Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

​Өндөрхаан-Чойбалсангийн зам дээр 10 жил гацсан “Чайна Жео- Инженеринг Корпораци” компанид Дарханы замын гурван багцыг өгчээ


-Гадаад худалдааны компани манай зам барилгынтом төслүүдэдямар аргаар орж ирсээр байгаань анхаарал татаж байна-

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.1 км замын тендерийн маапааныг АТГ-аас шалгаж эхлээд байна. Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголт хөгжлийн банкны 62.8 сая ам.доллар буюу 200 орчим тэрбум төгрөгийн санхжүүжилт 2019 онд шийдэгдэхэд олон улсын чанартай 204.1 км зам барих компани байгаагүй, бэлтгэл ажил хангагдаагүй байсан тухай бид өмнө нь мэдээлсэн.
Дарханы зам дээр хамгийн анхны тендерээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай таван компани шалгарсан байдаг.
Тодруулбал, замын I багцад БНХАУ-ын “Хэйлонжиан Жиньеи Реүд энд Бридж” компани, II болон IV багцыг “Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг групп”, III багцыг “Гуйжоу Хайвэй Инженеринг Грүпп”, V багцыг “Чайна Жео-Инженеринг Корпораци” компани шалгарч, тухайн оныхоо зургадугаар сарын 12-14-ний өдрүүдэд гэрээ байгуулж байж. Тэгвэл өнөөдөр тус зам дээр долоон компани ажил гүйцэтгэж байгаа юм. Компаниуд нэмэгдсэн, орж гарсан. Тэр бүрт тендер зарлагдсан гэсэн үг. Тэрхүү тендерүүдийн ард юу болсныг хуулийнхан одоо шалгаж буй.
Дарханы зам дээр ажиллаж байгаа компаниуд дотроос анхаарал татаж буй нэг компани бол “Чайна Жео-Инженеринг Корпораци” юм. Анхны тендерээр замын тавдугаар багц буюу Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 9.8 сая ам.долларын өртөгтэй 30.53 км зам дээр тус компани шалгарч байжээ. Ингээд зам барилгын ажил эхэлсэн. Гэтэл өнөөдөр тэд нэг биш гурван багц дээр ажилладаг болжээ. Тэд анхны тавдугаар багцаа орхиж хоёр, гурав, дөрөвдүгээр багц дээр БНХАУ-ын “Жунмэй Инженеринг” гэх компанитай хамтран ажилладаг болжээ.
Дарханы зам дээр шалгарсан анхны компаниуд техник хэрэгсэл, хүн хүч дутуу, ажлын туршлагагүй, бараг хоосон шахуу цаасан дээрх компани орж ирж байсан тухай баттай эх сурвалжууд хэлдэг. Гэтэл өнөөдөр тэдний зарим нь хариуцах ажлаа улам тэлээд нэг биш гурван багц дээр ажилладаг болчихсон нь хачирхалтай. Магадгүй ажлын гүйцэтгэл сайн байсан учраас захиалагчид нэмж ажил өгсөн байж болох. Гэвч үгүй аж. Өнгөрсөн зургадугаар сарын 30-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ замын ажлын явцтай танилцахад хамгийн
их чих халууцуулсан компани нь өнөөх “Чайна Жео-Инженеринг Корпораци” болж таарсан юм. Энэ тухай “...Замын нийт ажлын гүйцэтгэл 40 гаруй хувьтай явагдаж байна....4, 2, 3 дугаар багцыг гүйцэтгэж байгаа БНХАУ-ын “Чайна Жео-Инженеринг Корпораци” болон “Жунмэй инженеринг” групп компанийн ажлын гүйцэтгэл хангалтгүй байна” гэж Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Ерөнхий сайдад танилцуулж байсан нь хэвлэлийн хуудаст үлдсэн байгаа юм.
Нэг ёсондоо Дарханы зам таван жил дуншсан, одоо ч ажлынхаа талдаа ороогүй байгаа нь энэ компанитай холбоотой гэж харагдахаар байна. Замын таван багцын гурав буюу нийт санхүүжилтийн 60 гаруй хувийг авч байгаа “Чайна Жео-Инженеринг Корпораци” компанийн хувьд энэ замын гол хариуцагч болж таарна. Ийм хариуцлагагүй, чадамжгүй компани яаж энэ том төсөл дээр эзэн сууж чадав аа гэх асуулт ч урган гарна.
Хамгийн ноцтой нь “Чайна Жео-Инженеринг Корпораци” компани өмнө нь ч муу түүхтэй аж. Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн тавьж дуусдаггүй 50 км зам бий. Ингээд яривал зүүн аймгийнхан хамгийн сайн мэднэ. Одоогоос 10 орчим жилийн өмнөөс эхэлсэн зам барилгын ажил. Гэвч өнөөдөр зам нь ашиглалтад ороогүй там болчихсон, дээр нь шүүхийн маргаантай л үлджээ. Тус замын тендер анх 2013 онд зарлагдаж гурван компани өрсөлдөн “Чайна Жео-Инженеринг Корпораци” компани шалгарч байжээ. Төсөвт өртөг нь 12.6 тэрбум төгрөг байлаа. Замын ажил 2014 оны тавдугаар сарын 21-нд дуусах гэрээтэй байсан ч гүйцэтгэгч компани үүргээ биелүүлээгүй. Биелүүлээгүйгээр барахгүй 10 жил өнгөрөхөд ашиглалтад оруулж чадаагүй. Тиймээс Зам, тээврийн хөгжлийн яамнаас тус компанийг шүүхэд өгч замын ажлын доголдол арилгах зардалд 22.4 тэрбум төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Гэтэл ажлаа хийгээгүй “Чайна Жео-Инженеринг Корпораци” компани ажлын хөлсний үлдэгдэл, нэмэлт ажлын хөлс хэмээн 3.6 тэрбум төгрөг нэхэмжилсэн байдаг аж. Анхан шатны шүүх хоёр талын хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон ч Давж заалдах шатнаас “Чайна гео инженеринг” ХХК-иас нэхэмжилсэн 22.4 тэрбум төгрөгийн 33.3 хувь буюу 7.4 тэрбум төгрөгийг Зам, тээврийн хөгжлийн яаманд гаргуулахаар шийдвэрлэжээ. Шүүхийн маргаан одоо ч дуусаагүй.
“Чайна Жео-Инженеринг Корпораци” компанийн маапаан ингээд дуусахгүй. Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн Өвөрхангайн жаргадаггүй 60 км гэгддэг зам бас бий. Энэ замыг ч дээрх компани хариуцдаг гэх мэдээлэл бий.
Тус компанийн мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллээс шүүж үзэхэд 2008 оны зургадугаар сарын 25-нд Монгол Улсад бүртгүүлсэн. 2019 оны есдүгээр сарын 4-нд Tonggelege гэх БНХАУ-ын иргэн төлөөлөх эрхийг нэмэн бүртгүүлж байжээ. Тус компанийн хувьд гадаад худалдаа явуулах үйл ажиллагаатай гэж мэдүүлсэн байна.
Гадаад худалдаа л явуулах эрхтэй компани манай зам барилгын том төслүүдэд яаж орж ирсээр байдаг нь анхаарал татна. Олон улсын чанартай зам дээр ажлын туршлагаас эхлээд шаардлага өндөр байх ёстой. Төсвийг нь тэрбум тэрбумаар нь авчихаад замыг нь барихгүй, нэмээд мөнгө нэхдэг компанийг тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн яам шүүхэд өгч, мөнгөө нэхэмжилж байв. Харин Дарханы замын төсөл дээр Зам тээврийн хөгжлийн яам “Чайна Жео-Инженеринг Корпораци” компанийг гаргаад ирсэн байдаг.
Эдгээр асуудлын гогцоог АТГ-аас шалгаж тодорхой болгох ёстой.
Өдрийн сонин

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ