Монгол Улс Газрын тосны бүтээгдэхүүнийг ОХУ-ын Роснефть компанитай 2018 оны тавдугаар сард байгуулсан “Урт хугацааны гэрээ”-ний дагуу худалдан авдаг.
Тэгвэл Роснефть компани нь АИ-92 бензиний үнэ дээр 4-6 саруудад 24.3-30%-ийн хөнгөлөлтийг үзүүлж байсан бол долдугаар сард хийсэн хэлцлийн үр дүнд дэлхийн зах зээлийн үнээс 35.3%-ийн хөнгөлөлтийг үзүүлэх болоод буй.
Иймд шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны удирдлагууд сэтгүүлчидтэй уулзлаа.
Уулзалтын үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал “Монгол Улсын Засгийн газар "Роснефьт" компанитай сүүлийн дөрвөн сарын турш хэлэлцээр хийж, бодит үр дүнгүүд гарч байна. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн шат дараатай арга хэмжээнүүдийн үр дүнд 4-6 саруудад нэг литр АИ-92 бензиний жижиглэнгийн үнийг 2,390 төгрөг дээр тогтворжуулж, 4-6 саруудад зах зээлийн зарагдах үнээс нэг литр тутамдаа 781-1,103 төгрөг буюу нийт 36 сая ам.долларын бодит хэмнэлтийг бий болгосон.
Харин долдугаар сард тогтсон АИ-92 бензиний зах зээлийн үнэ нь 1,285$ болж өмнөх сараас дахин 85$-оор өсөж, нэг литрийн жижиглэнгийн үнэ нь 3,730₮ болж өсөх нөхцөл бүрдсэн. Энэ нөхцөл байдалд Засгийн газрын зүгээс шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлснээр дөрөвдүгээр сараас тогтоосон 2,390 төгрөгийн үнийг он дуустал үргэлжлүүлэх боломж бүрдээд байна. Ингэснээр иргэд АИ-92 бензиний жижиглэнгийн үнийг нэг литр тутамд 1,340 төгрөгийн хэмнэлттэй худалдан авах боломжтой боллоо. Дэлхийн зах зээл дээр 2022 он гарснаас хойш АИ-92 бензиний хувьд хил үнэ тонн нь 747-оос 1,285$ болж 72% өссөн бол манай улсын хувьд 6%-ийн өсөлттэй байна. Энэ нь сүүлийн 30 жил хийгдэж байгаагүй том гэрээг амжилттай хийсэн гэсэн үг" гэлээ.