Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ахмадын сувилал үйл ажиллагаа явуулах боломжгүй болжээ



Аймгийн ХХҮГ-ын харьяанд байсан Ахмадын сувиллыг 2021 онд аймгийн ИТХ-ын тогтоолоор “Амгалант дэнж” улсын төсөвт үйлдвэрийн газрын мэдэлд шилжүүлсэн байдаг. Тэгвэл шилжүүлсэн цагаас хойш дорвитой үйл ажиллагаа явуулж чадаагүй сувиллын газар хаалгаа барих дээрээ тулжээ. Анх сувиллыг хүлээж авахдаа шинэ газрын дарга нь ахмадуудаас гадна бүх нийтийн амралт сувиллын газар болгоно гэж байсан билээ.

Өөрөөр хэлбэл “Амгалант дэнж” гэх байгууллага нь улсаас сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхээ авч чадаагүй байна. Одоогоор сувиллын байр тоггүй, дулаангүй, хоёр манаачаас өөр ажилтангүй болжээ. Энэ талаар “Амгалант дэнж” улсын төсөвт орон нутгийн үйлдвэрийн газрын дарга Г.Идэрмөнхөөс тодруулахад, “Энэ ажлыг хүлээж аваад жил гаруй хугацаа өнгөрч байна. Бид хичээсэн, гэвч бодит байдал дээр маш олон асуудал тулгарч байна. Сувиллын үйл ажиллагааг явуулахад бэлэн ч санхүүгийн асуудал маш хүнд байна. Манай газар 2022 оны төсвийн тооцооллоо гаргасан ч улс, аймаг орон нутгаас энэ онд манайд нэг ч төгрөг тавигдаагүй. Нөгөө талаар 2022 онд үйл ажиллагаа явуулах эрхээ авах гэсэн ч ХХҮЕГ-аас тавьж буй шаардлагуудыг хангахгүй байсан учир чадаагүй. Үүнд нэг жил тасралтгүй ажилласан байх, байнгын орон тоотой байх, бүтээгдэхүүн нийлүүлсэн байх зэрэг 5, 6 төрлийн шалгуур байдаг.

Өнгөрсөн онд 2 ээлжээр ахмадуудаа хүлээн авсан, дараагийн ээлжийн ахмадууд бүртгүүлсэн байсан ч ковидын халдвараас шалтгаалан хаагдсан. Хэдийгээр бид сувиллын чиглэлээр ажиллаагүй ч өнгөрсөн хугацаанд халдварын тусгаарлах байрны зориулалтаар ажиллаж байсан. Үүнээс олсон мөнгөө тухайн үед ажилчдын цалин, тог цахилгаанд зарцуулсан. Харин одоо ийм боломж байхгүй болсон. Улс, аймаг орон нутгаас нэг ч төгрөгийн төсөвгүй яаж үйл ажиллагаа явуулах билээ, тийм ч учраас ажилчид маань үүнийг ойлгоод ажлаа өгсөн. Одоо манайд үндсэндээ 2 жижүүр, бид 3 л байна. 2022 оны 2 дугаар сар хүртэл тог цахилгаантай байсан. Манай газар зөвхөн цахилгаанд сардаа 3 сая гаруй төгрөг төлдөг. Паараа хөлдөөхгүйн тулд янз бүрээр аргалсаар цахилгааны мөнгөө зохицуулж ирсэн. Үүнээс хойш үнэндээ ямар ч аргагүй болоод цахилгаанаа таслуулсан.

Байгууллагын хувьд аудитын шалгалтыг оруулаад ямар нэг зөрчил илрээгүй. Одоо бид дүгнэлтээ хүлээж байна. Харин цахилгааны 3 сая төгрөгийн өр байгаа. Ер нь анх аймгийн ИТХ-аас шийдвэр нь гараад, Амгалант дэнж газрыг байгуулчихсан, дүрэм журам нь батлагдсан хойно би энэ байгууллагыг  хүлээж авсан. Одоо ч энэ газраа зориулалтынх нь чиглэлээр ажиллуулчих юмсан гэсэн чин хүсэл байгаа. Гэвч хөрөнгө мөнгө байхгүй учир, ямар ч аргагүй байдалд ороод байна” гэх тайлбарыг өгсөн юм. Ийнхүү жилдээ 600 орчим ахмадыг хүлээн авч сувиллын бүхий л үйлчилгээг үзүүлдэг байсан газрын хувь заяа хаашаа, яаж эргэх нь тодорхойгүй байна. Сүхбаатар аймаг 5000 гаруй ахмадтай. Сувиллыг ХХҮГ-ынх нь мэдэлд буцаан өгч, урьдынхаар нь ажиллуулах нь зөв гэх ахмадууд цөөнгүй байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ.МН 
Т.ОДОНЧИМЭГ 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ