Монголын бүх ард түмний спортын XV наадмын шигшээ тэмцээн өчигдөр (9.18) өндөрлөсөн бөгөөд 26 спортын шилдгүүд тодорлоо. Дөрвөн жилд нэг удаа болдог тул Монголын спортынхны хувьд энэ наадмыг “олимп” хэмээн нэрийдэж болно. 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан 4570 орчим тамирчин 561 багц медалийн төлөө өрсөлдөхөд багийн нэгдсэн дүнгээр дүүргүүдээс Баянзүрх дүүрэг 101 медаль (49 алт, 31 мөнгө, 21 хүрэл), аймгуудаас Хэнтий аймаг 49 медаль (23 алт, 18 мөнгө, 8 хүрэл) хүртсэнээр түрүүллээ. Харин хүчний байгууллагаас "Алдар" спорт хороо 123 медаль (56 алт, 38 мөнгө, 29 хүрэл)-тайгаар тэргүүлсэн байна. Энэ удаагийн наадмын анхан шатны тэмцээн гуравдугаар сараас гурван үе шаттайгаар орон даяар өрнөсөн бол шигшээ тэмцээн есдүгээр сарын 9-нөөс эхлэн спортын 26 төрөл (олимпын 18, оюун ухааны хоёр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зургаа)-д болсон юм. Тус наадмын хаалтын ёслол өнөөдөр Спортын төв ордонд 16:00 цагт болно.