Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Тендер “тонгордог” бөхчүүдтэй ТАНИЛЦ


Бөхчүүдэд байдгаа барьж, байгаагаа өгч хүндэлдэг Монгол уламжлал орчин цагт утгаа алдаж, улстөрчдийг, уул уурхайн эздийг, улсын төсөв “цөлмөгсөд”-ийг л төрүүлдэг болчихсон юм биш үү. Бөх биш хүний бүх насаараа хөдөлмөрлөөд хүрч чаддаггүй эрх мэдэл, эд хөрөнгөнд тэд хоёр, гурван наадамд барилдаад л хүрчихдэг болов. Зүлэг ногоо дэвжээ, зааланд хэдэн жил ноцолдоод, нас нь харьж, бяр нь дуусахаараа бүгд л улстөрч эсвэл уул уурхай, барилгын бизнестэй, улсын төсвийн тендер “түүдэг” толгой баячууд болдог боллоо. 
 
Харамсалтай нь, бөхөд хайртай түмнийхээ хүндлэлээр тэрбумтан болсон тэд эргээд ард түмнийхээ ачийг архи уусан, агсам тавьсан, сэргээш хэрэглэсэн, хууль бусаар газар, лиценз авсан, Хөгжлийн банкийг тоносон мэт хэргүүдээрээ “хариулдаг” болов. Булчин нь зузаан ч, боловсрол нь нимгэн тэдний улс төрд орох зам нь дардан, уул уурхайн лицензтэй болох нь амархан, улсын төсвийн тендерт ялах нь хялбар байдаг нь өнөөх л бөхөө хүндэлдэг Монгол зангийнх. Энэ тогтолцоо боловсролдоо анхаардаг биш бөхөөр хичээллээд баяжих хүсэлтэй бүхэл бүтэн армийг бий болгож байна. 
 
Бөхөөс бизнесмэн болтлоо баяжсан, бизнесмэнээс улстөрч болсон болон төсөв “тонгордог” бөхчүүдийг танилцуулахын өмнө монголчууд бид бөхчүүдээ хөрөнгөжүүлдэг, эргээд ямар хариу авдагийг хоёрхон жишээгээр дурдъя.  
       Төрмөл ч бай, тарьмал ч бай бөх байгаад, мөнгөөр ч юм уу, мөнчигрөөрөө ч юм уу, улсын цолонд хүрчихвэл амьдралын баталгаа нь тэр даруйд хангагдчихдаг нь бүр хэвшил болсон зүйл. Нутгийн зөвлөлөөс нь орон сууц, нэг нутгийн бизнемен ах нар нь автомашин, адуу мал бэлэглэнэ. Төрөөс ч хоосон байхгүй, бие тамир спортын аль нэг газар, хорооны дарга болгож, хурандаа цол өгнө. Тэр байтугай, улсны цолонд хүрсэнд нь баяр хүргэсэн хүмүүс бэлэн мөнгө бэлэглэх нь хавтгайрч, сүүлдээ хуучраад одоо шууд компанийн хувьцаа хүртэл бэлэглэдэг болсон юм билээ. Жишээ нь, 2018 оны Ардын хувьсгалын 97 жилийн ойгоор Увс аймгийн Ховд сумын уугуул Намсрайжавын Батсуурь түрүүлж, Улсын аварга цол хүртсэн. Тэгмэгц нь түүнийг ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны дарга болгож, хурандаа цол өгсөн. Ингээд болоогүй түүнд “Сайхан ордос туурь” ХХК-ийнхан 10 хувийн хувьцаагаа бэлэглэсэн байдаг. Харамсалтай нь, “Сайхан ордос туурь” ХХК-ийн захирал Б.Цэрэндорж нь Кёкүшюзан Д.Батбаяртай нийлж, “Сайхан ордос туурь” ХХК-ийнхаа нэрээр бусдаас 32 тэрбум төгрөг залилсан хэргээр хууль хяналтын байгууллад шалгагдаж, өнгөрсөн хавар шүүх хурал нь болж, хэдэндээ хойшилсон. Товчхондоо, Улсын аварга Н.Батсуурь компанийн хувьцаа эзэмшигч боллоо гэтэл залилангийн хэрэгтнүүдтэй “хамсаатан” болчихсон жишээ л дээ. Дээрээс нь Улсын аварга Н.Батсуурь өөрөө ард түмнийхээ сайхан сэтгэлийг хариуг сэргээш хэрэглэж “хариулсан” буюу Улсын аварга болсонд нь баяр хүргэж байр, машин, бэлэн мөнгө бэлэглэж, хөрөнгөжүүлсэн хүмүүсийнхээ урмыг нь хугалсан даа.  
      Бас нэг жишээ дурдъя. Н.Түвшинбаярыг Олимпын аварга болоход монголчууд ёстой л байдгаа барьсан. Байр, машин энүүхэнд, бүр наймын хувинтай алт хүртэл бэлэглэж байлаа. Ямартай ч, Н.Түвшинбаярын эхнэр Б.Оюунбилэг 2018 онд Буянт-Ухаа дахь гаалийн газрын Албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Тэгэхдээ Б.Оюунбилэг 4.2 тэрбум төгрөгийн хоёр орон сууцтай, үйлчилгээний 14 барилгатай, 170 сая төгрөгийн Лексус-350 жийптэй, 1600 хонь, 320 ямаа, 300 адуутай, 1.9 тэрбум төгрөгийн газартай, 1.4 тэрбум төгрөгийн үнэт эдлэлтэй, 1.6 тэрбум төгрөгийн авлагатай, 12 компанитай хэмээн хөрөнгөө мэдүүлж, төрийн албаныхныг ангайлгаж байв. Н.Түвшинбаяр ч өөрөө бөхөд хайртай түмнийхээ хүндлэлээр УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, Монголын Үндэсний олимпын хороог хүртэл удирдаж байв. Харамсалтай нь, тэр одоо хүн амины хэрэгт холбогдож, шүүх хурал нь хэдэнтээ хойшилж яваа.  

“ШИНЭХЭН” АВАРГА П.БҮРЭНТӨГС ШАХААНЫ БИЗНЕСТ ГАРШИЖ ЭХЛЭВ ҮҮ

2020 оны Ардын хувьсгалын 99 жилийн ойгоор Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлж, Улсын аварга болсон. Увс аймгийн Давст сумаас 21 жилийн дараа төрсөн арслан гэх тодотголтой явж ирсэн тэр ийнхүү Улсын аварга болж, нутгийнхнаа баярлуулсан. Улмаар түүнийг ОБЕГ-ын харьяа “Аврагч” спорт хорооны даргаар томилсон. Түүний өмнө энэ хорооны даргын суудлыг Улсын аварга, хурандаа Г.Эрхэмбаярт “бэлэглэж” байв. П.Бүрэнтөгсийн хувьд ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржтой тун ойр бөгөөд Ц.Нямдорж түүнийг сумоч болгох гэж их хичээсэн ч бүтээгүй гэдэг.  
Тэгвэл Улсын аварга, “Аврагч” спорт хорооны дарга П.Бүрэнтөгс өдгөө хувьдаа машин механизм, сэлбэг, тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Арцат ямаат” ХХК-тай. Мөн Улсын аварга Н.Батсуурь, түүний эхнэр О.Саранжаргал нартай “Буян мөр тур” ХХК-ий эзэмшиж, амралтын бааз байгуулалцаж явсан. Харин хувийнх нь “Арцат ямаат” ХХК-ийг түүний эхнэр Ч.Номин-Эрдэнэ удирддаг. “Арцат ямаат” ХХК нь төрийн өмчит үйлдвэрүүдэд машин механизм, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, сэлбэг, хэрэгсэл, ажлын өвөл, зуны хувцас, сэлтийг нийлүүлдэг. Хамгийн сүүлд л гэхэд “Цахилгаан дамжуулан үндэсний сүлжээ” ТӨҮГ-т  35.9 сая төгрөгөөр төмрийн будаг нийлүүлсэн байна. 
Түүнчлэн, Улсын аварга П.Бүрэнтөгс төрийн өмчит “Тавантолгой түлш” ХХК-ийн машин механизмын тендерүүдэд оролцдогоо танигдаж яваа. П.Бүрэнтөгсийн компани нь сэрээт өргөгч оруулж ирдэг учраас тэр л дээ. Жишээ нь, өнгөрөгч 2021 онд “Арцат ямаат” ХХК “Тавантолгой түлш” ХХК-ийн Тоног төхөөрөмж, машин механизмын зөвлөхийн бус үйл ажиллагаа сонгон шалгаруулах тус бүр нь 2.5 тэрбум төгрөгийн өртөгтэй хоёр тендерт оролцсон байна. 
 
Ийнхүү хувийн бизнесээ цэцэглүүлж, төрийн өмчит компаниудад машин, механизм, тоног төхөөрөмж нийлүүлэх тендерүүдэд шалгарч яваа П.Бүрэнтөгсийн хувьд 1.0 тэрбум төгрөгийн орон сууцтай, 187 сая төгрөгийн Ланд круйзер-200 автомашинтай, 1000 хонь, 300 ямаа, 200 үхэр, адуутай, 330 сая төгрөгийн үнэт эдлэлтэй ажээ. 

НИЙСЛЭЛИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХОРООНЫ ДАРГА, УЛСЫН ЗААН Ж.ГАНБОЛД ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧДАД ХООЛ “ШАХДАГ”

        Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул, Улсын заан Жамбалын Ганболд Нийслэлийн биеийн тамир, спортын газрын даргаар ажилладаг. Тэрбээр 1.0 тэрбум төгрөгийн хоёр барилгатай, 750 хонь, 290 ямаа буюу 218 сая төгрөгийн малтай, 1.1 тэрбум төгрөгийн газартай, “Монгол спорт” ХХК, “Хан хөхий зам” ХХК, “Хаппи дрийм” ХХК, “Сумо бургер” ХХК гэх дөрвөн компанитай зэргээр бэлтэй бөхчүүдийн эхний эгнээнд бичигддэг. 
 
Хамгийн гол нь, Улсын заан Ж.Ганболдын компаниуд төрд шахаа хийдгээрээ зартай. Жишээ нь, Ж.Ганболдын “Монгол спорт” ХХК нь нэгэн үе “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т их хэмжээний шахаа хийдэг байсан гэдгээрээ зартай. “Монгол спорт” ХХК нь 2005 оноос хойш “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т тоног төхөөрөмж, бараа материал нийлүүлж эхэлсэн гэдэг. Гэвч 39.8 мянган ам.долларын тоног төхөөрөмж, сэлбэр хэрэгсэл, бараагаа нийлүүлээгүй гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “Монгол спорт” ХХК-ийг хар жагсаалтдаа оруулж, дахин тендер өгөхгүй хэмээн зарлаж байв. Мөн түүний төрсөн дүү нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ган бөмбөлөг шахсан гэх дуулиан дэгдэж байлаа.  
Улсын заан Ж.Ганболдын “Сумо бургер” ХХК нь ресторан болон спортын бэлтгэлийн бааз ажиллуулдаг. Хамгийн гол нь энэ бизнесээрээ Үндэсний шигшээ багийн тамирчдын байр болон хоолыг улсын зардлаар хангаж, ашиг олдог ажээ. Тодруулбал, “Сумобургер” ХХК нь Биеийн тамир, спортын улсын хороотой хамтарч ажилладаг бөгөөд Үндэсний шигшээ багийн тамирчдын байр хоолны зардлыг нэг хүний хоногийн 60 мянган төгрөгөөр тооцож гэрээ байгуулдаг ажээ. 
 
Жишээ нь, Бокс, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчдад хоол нийлүүлэх гэрээ байгуулж, 19.7 сая төгрөг, ҮШБ-гийн зургаан тамирчныг хоол, байраар хангах зардалд 9.0 сая төгрөг зэргээр авсан баримтууд нь  байна. 

УЛСЫН ЗААН Д.БУМБАЯР 3.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НАЙМАН ОРОН СУУЦТАЙ БОЛТЛОО БАЯЖСАН АТЛАА ТӨРД ДУГУЙ, ХҮҮХДҮҮДЭД ҮДИЙН ЦАЙ “ШАХАХ” МЭТХЭН БИЗНЕС ХИЙХ ХЭРЭГ БАЙВ УУ

Увс аймгийн Тэс сумын уугуул, Улсын заан Дамирангийн Бумбаяр одоо бөх гэхээсээ бизнесмэн, толгой баячуудын нэг болсон. Тухайлбал, түүний эхнэр Ц.Одонтунгалаг нь 2012-2020 онд НИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан. Гэхдээ “Автобус-1” НӨҮГ, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Ц.Одонтунгалаг гэдгээр нь илүү сайн таних биз. Ц.Одонтунгалагийн тухайд 3.7 тэрбум төгрөгийн найман орон сууцтай, үйлчилгээний гурван барилгатай, 396 сая төгрөгийн хоёр ширхэг Лексус-570 автомашинтай, 1.2 тэрбум төгрөгийн найман газартай зэрэг хөрөнгөөрөө НИТХ-ын хамгийн баян төлөөлөгчөөр нэрлэгдэж байсан.  
Тэгвэл Улсын заан Д.Бумбаяр Б.Шижиртуяа гэх охинтойгоо хамтран эзэмшдэг “Шадар дайван” ХХК-иараа төрд “шахаа” хийдэг ажээ. Тухайлбал, эхнэр Ц.Одонтунгалаг нь “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байх хугацаанд Д.Бумбаяр “Шадар дайван” ХХК-иараа “Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ-т автобусны дугуй нийлүүлж байжээ. Жишээ нь, 2020 оны хоёрдугаар сард л гэхэд 6.4 сая төгрөгийн дугуй нийлүүлсэн нь шилэн дансанд бүртгэгджээ. Түүнчлэн, Д.Бумбаяр “Шадар дайван” ХХК-иараа Нийслэлийн ЕБС-иудад Үдийн цай нийлүүлдэг баримт ч байна. 
 
Сонирхуулахад, Улсын заан Д.Бумбаяр, Улсын заан Ч.Батзориг нар худууд. Д.Бумбаярын том охин Б.Идэрмаа Улсын заан Ч.Батзоригийн хүү, сумогийн Асахирюү цолтой Б.Дэнзансамбуутай гэр бүл болсон. Харин бага охин Б.Шижиртуяа нь Ч.Батзоригийн төрсөн ахын хүү, Улсын заан Б.Пүрэвсайхантай гэр бүл болсон. Д.Бумбаярын том хүргэн Асахирюү Б.Дэнзэнсамбуу нь 2018 оноос бизнест хүч үзэх болсон. Өдгөө Б.Дэнзэнсамбуу “Би Эй И” ХХК, “Марал аялал” ХХК, “Алюкобонд монголиа” ХХК, “Асахирюү констракшн” ХХК-иудыг эзэмшиж, барилгын салбарт бизнесээ цэцэглүүлж байна. 
 
Харин Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Улсын заан Чогсомын Батзоригийн тухай таагүй мэдээ сонсогддог болоод удаж буй. Учир нь, тэрбээр УИХ-ын гишүүн асан, нэгэн цагт арлын Японыг донсолгож явсан Даваагийн Кёкүшюзанбатбаярын бизнесийн хамтрагч. Өдгөө Улсын заан Ч.Батзориг, Д.К Кёкүшюзанбатбаяр нар “Хөрш заанууд” ХХК, “Мимэкс” ХХК, “Алтайн гурван заан” ХХК, “Дархан анд” ХХК-иудыг хамтран эзэмшдэг. Мөн Ч.Батзориг дангаараа “Ногоон шүр” ХХК, “Эрин инвестмент” ХХК, “Грийн плаза” ХХК-иудыг эзэмшдэг. 
Улсын заан Ч.Батзориг Яармагт баригдсан шинэ хотын захиргааны барилгыг ахалж байсан буюу “Шинэ яармаг” бүтээн байгуулалтын нэгдлийн захирлаар ажиллаж байсан. Мөн Д.Кёкүшюзанбатбаяртай хамт Дархан цаазат Богд хан уулын Жаргалант, Нүхтийг аманд их хэмжээний газар авсан, хувийн тансаг хаусууд барьж барилгажуулсан, Оргил рашаан сувиллын газрыг “булаасан” гэх зэргээр олон асуудлаар хэл аманд өртөж яваа. 
 

ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР "ЧАМЛАЖ", ТӨРӨӨС 18 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВДАГ БОЛТЛОО ТОМОРСОН А.СҮХБАТ

          Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Улсын дархан аварга Агваансамдангийн Сүхбат өдгөө толгой баячуудын нэг, улстөрч, басхүү бизнесмэн болсон. Ямар сайндаа л, УИХ-ын гишүүн байхдаа 6.5 тэрбум төгрөгийн үнэтэй амины хаустай, нэг үйлчилгээний барилгатай, 2.2 тэрбум төгрөгийн урлаг, түүхийн үнэт эдлэлтэй хэмээн хөрөнгөө мэдүүлж байв. Гэхдээ А.Сүхбат бизнесээ буруу замаар буюу бусдын боломжийг хулгайлах замаар хийж буй нь олны шүүмжлэлд өртдөг. Өөрөөр хэлбэл, А.Сүхбатын бизнесд одоо улсын төсвийн тэрбум төгрөгийн тендер зэрэг багадах бөгөөд УИХ-ын гишүүн болсноохоо хойш ЖДҮ сан, Хөгжлийн банкны зээл зэргээр бизнесээ хөгжүүлдэг болсон. Тодруулбал, Дархан аварга А.Сүхбат УИХ-ын гишүүнээр сонгогдмогцоо буюу 2017 онд ЖДҮХС-гаас “Түгээмэл түмэн хишиг” ХХК-иар дамжуулан 800 сая төгрөгийн зээл авсан дуулиан дэгдэж байлаа. Цаашлаад, “Түгээмэл түмэн хишиг” ХХК-иаараа Хөгжлийн банкнаас 2018-2020 оны хооронд нийт найман удаагийн гүйлгээгээр 18.5 тэрбум төгрөг зээлж, зээлээ эргүүлж төлөөгүйгээс хуримтлагдсан өр төлбөр нь 23.9 тэрбум төгрөг хүрээд буйг өнгөрөгч хоёрдугаар сард зарласан байдаг. 
 
“Түгээмэл түмэн хишиг” ХХК нь УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын төрсөн дүү А.Баттөгсийн эхнэр Гантөмөрийн Буяндэлгэрийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Өнгөрсөн хугацаанд А.Сүхбатыг бизнесийг отгон дүү А.Баттөгс нь хариуцаж гэхэд болно. Тухайлбал, А.Сүхбатын өөрийнх нь үүсгэн байгуулж, УИХ-ын гишүүн байхдаа Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурддаг байсан “Алтан хүнс групп” ХХК болон тус компанийн салбар болон “Дархан конфорт цогцолбор” зочид буудлыг түүний отгон дүү А.Баттөгс нь эхнэр Г.Буяндэлгэртэйгээ хамт 2016 оноос хойш хариуцан ажиллуулж ирсэн. Харин өдгөө “Алтан хүнс групп” ХХК нь А.Сүхбатын хүү С.Хангайханы нэр дээр бүртгэлтэй байдаг. Гэхдээ А.Баттөгс “Алтан хүнс групп” ХХК-ийн бүр мөсөн орхиогүй буюу хамааралтай хэвээрээ. Учир нь, Хөгжлийн банканд 23.9 тэрбум төгрөгийн зээлтэй А.Баттөгс болон түүний эхнэр Г.Буяндэлгэрийн нарын эзэмшдэг “Түгээмэл түмэн хишиг” ХХК нь “Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, “Алтан хүнс групп” ХХК-ийн байранд түрээсээр” гэх хаягаар гэж Улсын бүртгэлийн санд бүртгүүлсэн байдаг. Маш товчхондоо А.Баттөгс, А.Сүхбат нарын бизнес одоо ч цуг гэсэн үг.  
 
Сонирхуулахад, “Түгээмэл түмэн хишиг” ХХК-ийн бизнесийн үйл ажиллагааны тухайд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн автозамын дэргэд “Тайван зогсоол” гэх авто зогсоолтой. Тус зогсоол нь 1800-2500 машины зогсоол, 420 ор бүхий зочид буудал, 350 хүний суудалтай хоолны газартай гэх. Гэхдээ “Нүүрс тээврийн нэг автомашиныг хоногийн 20 мянгаар зогсооно” гэснээрээ жолооч нарын шүүмжлэлд өртөж байсан удаатай.

ГАРЬД Б.ГАНТОГТОХЫН БАРИЛГЫН БИЗНЕС

Увс аймгийн Хяргас сумын уугуул, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Хорлоогийн Баянмөнх, түүний төрсөн хүү Улсын гарьд Баянмөнхийн Гантогтох нар өдгөө хэд хэдэн салбарт бизнес эрхэлж буй. Баянмөнхийн Гантогтохын нэр дээр “Жи Эс Эйч гоулд” ХХК, “Хасуу констракшн” ХХК, “Бриджтрэйн” ХХК, “Идэр шонхор” ХХК, “Био инноваци” ХХК, “Элит констракшн” ХХК, “Эрчим дэлгэрэх” ХХК, “Шонхор” дээд сургууль тус тус бүртгэлтэй байдаг.  
“Хасуу констракшн” ХХК-ийн хувьд 10 гаруй жил барилгын олон төсөл хэрэгжүүлсэн бөгөөд хожим хувьцаа эзэмшигч Д.Цэнд нь “Гэрэгэ групп” ХХК нэрээр барилгын бизнесээ өргөжүүлж, улсын төсвөөр “Буянт-Ухаа-1” цогцолборыг барьсан. 
 
“Элит констракшн” ХХК-ийг Б.Гантогтохтой хамт Дархан аварга Х.Баянмөнх өөрөө хувьцаа эзэмшдэг. “Элит констракшн” ХХК нь 2016 оны УИХ-ын сонгуулиар Сонгуулийн ерөнхий хорооны гэрээлж, Сурталчилгааны самбаруудын эх бэлтгэх, хэвлэх, өлгөх, буулгах бүх ажлыг гардан гүйцэтгэсэн. Мөн 2019 онд Улаанбаатар хотын ЗАА-тай гэрээлж, СБД-ийн 1-р хороо буюу Хүнсний 20-ын урд талын нүхэн гарцыг засварлаж, шинэчлэх ажлыг 130 гаруй сая төгрөгөөр гүйцэтгэсэн. 
 
Түүнчлэн, “Элит констракшн” ХХК нь 2018 онд тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга С.Батболдод Агаарын бохирдлыг бууруулах амины орон сууцны төслөө танилцуулж байсан. Ингээд СХД-ийн 25-р хороо буюу Зүүнсалааны зусланд 4.5 га газарт 71 айлын Баян хотхоныг барьсан байдаг. 
 
https://ergelt.mn/news/22/single/21347
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ