Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Зээл төлөлтийг гурван сараар хойшлуулснаас өөр дэмжлэг алга


Эдийн засаг хүндэрч бизнесийн олон байгууллага хаалгаа барьж, иргэд хэрэглээний болон ипотекийн зээлийн хүүд дарамтлуулсан энэ хүнд цаг үед Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдаж банк болон ББСБ-ын иргэдийн хэрэглээний  болон бизнесийн зээлийн эргэн төлөлтийг гурван сар буюу 90 хоног хойшлуулах шийдвэр гаргалаа. Энэ нь коронавирусын тархалттай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдал шилжсэнээс хойш тухайлбал, 2020 оны нэгдүгээр сарын 31-наас долдугаар сарын 31 хүртэлх хугацаанд тодорхой нөхцөлтэйгөөр түр хугацаагаар мөрдүүлэхээр шийдвэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл,  нэг болон хоёр, гуравдугаар сарын зээлийн эргэн төлөлтөө барагдуулсан иргэн дөрөв, тав, зургадугаар сар гээд долдугаар сарын 31 хүртэл зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж 121 дэх хоногоос хойш үндсэн зээлээ хүүтэйгээ төлдгөөрөө төлөөд явна. Харин нэг, хоёр, гуравдугаар сард зээлээ эргэн төлөөгүй иргэд мөн энэ түр хугацаанд мөрдөх дээрх шийдвэрт хамрагдана гэсэн үг юм байна. Тодруулбал, ипотек, цалин, тэтгэвэр болон бусад хэрэглээний зээл хэлбэрээр иргэнд олгосон зээлд тогтоох хугацааны ангиллыг “Хэвийн” зээлийн хувьд 15 хоног байсныг 90 хүртэлх хоног болгож, “Анхаарал хандуулах” зээлийн хувьд 91-120 хүртэлх хоног, “Чанаргүй” зээлийн хувьд 121-ээс дээш хоног байхаар тус тус тогтоож мөрдөх болж байна. Мөн хэрэглээний болон бизнесийн зээлийн бүтцийг өөрчилж, холбогдох гэрээнд өөрчлөлт оруулсан тохиолдолд уг зээлийг журмын дагуу бүтэц өөрчлөгдсөн активт тооцохгүйгээр, эцсийн ангиллыг хэвээр тогтоохоор болж байна. Ингэхээр иргэн банкинд очиж зээлийн гэрээгээ өөрчлөх шаардлага гарч байгаа аж.
 
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл иргэд, аж ахуйн нэгжийн  банкуудад ирсэн өргөдөл хүсэлтийн 90 орчим хувь нь зээл төлөлтийг хойшлуулах, алданги хүү тооцохгүй байх, Төвбанкны хар дансны мэдээлэлд оруулахгүй гэсэн хүсэлт эзэлсэн аж. Одоогоор 419 мянган зээлдэгч энэ түр хугацааны шийдвэрт хамрагдахаар байна.
 
Тиймээс ийм шийдвэр гаргасан гэдгээ Сангийн сайд мэдээлсэн. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн нэг гишүүн нь Санхүүгийн зохицуулах хороо. Одоогоор 29 ББСБ хэрэглээний зээлийн 7.4 орчим хувийг эзэлж байгаа юм байна. Тиймээс мөн дээрх шийдвэрт хамрагдана гэж Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хэлсэн. Зээлийн актив ангилах журмын хүрээнд зээлийг дөрөв ангилдаг. Эдгээр зээлийн дөрвөн ангилалд банктай нэг ижил  үйлчилнэ гэсэн юм. Ямартаа ч энэ шийдвэр гарснаар зээлийн эргэн төлөлтийг дээрх хугацаанд царцааж байгаа нь сайшаалтай. Түүнчлэн бодлогын хүү буурсан болон зээлийн эргэн төлөх хугацааг хойшлуулж буйгаас шалтгаалж шинээр олгох зээлийн хүү буурах боломж бүрдэж байгааг Төвбанкны ерөнхийлөгч онцлов.
Нөгөөтэйгүүр Дэлхийн банк болон олон улсын байгууллагууд тусламж үзүүлэх хүсэлтэй байгаа ч манай Засгийн газарт “май” гээд барих  онцгой үед хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө алга. Банкуудыг зээлийн эргэн төлөлтөө хойшлуул, хүүг бууруул, зээл олго гэж шахаж тэдэнд ачааны хүндийг үүрүүлж буй нь төрийг төлөөлж буй  Засгийн газар нь дорвитой шийдвэр гаргаж чадахгүй байна гэж зарим шинжээч, эдийн засагчид шүүмжилж байна.
 
Хэдийгээр Монголбанк бодлогын хүүгээ нэг хувиар бууруулсан ч банкуудад тавьдаг зарим шаардлага, дүрэм журам нь хатуу хэвээр. Харин Засгийн газарт нь төсвийн тодотгол хийх нөхцөл үүссэнийг олон  эдийн засагч, нам, улс төрийн хүчин, иргэний нийгмийнхэн хүсч хөтөлбөр, төлөвлөгөө хүртэл хүргүүлсээр байгаа ч гүрийсээр байна.
 
Жижиг, дунд бизнес эрхлэгч болоод цалингаа тавьж чадахгүй байгаа байгууллагууд  түрээс болон зээлийн өрөнд орсон  хувиараа хөдөлмөр эрэхлэгчид  бүгд эдийн засгийг тэтгэх бодлогын дорвитой шийдвэр хүлээж байсан. Гэтэл  нааштай зүйл ярьсангүй гэхэд болно. Төсвийн тухай хуулиар нэгэнт батлагдсан төсөв түүндээ зарцуулагдах учиртай. Тиймээс  хэн ч төсвийн  ялангуяа, онц шаардлаггүй бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийн мөнгийг  шууд өөр зүйлд шилжүүлж зарцуулах аваас төсөв захирагч дээлээ нөмрөөд хариуцлага хүлээх хуультай. Тиймээс Сангийн сайд дур мэдэн төсөвт тодотгол хийх эсэх нь түүнээс шалтгаалахгүй нь мэдээж. Гэхдээ эдийн засгийн үүссэн нөхцөл байдалтай холбоотой яаралтай хэрэгжүүлэх төлөвлөгөө байхгүй байгаа нь тодорхой байв. Манай улс бусад хөгжингүй орон шиг нөөц хөрөнгө гаргаж хэдэн зуун тэрбумаар тэтгэх мөнгө байхгүй. Тэгэхээр хуулиар төсөвт тодотгол хийх л гарц байна гэх. Тодотгол хийх  бол УИХ хуралдах учиртай. Ингэхээр цаг хугацаа орох нь ойлгомжтой. Нөгөөтэйгүүр, Сангийн сайд  төсвийн тогтвортой байдлын хууль хэрэгжиж  “Ирээдүйн өв сан”-д хуримтлагдсан хэдэн төгрөг аминд орж байна гэж ярих ч давагдашгүй хүчин зүйлийн дор хүчин мөхөстөж дархлаа нь суларсан эдийн засгаа  энэ үед тэтгэх вакцин хэрэгтэйг сануулж хүлээсээр сууна. Нөгөөтэйгүүр гадны банк оруулж ирэх, түүнчлэн эдийн засгийн хөгжлийг тэтгэх Хөгжлийн банк юу хийж байгаа тухай ч ярих болж байна.
 
Ц.МягмарбаярЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ