Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн хөгжилд онцгой анхаарна

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт "Эрдэнэт” үйлдвэрийн томоохон төслүүд тусгагдсан.  "Эрдэнэт” үйлдвэр түүхэн 42 жилийнхээ хугацаанд 38 жилд нь Монгол, Оросын хамтарсан үйлдвэр, сүүлийн дөрвөн жилд Үндэсний үйлдвэр болон ажиллаж байгаа. Харин сүүлийн нэг жил гаруй хугацаанд 100 хувь төрийн өмчийн статустайгаар ажилласан юм. Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Г.Ёндон "Эрдэнэт үйлдвэр”-т ажиллаж үйл ажиллагаатай нь танилцсан байна.
 
  Энэ үеэрээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд есөн дэд зорилт, 33 арга хэмжээг төлөвлөсөн байгаа. Дээрх есөн дэд зорилтын хоёр нь Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйтэй шууд холбоотой төсөл хөтөлбөр юм. "Стратегийн ач холбогдол бүхий ордуудыг нийгэм, эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг дээшлүүлж, улс эх орны язгуур эрх ашигт тааруулж ашиглана” гэсэн дэд зорилт дотор Эрдэнэт үйлдвэрийн үндсэн цехүүдийн өргөтгөл, шинэчлэлийн ажлууд багтаж байгаа. Мөн дэд зорилтын хүрээнд "Хүнд үйлдвэрийг хөгжүүлэх” асуудал байгаа. Эрдэнэт үйлдвэрийн зүгээс "Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр”, "Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор катодын зэс үйлдвэрлэх” гэсэн хоёр төсөл байгаа. Энэ удаагийн албан томилолтоор эдгээр төслүүдийн үйл явц, төлөвлөсөн ажил, одоогийн байдлаар хийгдсэн ажлуудтай танилцах зорилготой” гэв. Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн "Өнгөрсөн дөрвөн жилийн хугацааг дүгнэхэд "Эрдэнэт” үйлдвэр 2019 онд 37,2 тонн хүдэр олборлож, 32,2 сая тонн хүдэр боловсруулсан нь түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт болсон. Мөн эдийн засаг, санхүүгийн үзүүлэлт ч гэсэн үүнийг дагаад өссөн. 2016 онд Эрдэнэт үйлдвэр улс, орон нутгийн төсөвт 184 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан бол 2019 онд энэ дүн нэг их наяд төгрөгт дөхсөн. Уул уурхайн үйлдвэрийн оршин тогтнох үндсийн үндэс бол эрдэс баялгийн нөөц юм. Сүүлийн гурван жилд бид 20 гаруй сая долларын хөрөнгө оруулалтыг геологи, хайгуулын ажилд хийсэн. Үүний үр дүнд үйлдвэрийнхээ насжилтыг 20 жилээр нэмэгдүүлснээр "Эрдэнэт” үйлдвэр цаашид 60 жил ажиллана. "Эрдэнэт” үйлдвэр өнөөдрийн байдлаар аль нэгэн гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллагад ямар ч өр, зээлийн төлбөргүй болсон. Ингэснээр бид ирээдүйд олон том төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдаж болохуйц санхүү, эдийн засгийн гэрээ хэлэлцээрийг төр, засгийн дэмжлэгтэйгээр хийхэд бэлэн болсон гэж ойлгож байгаа” гэв. Мөн "Эрдэнэт үйлдвэр шинэ коронавирусын хорио, дэглэмийг чанд сахин, байнгын бэлэн байдалд ажиллаж байна. Үйлдвэрийн хэмжээнд шинэ коронавирусаас урьдчилан сэргийлэх, эдийн засгийн хямралыг даван туулах, уурхайчид, тэдний гэр бүлийг бүхий л чиглэлээр хамгаалах зорилго бүхий Төв болон дэд штабууд хөтөлбөр, төлөвлөгөө хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Коронавирусаас үүдэлтэй эдийн засгийн хямралын үед нэг ч ажлын байр цөөлөөгүй, харин ч үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, энэ оны зургаадугаар сарын нэгнээс ажилчдын цалинг дахин 10 хувиар нэмж, ахмадууддаа олгодог тэтгэврийн нэмэгдлийг 30-40 хувиар нэмсэн. Энэ нь уурхайчин хамт олны гэр бүлд тус нэмэр болж байгаа гэдэгт итгэлтэй байгаа” гэсэн юм. Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил өмнөх онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдэж, 830 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна.
Эрдэнэт үйлдвэр энэ оныг "Шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх жил” болгон зарлажээ. Энэ хүрээнд шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн уялдаа холбоог хангаж, шинжлэх ухааны ололт амжилтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг зорьж байгаа аж. 
 
Мөн "исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор баяжуулах үйлдвэр байгуулж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл” болон "Зэсийн баяжмал боловсруулах, металлурги-химийн үйлдвэрийн төсөл”-ийг хэрэгжүүлэхэд  төр засгийн дэмжлэг шаардлагатай байгааг онцолсон юм. "Эрдэнэт үйлдвэр”-ийн ТӨҮГ-ын статусыг оновчтой болгож үйлдвэрийн өмчлөлтэй холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэх нэн шаардлагатай байгаа аж. 
 
Эрдэнэт үйлдвэрийн овоолгуудын ашиглалт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг шийдвэрлэх, "Стандарт” банктай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд төр засгийн газраас дэмжлэг үзүүлж, буруутай этгээдээр хохирлыг төлүүлэх, цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийг "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т шилжүүлж байгаа асуудлыг мөн шийдвэрлэх шаардлагатай байгааг салбарын сайддаа танилцууллаа. Уулзалтын дараа Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Г.Ёндон "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэлийн дүүрэгт ажиллаж, Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Ган бөөрөнцгийн цехийн өргөтгөл, шинэчлэлийн ажилтай танилцаж, цехийн удирдлага, инженерүүдтэй санал бодлоо солилцлоо.   
 
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ