Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Танилц: Архангай аймгийн рашаанууд

Манай оронд хүний биед сайн халуун, хүйтэн олон рашаан бий. Тэгвэл бид Архангай аймгийг онцлон тус нутгийн зарим рашааныг танилцуулъя.
Архангай аймгийн төв Цэцэрлэг хотоос 210км, Цэцэрлэг сумын төвөөс 18км-т Мухар хужиртын рашаан байдаг. Мухар хужиртын рашааныг голлон мэдрэлийн өвчинд ууж болон боргионд нь цохиулж хэрэглэдэг.
Мухар хужиртын рашаан эрт дээр үе буюу 1642 онд Халхын анхдугаар Зая бандид Лувсанпэрэнлэй гэдэг хүн хүй дарсан байдаг. Эндээс уг рашаан гарсан гэж ном зохиолд бичсэн байдаг аж. Рашаан хүйтэн атлаа халуун чанартай, уухад хөөрдөг. Уг рашааныг эхлээд уухад шилэн хүзүү сэрвэгшинэ, гүйдэл гүйнэ, тархи толгой өвдөнө, нүдний болрын цагаан улайж, нүүр мэнэрдэг. Мөн хоолой өвддөг. Үүнээс гадна биеийн аль нэг хэсэгт туурна, артерын даралт ихэсдэг. Зарим хүний буйл хавдаж, шүд нь суларч, толгойн оройны хуйх хүртэл хөөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Дараагийн хэд хэдэн уултаас аажимдаа зүгээр болно. Энэ рашааныг мэдрэлийн ядаргаа, нойргүйдэл, унадаг, саа саажилттай, сэтгэцийн архаг өвчтэй, ходоодны хүчил бага, элэг цөсний архагшил, үе мөчний хурц үрэвслийн үед ууж, хүйтэн боргионд цохиулдаг. Энэ рашааныг ууснаар дотор эрхтнээ цэвэрлэхээс гадна эрдсүүдээ нөхөж авна" гэж Мухар хужиртын эмч тайлбарласан байдаг юм. Рашааныг дор хаяж гурван жил дараалан уух хэрэгтэй гэнэ. 

Цэнхэр сумын нутагт байдаг Цэнхэрийн халуун рашаанаас чихрийн шижин өвчтэй хүн бага тунгаар уувал сайн нөлөөтэй.
Тус рашаан нь Цэцэрлэг хотын төвөөс урд зүгт 25км зайд далайн түвшнээс дээш 1860 метр өндөрт өргөгдөн оршдог. Рашаан нь их гүнийх бөгөөд дөрөвдөгч галавын хурдас их боловч хөрсний устай холилдохгүй гардаг. Рашааны температур нь 65-90 градусын халуун бөгөөд Монголдоо халуунаараа хоёрдугаарт ордог. Цэнхэрийн халуун рашааны чанар нь ердийн шүлтлэг бөгөөд газрын гүнээс 86 градусын халуунаар 1 секундэд 10 л орчим ундран гардаг. Энэ рашаанд хүхэрт устөрөгч, цахиурын нэгдэл агуулагддаг учраас хуян, мэдрэлийн судас үрэвсэх, булчингийн өвчин, үе мөчний өвчин, зөөлөн эдийн гэмтэл, цус багадалт, эмчилгээний дараах эрүүл мэнд сэргээхэд, ядаргаа, архаг арьсны өвчин, ил шарх, чихрийн шижин өвчтэй хүн бага тунгаар уувал сайн нөлөөтэй.

Хадатын рашаан нь шар өвчин, элэг, цөсний зэрэг олон өвчинд сайн нөлөөтэй
Тариат сумын төвөөс зүүн тийш 40км, Цэцэрлэг хотоос 220км–т Хадатын рашаан байрладаг. Тус рашаан нь шаварлаг ба натри, карбонат, төмрийн усархаг ислүүд, манганы усархаг ислүүд, сульфатын болон хлорид, хлоридын бүлэг эрдсүүд, кальц, кали, магни зэрэг нь хадны завсраар шүүгдэн, уулсын даралтаар оргилон гардаг рашаан юм. Иймдээ ч шар өвчин, элэг, цөс, савны архаг хуучин, хүйтэн, бөөр, нуруу, мэдрэл, хоол унд үл зохих, гэдэсний элдэв өвчинд сайн.

Шивэртийн халуун рашаан мэдрэл, үе мөч, арьс харшилд сайн
Цэцэрлэг хотоос зүүн хойшоо 35км-ийн зайд Шивэртийн халуун рашаан байдаг. Байгалийн ундарга бүхий 68 градусын хүхэрлэг, халуун рашаан бөгөөд мэдрэл, үе мөч, арьс харшилд сайн юм. 

Цагаан сүмийн рашаан үе мөч, мэдрэлийн өвчнийг анагаана.
Архангай аймгийн Хотонт сумын төвөөс 65км-т оршдог “Цагаан сүм-ийн рашаан нь 0,46г/л эрдэсжилтэй, гидрокорбанат-натрийн найрлагатай, 69 градусын халуунтай, РН 8.85, ЕН – 10мв, цахиурын хүчил, фтортой, азотын халуун рашаан юм. Энэ рашаан нь үе мөч, мэдрэлийн өвчнийг анагаахад ач тустай.

Равдангийн рашаан харшилийн өвчинд нэн сайн. Чулуутийн хавцал руу бууж уудаг байгалийн өвөрмөц тогтоцтой газар байдаг билээ.
Бор бургастын рашаан хоолой, харшлын өвчинд нэн сайн
Цэцэрлэг хотоос 60 км, Төвшрүүлэх сумаас 18км-т "Бор бургаст”-ын рашаан бий. Рашаан нь бүх дотор эрхтэн болон үе мөч, даралт, хоолой, харшил, шүд, нүд зэрэг олон өвчнийг анагаах чанартай хүйтэн рашаан юм. 

Ноён хангайн рашаан нь нуруу, бөөр, тулгуур эрхтний өвчлөлд нэн сайн
Цэцэрлэг хотоос 250км, Хангай сумын төвөөс 18км-ийн зайд Ноён хангай рашаан бий. Ноён Хатан хангай уулын баруун хойд хормойноос халуун, хүйтэн рашаан урсдаг. Рашааны халуун нь 36-39 хэм, 9.1-9.5 хэт шүлтлэг, хүхэрт устөрөгч, цахиурын хүчил зэргийг агуулсан байдаг. Эдгээр рашаанууд нь дотор, таван цулын эрхтэн систем, нуруу, бөөр, тулгуур эрхтний өвчлөлд нэн сайн бөгөөд нүд, чих, хамар, амны хүйтэн рашаанууд тусдаа өөр өөрсдийн сувгаар урсдаг онцлогтой. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ