Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Улсын зээлжих зэрэглэл буурч эдийн засаг давхар “элэгдүүллээ”

Монголын эдийн засаг орвонгоороо эргэн доройтжээ. Урамгүй үзүүлэлтээр дүүрсэн эдийн засгийн орчин хөрөнгө оруулагчдыг үргээж байна. Төгрөгтэй харьцах ам.долларын ханш даваа гарагт 2792.50 төгрөгтэй тэнцлээ. Төгрөгийн ханш сулрах хэрээр импорт улам үнэтэй болж байна. Гаднаас хямд зардалтай хөрөнгө оруулалт татах боломж хязгаарлагдаж, бизнес хумигдсаар. 
Эргэлзээ, үл итгэлцэл тэр хэрээр ноёрхож, хөрөнгө оруулагчдын анхаарлын гадна талд Монгол Улс үлдэх нь. Олон улсын зээлжих зэрэглэл тогтоох үнэлгээний томоохон агентлагууд бидэнд доогуур дүн тавьчихаад байна. Тэдний нэг нь Moody’s. Тус агентлаг Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийн төлөвийг “Тогтвортой”-гоос “Сөрөг” болгож буурууллаа. Гэхдээ зээлжих чадварын урт хугацааны “В3” ангиллыг хэвээр үлдээв.
Энэхүү шийдвэр нь он гарснаас хойш манай улсын экспорт огцом унаж, урсгал дансны алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 15-20 хувь хүртэл өсөх төлөвтэй байгаатай холбоотой аж. Зээлжих зэрэглэлийн төлөв уруудсан жилүүдэд гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс буурсан байдаг. Тэрчлэн төгрөгтэй харьцах ам.долларын ханш чангарч байсан удаатай. Оны эхний гурван сарын байдлаар урсгал дансны алдагдал өмнөх оноос бараг хоёр дахин нэмэгдэж, 767 сая ам.доллар хүрээд байна. Үүнээс гадна төсвийн алдагдал ДНБ-ий 8.5 хувь хүрч болзошгүй аж. Moody’s агентлаг гадаад валютын албан нөөц 4.4 тэрбум ам.доллараас гурван тэрбум ам.доллар хүртэл буурна гэж тооцжээ. Зээлжих зэрэглэл сөрөг жилүүдэд төсвийн алдагдал болон гадаад өрийн хэмжээ өсөж байжээ. Ам.долларын ханш голлох валютуудын эсрэг чангарсан хэвээр. Дэлхийн эдийн засагт тодорхой бус байдал давамгайлж байгаа тул аюулгүй хөрөнгө оруулалтад тооцогддог алтны эрэлт нэмэгдэхээр байна. Манай улс санхүүгийн орчинд мордохын хазгай гэгч болж байна. Саарал, хар жагсаалтаас гадна зээлжих зэрэглэл “Сөрөг” болчихлоо.
Засгийн газарт өгсөн үнэлгээ ийнхүү “Сөрөг” болсноор дагаад дотоодын хувийн хэвшлийн нэр хүнд олон улсад газардаж байна. Өөрөөр хэлбэл, банк болон компани гаднын зах зээлээс хөрөнгө татах боломжийг дээрх үнэлгээ үгүйсгэлээ. Монголыг хөрөнгө оруулахад өндөр эрсдэлтэй улс хэмээн дэлхий нийтэд зарлалаа. Уг нь ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр зээлжих зэрэглэл ахих боломжтой гэж албаныхан үзэж байлаа. Гэвч Монголыг ахиулсангүй. Харин эсрэгээрээ буурууллаа. 5.5 тэрбум ам.долларын багцтай хөтөлбөр урагшилсан ч бид зээлжих зэрэглэлээ эерэг болгож чадсангүй. Тус хөтөлбөр энэ сард дуусгавар болно. Олон улсын үнэлгээний өнгийг тодорхойлогч Moody’s агентлагтай зэрэгцээд Fitch болон S&P агентлаг ээлжит үнэлгээгээ өгч эхэлнэ. Гадаад өрийн дарамтыг бууруулахад уул уурхайн томоохон төслүүд онцгой үүрэгтэй байсан ч “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт удааширч, “Тавантолгой” төслийн IPO зогсов. Мега төслүүдээ хөдөлгөж чадсан орнууд зээлжих зэрэглэлээ ахиулсан байдаг. Гэтэл манай улс байгаа мега төслүүдээ гацаах болсноор санхүүгийн эрсдэл нэмэгдсээр. Хөрөнгө оруулагчдын “луужин” гэж хэлж болохоор зээлжих зэрэглэл цаашид дордсоор байвал гаднын санхүүгийн зах зээл бидэнд улам хаалттай болно гэсэн үг. Хөрөнгө оруулалтын орчин дээрдэхгүй, засаглалын тогтворгүй байдал газар авсаар байвал хөрөнгийн гадагшлах урсгал улам тэлэх талтай. Цар тахлаас үүдэн хөгжиж буй орнуудаас гадагшлах валютын урсгал нэмэгдэж буй. Ийм үед үнэлгээ буурна гэдэг том гарз юм. Зээлжих зэрэглэл нь аливаа улсын эдийн засаг, төлбөрийн чадварыг хэмжих санхүүгийн “барометр”. Энэ утгаараа улс орнууд зээлжих зэрэглэлээ ахиулахыг хичээдэг. Зээлжих зэрэглэл дээшлэхийн хэрээр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэдэг. Харамсалтай нь энэ итгэл өнөөдөр “устаж” байна. Төсөв болон төлбөрийн тэнцлийн алдагдал буурахгүй бол зээлжих зэрэглэл сайжрахгүй. Хамгийн гол нь олон улсын зах зээлд Монголоор овоглосон бондын зардал нэмэгдсээр. Бондын зах зээлийн тогтворгүй байдалд хөрөнгө оруулагчид манай улсаас дөлнө. Монголын эдийн засагт тодорхойгүй байдал нүүрлэсэн оны эхний гурван сарын хугацаанд эерэг үзүүлэлт байсангүй. Нүүрсний экспорт гэхэд л урьдын хэвэндээ орж, жигдрэхгүй бол төсвийн алдагдал зузаарна. Төлбөрийн тэнцлийн алдагдал оны эхний улиралд 350 сая ам.долларт хүрсэн. Өнгөрсөн онтой харьцуулахад 570 гаруй сая ам.доллараар муудаад байгаа нь энэ. 
Экспортоо ахиулж, төсвийн алдагдлаа бууруулахгүй бол зээлжих зэрэглэлээ дээшлүүлэхэд хол байна. Иргэдийн халаасанд мэдрэгдэх хамгийн эхний эрсдэл нь валютын ханш болж байна. 
Б.Баяртогтох
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ