Дархан-Уул аймагт яг одоо Хар төмөрлөгийн үйлдвэр төрийн болон орон нутгийн өмчид байж аймаг, орон нутгийн хөгжил, иргэдийн амьдралыг тэтгэж байх ёстой юу, ганц хүний мэдэлд байж, хэсэг бүлэг хүн ашиглаж байх ёстой юу гэдэг асуултад хариулт авах хэлэлцүүлэг болж байна.
Өнгөрсөн долоо хоногт Дархан-Уул аймгийн залуучууд нэгдэн Хар төмөрлөгийн үйлдвэрийг олон нийтийн өмчид авах түр хороо байгуулсан бөгөөд аймгийн Засаг дарга Б.Азжаргал асуудлыг иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, шийдвэрлэх байр суурийг илэрхийлж байснаа ажил хэрэг болгож байгаа аж.
Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг 2010 онд “Кью Эс Си” компани хөрөнгө оруулалтын гэрээгээр авч, 2014 онд концессын гэрээ болгон өөрчилсөн төдийгүй Хөгжлийн банкнаас авсан их хэмжээний зээлээ төлөөгүй байгаа юм.
Хар төмөрлөгийн үйлдвэр 2010-2021 онд төмрийн хүдрийг БНХАУ боловсруулалгүй экспортолж, нийтдээ 1.8 их наядын орлого олсон ч энэ хугацаанд улсын төсөвт 77 тэрбум татвар төлсөн байна. Мөн Хар төмөрлөгийн үйлдвэрийг концессын гэрээгээр авсан “Кюь Эс Си” компани 2013-2021 онд 421 тэрбумын орлого олсон ч төсөвт 5.7 тэрбумыг төлсөн байгаа.
Нийтдээ 2 их наядын орлого олдог ч Хар төмөрлөгийн үйлдвэрийн эрх мэдлийг атгаж байгаа “Кью Эс Си” компанийн удирдлага нийгмийн хариуцлагын хүрээнд Дархан-Уул аймгийн ЗДТГ болон орон нутгийн иргэд рүү чиглэсэн ажил огт хийдэггүй талаар Засаг дарга нь мэдэгдэж байсан юм.
Тиймээс Хар төмөрлөгийн үйлдвэрээ хэрхэх вэ гэдэг асуултад энэ удаагийн хэлэлцүүлэг хариулт өгч магадгүй гэсэн хүлээлт Дарханы иргэдийн дунд үүсчээ.