Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Оросын хулчгаруудыг монголчууд хүмүүжүүлнэ


ОХУ-ын “Свободная пресса” агентлагийн тоймч Игорь Моисеев нэгэн нийтлэл бичсэн нь бидний анхаарлыг гарчгаасаа эхлээд татлаа.
Гарчиг нь “Трусов и беглецов из РФ мы сами перевоспитаем, пусть едут, у нас есть тысячелетний опыт” буюу “ОХУ-ын хулчгар оргодлуудыг бид өөрсдөө хүмүүжүүлнэ. Ирж л байг, бидэнд мянган жилийн туршлага байна” гэжээ.
Ингээд тус нийтлэлийг орчуулан хүргэе. Гэрэл зургууд нь тус нийтлэлд орсон зургууд гэдгийг сануулъя. 

ОХУ-ЫН ХУЛЧГАРУУД, ОРГОДЛУУДЫГ БИД ӨӨРСДӨӨ ХҮМҮҮЖҮҮЛНЭ,
ИРЖ Л БАЙГ, БИДЭНД МЯНГАН ЖИЛИЙН ТУРШЛАГА БАЙНА
Игорь Моисеев
Чингис хааны үр сад манай цэргийн албанаас зугтагсдыг өөрийн аргаар монголчлох гэнэ.
Цэргийн дайчилгаанаас зайлсхийгсэд Оросоос Гүрж, Казахстан, Турк төдийгүй Монгол руу ч зугтаж байна. Монголын Гадаадын иргэн, харьяатын газрын мэдээгээр ОХУ-д хэсэгчилсэн дайчилгаа эхэлснээс хойш Монголд 7000 орчим орос иргэн ирээд байгаа ажээ. Тэдэнд оршин суух зөвшөөрөл олгож, сунгана гэдгээ Монголын Засгийн газраас мэдэгдсэн.
Өөрөөр хэлбэл Монголын Засгийн газар манай оргодлуудад “ногоон хивс” дэвсэн өгч байгаа юм. Яагаад монголчууд ийм зөөлөн хандаж байна вэ? Энэ талаар бид монголчуудаас өөрсдөөс нь тодрууллаа. Гадаадын иргэн, харьяатын газрын мэргэжилтнүүдтэй ажил төрлийн байнгын харилцаатай байдаг хүмүүсийг бид сонгож уулзсан юм.
 

Бизнес эрхлэгч Энхамгалан Даваа бол хүнсний үйлдвэрлэлийн шинэ технологи нэвтрүүлэх ажлаар Монгол, Оросын хооронд байнга явдаг хүн.
Тэрээр “Манайд ерөнхийдөө хил орчмын бүс нутгийн оросууд орж ирж байгаа. Ихэнх нь Улаан-Үд, Эрхүү, Кемеров, Новосибирск, Хиагтын орос, буриад, халимагууд. Тиймээ, тэд аймхай хулчгарууд. Ёс суртахууны хувьд хүн төрөлхтний шилдэг сайн төлөөлөл гэж хэлж болохгүй улсууд. Гэхдээ манай Монгол асар уудам нутагтай тул хүн амын нарийн бодлоготой. Манайх 3 сая 300 мянган хүнтэй. Москвагийн ганц хоёр тойрог л гэсэн үг. Үүнээс 1,5 сая нь Улаанбаатарт амьдардаг. Үлдсэн газар нутаг дээр мөн 1,5 сая хүн. Салхи исгэрээд л хов хоосон. Хэн ч амьдардаггүй эзгүй газар нутаг. Харин хажууд маань 1,5 тэрбум хүн амтай Хятад улс байна. Одоо хятадууд Улаанбаатарт барилгын ажил маш их хийж байна. Тэд маш сайн барилгачин гэдгийг хэлэх хэрэгтэй. Хятадын корпорацууд энд бүтэн хорооллууд барьж байна. 10-15 давхар барилгатай, цэцэрлэгт хүрээлэн, сургууль, цэцэрлэгтэй хорооллууд. Хятадууд барилгачнаар манайд гэрлээгүй, залуу эрчүүдээ бодлогоор илгээдэг. Тэд барилга дээрээ амралтын өдрүүдээр диско зохион байгуулдаг. Нөхөргүй монгол бүсгүйчүүд тэдэн дээр гал түүдэг дээр цуглах дэнгийн эрвээхэй мэт л цуглардаг. Хятад хүнтэй гэрлэнэ гэдэг амьдрал ахуйн асуудлаа бүрэн шийднэ гэсэн үг. Хятадад ийм гэрлэлтийг ихэд хөхүүлэн дэмждэг. Тэгвэл Оросоос зугтсан оргодлууд манай хүн амын бодлогын хамгаалалтыг өөрсдөө мэдэлгүй сайжруулж байгаа юм. Орос эрэгтэй, монгол эмэгтэйн дундаас маш ухаантай хүүхэд төрдөг гэдгийг амьдрал баталсан. Харин монголчууд бидэнд ухаантай хүмүүс их хэрэгтэй байгаа. Туулай шиг аймхай байсан ч ухаантай байвал болох нь тэр. Эр зоригтой, эрэлхэг дайчид бол Монголд хангалттай бий. Энд хэнтэй ч ярьсан Чингис хаан, Жамуха, Сүбээдэй, эсвэл Сүхбаатарын үр сад гэж өөрсдийгөө хэлнэ.
 

Монголчууд дэлхийн хоёрдугаар дайны үеэр Зөвлөлтийн дайчидтай мөр зэрэгцэн, байлдсан. Дайны өмнө ЗХУ-д суралцаж байсан монгол оюутнууд бүгд фронтод явж байсан. Олон хүн амиа алдсан. Монголчууд бид байлдаж чадна. Манайд тамирчид ч бүтэн арми болохоор олон. Ялангуяа бөхчүүд. Мянган хүнд оногдох олимпын аваргын тоогоор бид дэлхийд тэргүүлдэг. Манайд самбо бөхийн дэлхийн аварга Ерөнхийлөгч хүртэл байлаа. Харин инженерүүд их дутагдаж байна. Бүх төрлийн инженер, IT мэргэжилтэн шаардлагатай байна. Энэ салбар манайд сул хөгжсөн. Гэтэл одоо IT инженергүйгээр хаашаа ч явж чадахгүй болжээ. Харин орос оргодлууд дотор  IT мэргэжилтэн маш олон байна. Тэднээс шилээд авахад л болно.
Гадаадын иргэн, харьяатын газарт гаднаас ирсэн хүн болгоныг сайтар шалгаж байгаа. Юу чаддаг, ямар мэргэжилтэйг нь судална. Олонхыг нь орос хэлний багшаар ч ашиглаж болох юм. Манай багш нар тэдэнтэй хэдэн сар ажиллаад л орос хэлний багш болгож чадна. Халимаг, буриадууд хоёр хэлтэй хүмүүс. Тэд орос хэл мэднэ, монголоор ч сайн ойлгоно. Буриадууд өөрсдийгөө буриад-монгол гэж нэрлэдэг шүү дээ.
Монголын хойд хэсэгт 100 мянган буриад амьдардаг ч орос хэл мэддэггүй. Гэхдээ танай зугтагсдын хувьд тэд хамаатан садан л гэсэн үг. Харин тэднийг хүмүүжүүлэхэд зайнаас, Улаанбаатараас ажиллах шаардлагатай болж байгаа юм.
 

Оросоос ирэгсэд манай гэрт амьдраг. Эрүүл мэндэд ашигтай. Монголчууд бидэнд орос хэл хэрэгтэй. Орос хэлгүй бол хэцүү. Дайны дараа 60 мянган монгол залуу ЗХУ-ын их дээд сургуульд боловсрол эзэмшсэн.
Нэг хэсэг монголчууд хятад, солонгос дээд боловсрол сонирхдог болсон ч сүүлийн үед цөөрсөн. Ханз үсэг сурахад хэцүү шүү дээ. Харин Орос, Монгол хоёр адилхан кирилл бичигтэй.
 

Манай цэргийн бүх томчууд Зөвлөлтөд төгссөн хүмүүс. Одоо ч гэсэн Оросын сургуульд суралцаж байна. ОХУ-ын бараг бүх цэргийн сургуульд монголчууд суралцаж байгаа. Манай нэг Ерөнхийлөгч Львовын цэргийн дээд сургуулийг төгссөн. Мэргэжлийн улс төрийн удирдагч. БХЯ-ны бүх дээд офицерууд, Жанжин штаб тэр чигээрээ ОХУ-д төгссөн. Саяхан Монгол улс өөрийн гэсэн флоттой боллоо. Бид хөлөг онгоцоо Хятадаас түрээсэлж, нүүрсээ Япон, Өмнөд Солонгос, Индонезид гаргаж байна. Энд ажиллах усан цэрэг, ахмадуудаа бид Оросын Тэнгисийн цэргийн сургуульд сургаж байгаа. Тиймээс орос хэлгүй бол монгол залууст хэцүү. Бизнес эрхлэхэд ч, албан тушаал ахихад ч хүндрэлтэй. Гэтэл Оросоос ийм олон “орос хэлний багш” нар ирэх гэж...  
 
Ер нь хэлэхэд, тэд манайд ирж л байг. Энд үлдэг. Монгол бүсгүйчүүдтэй гэрлэг, амьдраг. Манай бүсгүйчүүд үнэхээр үзэсгэлэнтэй. Азийн хамгийн хөөрхөн охид шүү дээ. Орос оргодлууд Монголд ирснээр монголчууд бид ген, хүн амын хөгжлийн бодлогын тал дээр ч хожоотой үлдэнэ. Хулчгар оргодлуудын үр хүүхдийг дайчин баатар болгон хүмүүжүүлэх ажлыг бид өөрсдөө хийнэ. Бидэнд мянган жилийн туршлага байна” гэжээ.

https://news.zindaa.mn/4ctq
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ