм. Яагаад? Энэ бол эхний шат бөгөөд маш чухал, учир нь одоо Орост эзлэгдсэн хүмүүс хонгилд амьдарч, тэтгэвэр, цалингүй, хоол ундгүй амь тээж байгааг ойлгож байна уу? Өөрөөр хэлбэл, манай улсын зүүн эсвэл өмнөд хэсэгт эзлэгдсэн тосгон, хотууд хамгийн хүнд байдалд байна.
Тиймээс одоо яг энэ шугамд хүрэх шаардлагатай байна. Өөр ямар нэгэн нөхцөл байгаа учраас биш, 24-өөс хойшхи найман сарын хугацаанд газар нутгийг булаан авсан учраас тэнд байгаа хүмүүст хэцүү байна. Тэнд хичнээн нь амьд, үхсэнийг бид мэдэхгүй. Хэдэн хувьд нь яаралтай тусламж хэрэгтэй байгааг бид мэдэхгүй. Бид удирддаг, гэхдээ надад итгээрэй, энэ бүхнийг маш ойролцоогоор л төсөөлж байна. Тэд тэнд хичнээн хүнийг тамласан, үргэлжлүүлэн тарчлааж байгааг бид бас мэдэхгүй, тиймээс тэднийгээ чөлөөлөх нь хамгийн эхний төлөвлөгөө юм.
Гэхдээ бидний гол төлөвлөгөө, таны хэлснээр энэ бол мэдээжийн хэрэг, олон улсын хууль тогтоомжийн дагуу 1991 оны олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хилийн доторх бүх нутаг дэвсгэр, тухайлбал Донбасс, одоо манай Донецкийн эзлэгдсэн хэсэг, мөн. Луганск мужууд, түүнчлэн Крым. Энэ бүхэн манай нутаг дэвсгэр. Энэ бол туйлын шударга зүйл гэж би бодож байна.
BBC: Энэ боломжтой юу?
В.З: Боломжтой гэж бодож байна. Би үүнийг маш хэрэгтэй гэж бодож байна. Яагаад? Би танд хэлж өгөх болно.
Крымын асуудал! Би танд илэн далангүй хэлье, би Крымд маш их хайртай. Би дуртай байсан... 15 настай хар багаасаа. Ажлаар жил болгон тэнд очдог байсан. Гэр бүлээрээ аялсан. Зуны улиралд, мөн ... Мөн энэ мэдрэмж - энэ бол Украин, гэтэл тэнд одоо Оросын флот зогсож байна ... Эсвэл өөр нэг жишээ - энэ бол Украин, гэхдээ Украины иргэн хүмүүст Оросын паспорт өгдөг. Ийм байнгын эрсдэлийн мэдрэмж - энэ бүх эрсдлийн үр дүн энд байна. Тэд тэнд флот байрлуулахыг зөвшөөрсөн, тэнд Оросын цэргийн баазууд бий болсон, Украин, Орос хоёр паспорттой учраас урвагч олон байсан нь энэ бүхнийг эзлэн авахад хүргэсэн. .
Тиймээс би Крымийг эзлэн түрэмгийлж, манай хил рүү нэвтрэх талаар ярихдаа энэ нь чухал, учир нь хэрэв та үүнийг хийхгүй бол энэ нь Орост Украиныг дахин бүрэн эзлэх боломж үргэлж байх болно. Зарим жижиг бүс нутагт наалдаж, дахин яв, буцаж ир.
24-ний өмнөх шиг Донбассыг хуваах нь яагаад ийм муу байна вэ? Тийм ээ, бид төлөвлөсөн, энэ асуудлыг дипломат аргаар шийдье гэж хэлсэн. Гэхдээ хуваагдсан Донбасс бол дайнд буцаж орох эрсдэл, би үүнийг л хэлж байна. Тиймээс үүнийг дуусгах хэрэгтэй гэж бодож байна. Украйны засгийн газар түр эзэлсэн нутаг дэвсгэрт байж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн утгаараа Украины хилчид хил дээр байх үед хамгийн сайн төгсгөл нь шударга төгсгөл байх болно. Энэ бол хамгийн сайн сонголт гэж би бодож байна.
"Тусгаар тогтнолынхөө төлөө төлөх ёстой, бид бүгдээрээ төлдөг."
Эрчим хүчний хямралын тухай
BBC: Өрнөдийн дэмжлэг, ялангуяа зэвсэг, эдийн засгийн дэмжлэг нь одоо та асуудлаа маш сайнаар даван туулахад тусалж байгааг та тодорхой хэллээ. Гэхдээ Европт хатуу ширүүн өвөл болох нь гарцаагүй бөгөөд улс төрийн өөрчлөлтүүд АНУ-д ч өрнөж байна. Өрнөдийн орнууд Украиныг одоогийнхтой адил эрчимтэй дэмжих сонирхолгүй болж магадгүй гэж та санаа зовохгүй байна уу?
В.З: Эрсдэл бий. ОХУ-ын өдөөн хатгалга, эдгээр өдөөн хатгалга нь зарим хүрээлэлд, зарим улс төрийн удирдагчдын дунд ойлголцолтой хэвээр байна гэж хэлье. Мэдээжийн хэрэг, үнэ өсч байна, энэ нь дайнаас болж ийм зүйл болж байна, эсвэл дайнаас болж эрчим хүчний хомсдолд орлоо, эсвэл хүнсний бүтээгдэхүүн хүрэлцэхгүй байна гэх мэт дарамт шахалт үзүүлэх нь маш амархан. Дайны тухай, маш энгийн. Гэхдээ энэ бол шал хиймэл мэдээллийн бодлого шүү. Энэ нь дайнаас болсон биш, Оросын Холбооны Улсаас болсон.
Тэд эрчим хүчний хямралыг Украиныг түрэмгийлэн эзлэхээс ч өмнө эхлүүлсэн. Өнгөрсөн жил халаалтын улирлын өмнө юу эхэлснийг бид санаж байгаа биз?. Орос улс "Хойд урсгал 2"-ынхоо ачаар хүн бүрийн гарыг мушгисан. Үнийн өсөлтөөс болж тэд хичнээн их мөнгө олсон бэ гэдгийг та сайн санаж байгаа байх. Энэ бол тэдний том хөтөлбөр, туйлын зорилго.
Зарим нь үүнийг бизнес гэж хэлдэг. Энэ бол харилцааны тухай биш, хүн төрөлхтний тухай биш, зүгээр л бизнес юм гэх. Улс төрд “зөвхөн бизнес” гэж байдаггүй. Энэ бүх бизнест геополитикт нөлөөлдөг. Оросууд нэлээд эртнээс том дайн эхлүүлсэн. Эхлээд уучлаарай, бүгд ОХУ-ын эрчим хүчний нөөцийг ашиглаж эхэлсэн. Эхэндээ энэ нь хямд байсаан. Зарим орны хувьд хямд эрчим хүчний нөөц сонгон авч байсан. Хэдийгээр хийн үйлдвэрлэлийн өртөг нь ижил боловч Европын зарим орны хувьд энэ нь нэг үнэ, бусдад нь өөр үнэлгээтэй байв. Манай улсад байгалийн хийн транзит, гэрээ хэлэлцээрийг үл харгалзан, эдгээр хэлэлцээрийг баталгаажуулж, Нормандын форматыг үргэлжлүүлж (2019 оны 12-р сард Парист болсон уулзалтын үр дүн гэсэн үг - BBC) эдгээр гэрээг “гар аргаар” зохицуулсаар байна. Тэд олон улсын хуулийг огт харгалздаггүй. Эзлэхүүний бууралтаас таны алдагдлыг нэмэгдүүлнэ. “Та энд байна, зөвхөн Украины хоолой биш, Умард урсгал-2 бас танд туслах болно, үүнийг л бушуу ашиглалтад оруулах боломж өгчихвөл болоод явчихана гээд л байсан.
Юуны төлөө байсан бэ? Украинд шахалт үзүүлж, геополитикийн хувьд Украин, Европ, дэлхий дахинд шахалт үзүүлэхийн тулд. Ийм л юм болсон доо.
Тиймээс энэ бүх хямрал, хүнсний бүтээгдэхүүний далайн замыг хааж, эрчим хүчний тээвэрлэгчдийн хямралыг Оросын Холбооны Улс хийж байна гэдгийг хүмүүс ойлгох ёстой. Тэд Европ болон дэлхийд өөр ямар ч байдлаар нөлөөлж чадахгүй. Үүнээс болж тэд буцаж ирэхээр шийдсэн, харин тэд өнөөдөр жирийн иргэншсэн удирдагчдын аль нь ч харилцахыг хүсдэггүй тусгаарлагдсан орны статустай боллоо. Тэд хэлэлцээрийн ширээний ард суух биш, харин тулган шаарддаг ширээний ард суухаар шийджээ. Ийм зорилго тэдний сэтгэлийн гүнд байдаг. Эрчим хүчний хомсдол, энэ хомсдолоос үүдэлтэй үнэ өсөлт, далайн бүслэлтээс болох хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт зэргээр сүрдүүлэн манай газар нутгийг эзлэхээр шийдсэн. Бид тэвчих ёстой. Дайнаас болж биш, харин зөрчилдөөнт зүйл зориут гаргаж байгаа Оросоос болж бидэнд хэцүү байгааг Европын нийгэмд тайлбарлах ёстой.
Тийм ээ, та эрчим хүчний тээвэрлэгчдээс аль болох хараат бус байх хэрэгтэй, тэгвэл эрчим хүчний үнэ мэдэгдэхүйц буурах болно гэдгийг хүн бүр харах болно. Гэхдээ энэ замаар явж бие даах хэрэгтэй. Тусгаар тогтнолын төлөө та нар төлөх ёстой, бид бүгд төлдөг шүү дээ. Гагцхүү бид л өнөөдөр цэргийнхээ, иргэдийнхээ цусаар төлж байна.
"Тэдний нийгэм маш их өөрчлөгдсөн."
Орос, Путин хоёрын хувь заяаны тухай
BBC: Энэ бүхэн хэрхэн дуусах вэ? Энэ бүх дайн?
В.З.: Ялалт. Надад эргэлзэх зүйл алга. Бидний ялалт. Хэцүү, амар биш гэдгийг би ойлгож байна. Маргааш, нөгөөдөр болох эсэхийг хэн ч мэдэхгүй. Өдөр, сарыг хэн ч мэдэхгүй. Гэхдээ би энэ ялалтад итгэж байна, учир нь та нар мэднэ дээ... энэ бол Украины ялалт, эсвэл бүх дэлхийн ялагдал юм. Учир нь Украин болон Украины ард түмнийг устгах боломжийг олгохын тулд, хэрэв Орос үүнийг хийчихвэл энэ нь дэлхийн томоохон эмгэнэлт явдлын эхлэл болно гэдгийг бид бүгд мэдэж байгаа шүү дээ. Энэ бол дэлхийн 3-р дайны эхлэл байх болно гэж би бодож байна. Ийм юм боломжтой гэдгийг өнгөрсөн түүхийн үеийн дарангуйлагч дэглэмүүдийн жишээн дээрээс бүгд мэддэг. Энэ нь амар биш, гэхдээ боломжтой байсан. Мөн энэ нь дэлхийн хувьд маш аймшигтай юм болно гэж би бодож байна.
BBC: Хэрэв та ялбал Владимир Путин амьд үлдэх үү?
В.З: Надад хамаагүй ээ.
BBC: Түүнийг засгийн эрхэнд үлдэх эсэх нь танд хамаагүй юу?
В.З: Мэдээжийн хэрэг. Дараа нь ... Орос улс дотоод асуудлаа шийднэ. Өөр газар нутгийг булааж аваад дотоод асуудлаа шийдэж болохгүй учраас үүнийг зөв гэж бодож байна. Бусад эдийн засгийг хохироож байгаа эдийн засгийн дотоод асуудлууд. Нийгэмдээ юм тайлбарлахаа болиод ажилдаа орох, төрөө шинэчлэх, эдийн засгийн зарим шинэчлэл хийх гэх мэтээр дотооддоо ухралт хийх ёстой, өөрөөр хэлбэл дотоод улс төр рүүгээ орох ёстой, тэгвэл зөв болно.
Тиймээс түүнд юу тохиолдох нь надад падгүй. Нийгэм нь өөрөө түүнтэйгээ харьцах болтугай. Энэ бол зөвхөн тэдний асуудал шүү дээ.
BBC: Энэ дайнд Ерөнхийлөгч Путины удирдлагыг дарамт шахалтаар шүүмжлэх нь ихсэж, генералуудыг нь байнга шүүмжилдэг боллоо. Үүнийгээ болих болов уу?
В.З: Ер нь тэндхийн хүмүүс үүнээс айдгийг гайхаж байна. Тэнд байгаа хүмүүс үгээ хэлэхээс, бодол санаагаа илэрхийлэхээс ямар их айдаг гээч. Олон нийтийн сүлжээнд хүмүүс үүнийг хийхээс хичнээн их айдаг вэ. Тэд гудамжинд гарч эрхийнхээ төлөө тэмцэхээс ямар их айдаг вэ.
Би энэ логикийг ойлгодоггүй юм, гэхдээ тэнд маш олон хүмүүс байдгийг мэддэг ч гэсэн бид хөршүүд, таны хэлснээр бид түүхэн холбоотой, гэхдээ бид маш өөр хүмүүс ... Тэдэнд юу тохиолдсон бэ? Хэдэн арван жил, ялангуяа сүүлийн арван жилийн хугацаанд? Тэдэнд юу тохиолдсон бол ...
Энэ логикийг төсөөлөөд үз дээ: тэр орос хүн гудамжинд гарахаас айдаг, учир нь түүнийг зодож, шоронд хийх болно, тэр ч байтугай энд хүчээр дайчлагдаж, бууж өгөхөд бэлэн байна. Таны зан чанарт ямар их доромжлол болох вэ! Аав ээж чинь ч биш, Бурхан ч биш, Путин л чамд амь амьдрал өгсөн, түүнийгээ эргүүлээд буцааж авах бүрэн эрхтэй гэсэн үг болж байна уу?... Тэд их өөрчлөгджээ. Тэд мэдээлэл, заналхийлэл, хүн хулгайлах зэрэгт дарагдсаар, тэдний нийгэм нь тэр чигээрээ маш их өөрчлөгдсөн байна ...
BBC: Тэд түүний эсрэг босох ёстой гэж та бодож байна уу?
В.З: Тэд Путиныг эсэргүүцдэггүй. Тэрнээс айх хэрэггүй гэдгээ ойлгох ёстой юмсан. Тэд өөрсдийнхөө төлөө босох ёстой. Өөрийнхөө төлөө шүү. Тэд хэн нэгний эсрэг тэмцэх шаардлагагүй, гагцхүү өөрийнхөө төлөө л... Өөрийнхөө төлөө шүү. Чи дайнд мордох ёсгүй – нэгдүгээрт. Хэн ч чамайг албадаж чадахгүй, хоёрдугаарт. Та харийн газар дээр тулалдаж болохгүй, гуравт. Чи үхэх ёсгүй, дөрөвт. Өөрийнхөө сэтгэл, бүхий л хүч чадлаа зориулсан, тэжээсэн, ээж нь болсон, энэ хүүхдийг төрүүлсэн, яагаад тэдэнд хүүгээ өгч байгаа юм бэ, төрүүлсэн үрээ тэрэнд өгч болохгүй шүү дээ. Энэ чинийх! Аль нэгэн цуст даргад өөрийнхийгөө өгөх ёсгүй, тэгэх ёсгүй, үүний төлөө чамайг хэн ч өршөөхгүй! Хамгийн гол нь - юуны төлөө? Дараа нь чи үхэх болно, тэгээд юу санах вэ? Нүглийн төлөө өгсөн хүүгийн чинь залуухан царай?!
Тиймээс, нэгдүгээрт, хүмүүс өөрсдийнхөө төлөө тэмцэх ёстой, тиймээс үзэл бодлоо илэрхийлэх, гадагш гарах, бичих, ярих - бүү ай - өөрсдийнхөө төлөө тэмцэх ёстой. Хоёр дахь нь тэнд байгаа цэргийнхний хувьд тэд газар нутгийнхаа төлөө тэмцэнэ гэж тангараг өргөсөн. Тэд дэлхийн аль ч улс орны цэрэгтэй ижилхэн. Гэхдээ өөр орны нутагт хүн ална гэж тангараг өргөсөн хүн байхгүй, хаана ч байхгүй, ингэхээр татгалзаж болно. Та хүний болон хуулийн аль алинд нь бүхий л эрхтэй. Мөн тэд ч энэ тухай ярих ёстой. Эдгээр дайчлагдсан хүүхдүүд - одоо юу ч үгүй, пулемётгүй, сум нэвтэрдэггүй хантаазгүй ирж, Зөвхөн бууны онилсон махан таташ болон шидэгдэх гэж ирж байна. Тэд бол хүмүүс биш, ердөө л махан таташ. Хэрэв тэд өөрсдийгөө шарагдах мах л юм гэж бодож байгаа бол яая гэхэв. Харин тэд өөрсдийнөө хүн хэвээр байгаа гэж үзсээр, энэ нь тэдний амьдрал, тэдний мөн чанар гэдэгт итгэсээр байгаа бол тэд тэмцэх ёстой ...
Тэд Украины төлөө тэмцэх шаардлагагүй, бид өөрсдийнхөө төлөө тэмцэж байна. Өөрийнхөө бие, эрх чөлөө, эрх, сэтгэлийнхээ төлөө тэмц, энэ л тэдний хийх ёстой зүйл юм. Тиймээс тэд үүнийгээ ойлгох үед ОХУ-ын Ерөнхийлөгчийн тухай таны асуулт маш их хамааралтай байх болно. Энэ нь тэдний өөрсдийнх нь нийгмээс л шалтгаална.
"Холбоотон бол ямар ч эзэнт гүрнээс илүү хүчтэй."
Украины ирээдүйн тухай
BBC: Энэ дайнаас ямар Украин бий болох вэ? Та Оросын хөрш хэвээр байх болно, Орос хэлээр ярьдаг олон хүн амтай хэвээр байх болно. Та энэ бүс нутагт шинэ харилцааг хэрхэн бий болгох гэж байна вэ?
В.З.: Украин өөр байх болно. Украин нэгдүгээрт, хүчирхэг улс болж гарч ирэх бөгөөд энэ нь одоо манай ард түмэнд мэдрэгдэж байна. Дэлхийд нэгэнт нэр хүндтэй, эрх тэгш ярьдаг улс болж гарч ирэх бөгөөд газар нутаг, хүн ам нь цөөн, манайхаас хэд дахин бага ч гэсэн аль ч улстай эн тэнцүү байхад бэлэн гэдгээ би үргэлж онцолж ирсэн.. Гэхдээ бас манайхаас том газар нутагтай улсуудтай ч эн тэнцүү байх болно, учир нь энэ бол ардчилал, энэ бол хүндэтгэл... Бид ЕХ-ны гишүүн орон болж гарч ирнэ, үүнийг манай нийгэм хүсч байна. Манай нийгэм энэ замыг сонгосон, үүнийг зөв гэж бодож байна.
Зөвхөн Украинд төдийгүй хүн бүрт шинэ үе шат ирнэ гэж би бодож байна. Энэ бол хүн бүр эзэнт гүрнээс айхаа больж, холбоотон улсуудын нэгдэл нь дэлхийн аль ч засаглал, эзэнт гүрнээс илүү хүчтэй гэдгийг ойлгох мөч байх болно гэж би бодож байна. Энэ дүгнэлт нь нийгэмд, ялангуяа жижиг улс орнуудад маш чухал үзүүлэлт юм шиг санагдаж байна. Хаана төрсөн, ямар хэлээр ярьдаг, хаана ажилладаг нь хамаагүй, хичнээн их байсан ч хамаагүй тэгш байх нь жам ёсны зүйл юм. Хамгийн гол нь та бид хоёрын санхүүгийн түвшин хэдий тэнцвэргүй байсан ч ижил тэгш эрхтэй байх нь чухал. Украин өөрийн үлгэр жишээ, ялалтаараа хүмүүст болон дэлхий дахинд өгөх чухал дүгнэлт бол энэ юм.
Орчуулсан Баабар