Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Э.Ариунболд: Уул уурхайн салбарт учруулсан бодит хохирлыг тооцох боломжгүй


Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг олон нийтэд таниулах, иргэдийн экологийн болон эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор "НОГООН ДУУ ХООЛОЙ" аяныг зохион байгуулж байгаа. Тэгвэл уг аяны хүрээнд Экологийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Э.Ариунболдтой нийгэмд хамгийн ихээр яригддаг уул уурхайн талаар ярилцлаа.
-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр хүрээлэн буй орчин гэхээр уул уурхайн салбарыг ярихгүй өнгөрч болохгүй. Монголын эдийн засгийг хөдөлгөгч том хүчин зүйл гэж хэлж болно л доо. Гэвч байгаль дэлхий, гол мөрөн бохирдуулагч хамгийн гол хүчин зүйл бол эргээд уул уурхайн салбар. 
-Сайн байна уу. Тэгэлгүй яахав. Уул уурхай бол үнэхээр том салбар. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн нөхцөл байдлын тухайд сүүлийн таван жилийн байдлаар улсын хэмжээнд 1578 гэмт хэрэг бүртгэгдэж, илрүүлэлт 65.3 хувьтай байна. Үүнээс хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг 439 бүртгэгдэж энэ төрлийн гэмт хэргийн 27.8 хувийг эзэлж байна. Энэ бүртгэгдсэн тоо бол байгаль орчинд учирсан хохирлын багахан хэсэг бөгөөд бодит хохирлын хэмжээг тооцож, байгаль орчны үнэ цэнийг илэрхийлэх боломжгүй.
Энэ төрлийн гэмт хэрэг 2013-2016 оны хооронд 35-41 гэмт хэрэг үйлдэгдэж байсан бол 2017 онд гурав дахин өсч, хэргийн илрүүлэлт 42.5 хувиар буурсан үзүүлэлт харагдаж байна. Шинээр батлагдсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш улсын хэмжээнд 87 гэмт хэрэг бүртгэгдснээс эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 82 хэрэг байгаагийн 26 хэргийн сэжигтэн, яллагдагчийг олж тогтоон хэргийн илрүүлэлт 31.7 хувь болж өссөн. 2017.07.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийг нэг мөр ойлгож, хэрэгжилтийг хангах үүднээс энэ төрлийн гэмт хэргийн шалгалтуудыг эрчимтэй явуулсанаар нуугдмал байсан гэмт хэргүүдийг илэрүүлэн бүртгэлд оруулснаар гэмт хэргийн тоо өсөж харагдаж байгаа юм.
-Гэмт хэрэг өсөхөд нөлөөлөх гол хүчин зүйлс юу вэ?
-Хэд хэдэн хүчин зүйлийг нэрлэж болно. Тухайлбал хуучин мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулиар заавал хохирол учруулж байж гэмт хэрэгт тооцдог байсан. Харин шинэ хуулиар материаллаг бүрэлдэхүүн шаардахгүйгээр хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болсоноор эрүүгийн хариуцлага татаж байгаа нь гэмт хэрэг өсөх нэг үндэслэл болж байна.
-Тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулах нь уул уурхайн салбарт түгээмэл. Үүнээс гадна өөр ямар  төрлийн гэмт хэрэг зонхилж байна вэ?
-Ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, иргэдээс гадна цуцлагдсан тусгай зөвшөөрлийг сэргээх хэрэг их гардаг. Мөн аймаг, сумын удирдлагуудтай нөхөн сэргээлт хийх, гэрээ байгуулж бичиг баримт бүрдүүлэх нэрээр халхавчлан орон нутагт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан гэмт үйлдлүүд түгээмэл гарч байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутагт “Хавчиргана”, “Харгана” хэмээх газарт, Баянхонгор аймгийн Галуут, Заг сумын нутаг дэвсгэрт, Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан тохиолдлууд бий.
-Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэж яг юуг хэлэх вэ?
-Зарим хүмүүс энэ нэр томъёог нэг л гэж ойлгодог. Хуулийн нэр томъёогоор ”ашигт малтмал” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг хэлдэг. Харин ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэсэн ойлголтыг  өөр өөр ойлгох хэрэгтэй.  Жишээ нь:
”Ашигт малтмал хайх” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялагыг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг; ”Ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг хэлнэ.
-Хууль бусаар олборлох тохиолдол багагүй бүртгэгддэг. Нөгөө бидний хэлээд байдаг нинжа нар ер нь зөвшөөрөл авдаг уу.
-Монгол улсын хэмжээнд тусгай зөвшөөрлийн тоо 1670 байна. Үүнээс ашиглалтын талбайн хэмжээ 1634.6 мянга га, алтны ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь баруун бүсэд 42, алтны ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь зүүн бүсэд 56, алтны ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Хангайн бүсэд 42, алтны ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Төвийн бүсэд 316 байна. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 31-ний байдлаар 3078 ашигт малтмалийн тусгай зөвшөөрлөөс алтны ашиглалтын 548 тусгай зөвшөөрөл байна. Үүнээс алтны шороон ордны 459, алт агуулсан холимог металын 107 орд бүртгэлтэй. 
Өнөөдрийн байдлаар Төв, Сэлэнгэ, Дундговь, Өмнөговь аймагт хууль бусаар алт олбоглож байгаа иргэд нилээдгүй байна. Тэдгээрийн хууль бус үйлдлийг таслан зогсоох чиглэлээр хяналт шалгалт зохион байгуулж 62 иргэнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.
-Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаагаа эрхэлж байгаа компаниудын тухайд.
-Улаанбаатар хотын хэмжээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь хайгуулын 414 ашиглалтын 47 тус тус эзэлж байна. Үүнээс хайгуулын 6582.02 га, ашиглалтын 7656.86 га газах нутгийг эзэлж байна.Нийт учирсан байгаль орчны хохирлын дүн нь 23.830.993.464.8 төгрөг бөгөөд дүүргээр нь харуулбал Хан-уул дүүрэг 5.729.296.480 төгрөг, Налайх дүүрэг 6.266.183.505 төгрөг, Сонгинохайрхан дүүрэг 8.260.685.127 төгрөг, Баянзүрх дүүрэг 779.181.190.3 төгрөгийн хохирол учирсан.
2017-2018 онд Монгол Улсын хэмжээнд уул уурхайн зориулалтаар эвдэгдсэн газрын тооллогыг хийх, Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн байгаль орчныг хамгаалах үүргийн хэрэгжилтийн талаарх мэдээллийн санг бий болгох ажлыг зохион байгуулсан. Тооллогын нэгдсэн дүнгээр бүх аймагт уул уурхайн ашиглалтын улмаас  24,347.5 га газар эвдэгдснээс нөхөн сэргээх шаардлагатай орхигдсон газрын байршлын тоо 1491, талбайн хэмжээ 9381.4 га байна.
-Эрүүгийн хуулинд хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох тохиолдолд ямар шийтгэл ноогдуулдаг вэ?
Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйл. Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлоход:
2.1 Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доорх барилга байгууламж барьж хууль бусаар газрын хэвлийд халдсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.2 Тусгай зөвшөөрөлтэйгөөр ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолт, боловсруулалт явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажлыг зохих журмын дагуу хийгээгүйн улмаас байгаль орчинд ноцтой хохирол учирсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.3 Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
2.4 Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ гэж заасан байгаа.
-Бүртгэгдсэн гэмт хэргийг нутаг дэвсгэрээр нь авч үзвэл.
-Бүртгэгдсэн аймгийг харвал өнгөрсөн 2019 онд хамгийн их хэрэг нь Сэлэнгэ аймагт 38, Ховд аймаг 22, Баянхонгор аймаг 14, Өвөрхангай аймаг 13, Төв аймаг 12, Булган аймаг зургаан гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Судалгаанаас харахад Баянхонгор, Сэлэнгэ, Ховд аймагт жил ирэх тусам энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн бол эсрэгээрээ Дархан-Уул, Өвөрхангай аймагт багассан байна.
-Цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар?
-Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олголт, шилжүүлэлт, уул уурхайн нөхөн сэргээлт, үйл ажиллагаатай хамаарал бүхий улс төр, бизнесийн салбарын нөлөө бүхий этгээдүүдтэй  холбоотой хууль бус үйлдлийг шалгаж тогтоох хэрэгтэй. Үүнээс гадна ашигт малтмалыг хууль бусаар олборлоход ашиглаж байгаа дугуйт, гинжит техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг түрээсийн болон бусдын өмчлөлд байгаа эсэхээс үл хамааран хураан авч улсын орлого болгох, стандарт, технологид үл нийцэх тоног төхөөрөмж, хэрэгслийг ашиглуулахгүй байхтай холбогдсон зохицуулалтыг Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, холбогдох газарт хүргүүлэх шаардлагатай байна. Манай Экологийн цагдаагийн албанаас энэ ажлуудыг хийж эхлээд байна.
Үүнээс гадна хамгийн их анхаарах зүйл бол бичил уурхайн нөхөн сэргээлтийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах шаардлагатай байна. Нөхөн сэргээлтийг хийхгүй байх, дутуу хийснээс үүдэн маш их сөрөг үр дагаврууд гардаг. Үүнээс гадна бичил уурхайн олборлолтод байгаль орчин, хүн ам, мал амьтанд хор хөнөөлтэй химийн бодис ашиглаж байгаа зөрчлийг таслан зогсоох, зөрчлийг бууруулах шаардлагатай байна.
Эцэст нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн таслан зогсоох үйл ажиллагаанд иргэн, сайн дурын хэсэг, бүлэг, нөхөрлөлийн оролцоог идэвхжүүлэх нь хамгийн чухал гэдгийг дахин хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Таны дуу хоолой байгалийг хамгаалж чадна. Иргэн бүр байгалийн төлөө дуу хоолойгоо нэгтгээрэй
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ