Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Э.АРИУНБОЛД: Ойн цэвэрлэгээ нэрийн дор ХУЛГАЙН МОД бэлтгэдэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна


Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг олон нийтэд таниулах, иргэдийн экологийн болон эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор "НОГООН ДУУ ХООЛОЙ" аяныг зохион байгуулж байгаа. Тэгвэл уг аяны хүрээнд Экологийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Э.Ариунболдтой мод, модны хулгайн талаар ярилцлаа. 
-Хүрээлэн буй орчин тэр дундаа Монгол Улсын  нутаг дэвсгэрийн хэдэн хувийг ой эзэлдэг вэ?
-Монгол орны нутаг дэвсгэрийн 11,8 орчим хувь нь ойгоор бүрхэгдсэн бөгөөд ихэвчлэн нутгийн хойд хэсгээр тархсан. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан ойн түймэр, ойн хөнөөлт шавж өвчин, ашигт малтмалын олборлолтод өртөх, зөвшөөрөлгүй мод огтлох зэргээс ойн тархалт, нөөцөд ихээхэн хохирол учруулж ойн экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж, доройтолд орсоор байна. Сүүлийн 20 жилд дээрх шалтгаануудаас  болж 1.2 сая га ойн талбай хорогдсон гэсэн судалгаа гарсан бөгөөд ойн сан бүхий 513214.21 га талбайд хохирол учирснаас түймэрт нэрвэгдсэн 16.1 буюу 82798.82 га, өвчин, хортон шавжид идэгдсэн 78.8 хувь буюу 404186.19 га, ашигт малтмалын олборлолтод өртсөн 0.01 хувь буюу 33.30 га, мод бут, сөөг, загийг устгасан 3.7 хувь буюу 19047.65 га газар байна.
- Хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг жилд дунджаар хэдэн тохиолдол бүртгэгддэг вэ?
-Цагдаагийн байгууллагад жилд дунджаар 25-36 мянга орчим гэмт хэрэг бүртгэгдэж байна. Үүнээс Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг сүүлийн 5 жилийн байдлаар 2013 онд 337, 2014 онд 287, 2015 онд 228, 2016 онд 165 гэмт хэрэг бүртгэгдэж гэмт хэргийн гаралт тогтмол буурч байсан бол 2017 онд 330, 2018 онд 511 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 119 нэгж буюу 65,4 хувиар өсчээ 2020 оны 1 дүгээр улирлын байдлаар хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 93  бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 15 хэргээр буюу 19.2%  өссөн үзүүлэлттэй байна.
- Сүүлийн жилүүдийн ой мод цэвэрлэх нэрийдлээр залуу, нойтон мод бэлтгэдэг асуудал гараад байна л даа. Тэгвэл та бүхэн энэ хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр ямар арга хэмжээг авч ажиллаж байна.
-Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргээс Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг бага хувийг эзэлж байгаа мэт харагдаж байгаа боловч байгаль экологид учруулж буй хохирол, хор уршиг нь их. Мод бол урт удаан хугацаанд ургадаг учир нөхөн сэргээгдэх цаг хугацаа ихээхэн шаардагддаг байгаа.
Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 2016 онд 72 буюу урьд оноос 35.1 хувиар буурч, илрүүлэлт 85 хувь, 2017 онд 128 бүртгэгдэж, 56 нэгжээр буюу 43.7 хувиар өсөж, илрүүлэлт 64 хувь, 2018 онд 163 бүртгэгдэж 35 нэгжээр буюу 27.3 хувиар өсөж илрүүлэлт 70,2 хувьтай байна. 2020 оны 1 дүгээр улирлын байдлаар хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 93  бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 15 хэргээр буюу 19.2%  өссөн үзүүлэлттэй байна.
Энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн жилд өсөх хандлагатай байгаа нь иргэд хуулийн мэдлэггүй, амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахайн сэдлээр үйлдэж энэ гэмт хэргийн холбогдогч болж байна.
Хяналт шалгалтаар энэ оны 04 дүгээр сарын 16-нд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийхэд тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос “Эбээ” компани нь хууль бусаар 120 шоо метр мод бэлтгэж байсныг илрүүлэн шалгаж байгаа. Тус компани нь энэ оны нэгдүгээр сард Төв аймгийн Эрдэнэ сумын Асралт гэх газраас ойд цэвэрлэгээ хийх гэрээний үүргээ зөрчиж, хууль бусаар мод бэлтгэснийг илрүүлэн, хэрэг үүсгэн шалгаж байх үер дахин ойд цэвэрлэгээ хийх нэрийдлээр ашиг олох зорилгоор хуурайшилт ихтэй, түймэр гарч болзошгүй аюултай энэ үед тухайн ойгоос мод бэлтгэж байсан. Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанд “Эбээ” компанийн энэ оны нэгдүгээр сард гаргасан хууль бус үйлдлийн талаар мэдэгдэж, тус компанид дахин зөвшөөрөл олгохгүй байхыг анхааруулсан ч давуу байдал бий болгож дахин гэрээ байгуулж, зөвшөөрөл олгосон байна.
Мөн Богдхан уулын улсын тусгай хамгаалалттай газарт ой цэвэрлэх үйл ажиллагаа явуулж байсан “Баялаг-Өөдөө” компани нь мөн хууль бусаар мод бэлтгэж байсныг шалгаж байгаа зэрэг нэлээдгүй хяналт шалгалтын ажил хуулийн дагуу явагдаж байна.
-Хууль бус мод бэлтгэлийн хор уршиг асар их. Тэгвэл хохирлын хэмжээг хэрхэн тогтоодог вэ?
-Манай хэлтсийн хувьд Улсын ерөнхий прокурорын 2017 оны зургадугаар сарын 30-ны өдрийн А/67 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, эрүүгийн хэргийг шалгах, түүнд прокурор хяналт тавих харьяалал тогтоох тухай тушаалд заасан Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан 9 төрлийн гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг.
Хүлээн авсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн №394 дугаар тушаалаар ойн экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоодог. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулдаг.
-Зөрчил гаргасан хүмүүсийг торгосон болоод л явуулдаг нь хулгайн гэмт хэрэг буурахгүй байгаагийн гол шалтгаан юм биш үү. Ер нь энэ төрлийн гэмт хэрэгтэй холбогдогч этгээдийг нэг удаа саа¬туулахад хэчнээн төгрөгөөр торгодог юм бэ?
-Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйл “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг хуульчилж өгсөн.
Үүнд: 1.Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан. Харин энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд
2. Энэ гэмт хэргийг:
2.1.Байнга тогтвортой;
2.2.Бүлэглэж;
2.3.Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд;
2.4.Төрийн албан хаагч үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ гэж тус тус заасан байдаг.
Иргэн хуулийн этгээд нь энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд ял шийтгэл эдлээд зогсохгүй хууль бусаар мод бэлтгэсний улмаас ойн санд учирсан хохирлоо 3 дахин нэмэгдүүлэнтэй хэмжээний мөнгө төлөхөөр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааж өгсөн байдаг. Мөн хууль бус үйл ажиллагаандаа ашигласан тээврийн хэрэгсэл, багаж хэрэгсэл нь улсын орлого болохоор заасан байдаг.
Эцэст нь хэлэхэд, байгалийн өөрөө өөрийгөө нөхөн сэргээх том үйлдвэрлэл болсон ой мод, байгалиа хамгаалах  ажилд жирийн иргэд идэвх санаачлагатай оролцох хэрэгтэй байна.
- Одоо хаврын хуурайшилт эхэлсэн үед ой хээрийн түймэр бол бас нэг аюул шүү дээ. ер нь ой хээрийн түймэр яагаад гардаг вэ? Аль аймгийн нутаг дэвсгэрт түймэрт шатсан ойн талбай илүү их өртсөн байдаг вэ?
-Хаврын хуурайшилт эхэлсэн энэ өдрүүдэд шүдэнз зураад л түймэр гэдэг шиг юм болдог. Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс болоод түймэр гарах нь хамгийн элбэг байдаг. Тиймээс ард иргэддээ “Та бүхэн татсан тамхины ишээ унтаах, ил задгай гал асаахгүй байхыг эрхэмлээрэй” гэж хэлмээр байна. Түймэрт шатсан ойн талбайгаараа Хөвсгөл, Дорнод, Хэнтий, Завхан, Булган аймаг буюу хангайн бүс илүү өртсөн байдаг. Харин өвчин хортон шавжинд идэгдсэн ойн талбайн хэмжээгээрээ Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай, Завхан аймагт тэргүүлж байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд сүүлийн асуултыг үлдээе
-Баярлалаа. Иргэн таны “Дуу хоолой байгалийг хамгаалж чадна” иргэн бүр журамт үүргээ биелүүлж, ногоон дуу хоолой аянд нэгдээрэй гэж уриалмаар байна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ