Авлигатай Тэмцэх Газар /АТГ/-ын Мөрдөн шалгах хэлтэс тавдугаар сарын 16-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 22 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 111 гомдол, мэдээллийг шалгажээ.
Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 79 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 625 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас долоог хэргийг шүүхэд шилжүүлэх, зургаан хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ. одоогоор мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 609 хэрэг шалгагдаж байна.
Мөн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн гурван хэрэгт нийт 17 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан. АТГ-ын мөрдөгчид гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн хоёр мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.
Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн хэргүүдээс дурдвал:
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын ерөнхий нягтлан бодогч Х хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд тус компанийн эзэмшигч У-аас хахууль авсан гэх;
- Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга Х нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсээс зөвшөөрлийг олгосон. Мөн нэр бүхий аж ахуйн нэгжийн захирал Э нь хүнд даацын ачааны автомашины зөвшөөрөл авахаар уулзахад Замын цагдаагийн тасгийн гадна талбайд сагсны талбай барих ажилд хандив өгөхийг шаардаж 1.5 сая төгрөгийг ахлах мөрдөгч Ү-д өгүүлсэн гэх;
- Тээврийн цагдаагийн албаны ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан иргэн Б-ыг шалгахдаа жолоодох эрхийг нь хасахгүйгээр буюу хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан гэх;
- “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн “Эрчим зоог” цайны газрын дарга Г нь албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
- Дундговь аймгийн Баянжаргалан суманд хэрэгжүүлэх "Ус цэвэршүүлэх төхөөрөмж" төслийн төсвийг 51,325.2 мянган төгрөгөөр баталсан бөгөөд тендерт нэр бүхий компани ганцаар оролцож шаардлагатай бичиг баримтуудыг ирүүлээгүй, шаардлага хангаагүй байхад "хамгийн сайн тендер"-ээр шалгарсан гэх, Ц-д холбогдох хэрэг;
- Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Э нь Хөвсгөл аймагт хуваарилагдан ирсэн 1 тэрбум төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр, хүүгүй мөнгийг өөрийн хамаарал бүхий иргэдэд олгож, төсвийн мөнгөнөөс завшсан гэх хэрэг багтаж байна.
https://www.arslan.mn/social/news/637262.shtml