Японд пүрэв гарагт илэрсэн коронавирусний халдварын шинэ тохиолдлын тоо 255 мянга давсан нь цар тахлын долоо дахь давлагаатай тэмцэж буй улсын хэмжээнд өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Японд коронавирусний халдварлах чадвар өндөр “омикрон” хувилбарын “BA.5” дэд хувилбарын тархалтын улмаас өдөрт илрэх шинэ тохиолдлын тоо олноор нэмэгдэх болоод байгаа бөгөөд хамгийн сүүлд наймдугаар сарын 10-нд хамгийн олон буюу 250 мянга гаруй тохиолдол илрээд байсан юм.
Японы Бон баярын амралтын үеэр иргэд гэр бүлийнхэнтэйгээ уулзахаар аялдаг бөгөөд зорчих хөдөлгөөнд ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүй байгаа тул өвчлөл цаашид улам нэмэгдэх төлөвтэй байна. Эрүүл мэндийн сайд Като Кацүнобү халдварын тохиолдлын тоо өндөр хэвээр байгаа тул ард иргэдэд сонор сэрэмжтэй байхыг уриалжээ. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчид, нас барагсад, хүндээр өвчлөх хүмүүсийн тоо нэмэгдэж байгааг тэрбээр нэмж хэлсэн байна. Эрүүл мэндийн яамны зөвлөх ажлын хэсгийн мэдээлснээр, халдварын тохиолдол дахин өсөж байгаа нь эмнэлгийн ачааллыг улам нэмэгдүүлнэ. Энэ долоо хоногт Ямагата, Токүшима зэрэг 17 мужид халдварын шинэ тохиолдлын тоо өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад өсжээ.