Сүхбаатар аймгийн Соёл урлагийн газрын ахлах мэргэжилтэн, СТА, гэрэл зурагчин Б.Золхүү өөрийн “Эрхэмсэг яруу” гэрэл зургийн анхны үзэсгэлэнгээ гаргалаа. Түүний хувьд Онгон сумын дунд сургуульд байхдаа буюу наймдугаар ангиасаа гэрэл зураг авч эхэлжээ. “Анх наймдугаар ангиасаа зураг авч эхэлсэн. Онгон сумын зурагчин шиг л байдаг байлаа. Хар зургаа өөрөө аваад, орой нь гэртээ ирээд цонхоо битүүлээд, цахилгаангүй үед мотор асааж байгаад л зургаа угаачихдаг байсан. Тухайн үед ашиглаж байсан техник одоо ч надад хадгалагддаг. Аймгийн төврүү шилжиж ирэх хүртлээ ийм байдалтай байсан шүү.
Ер нь би мэргэжлийн гэрэл зурагчин биш, энэ бол миний хобби. Миний гэрэл зургийн архивт 2014 оноос хойших Сүхбаатар аймгийн боловсрол, соёлын салбарт өрнөсөн бүхий л үйл ажиллагааны зургууд бий. Анхныхаа үзэсгэлэнд Алтан овооны их тахилга, Аймгийн баяр наадам, Ганга нуурын чуулган, Агтана хүрээт зэрэг томоохон эвентүүдийн үеэр авсан, нөгөө талаараа Сүхбаатарчуудын түүх, өв соёлыг харуулсан эрхэмсэг зургууд байгаа учир үзэсгэлэнгээ “Эрхэмсэг яруу” гэж нэрлэсэн” хэмээн Б.Золхүү сэтгэгдлээ хуваалцав.
Тэрээр Сүхбаатар аймгийн Соёл урлагийн газрын Нээлттэй өдөрлөгийн үеэр уг үзэсгэлэнгээ гаргаж, олон нийтэд танилцуулсан юм. Сүхбаатар аймагт болж буй бүхий л үйл явдлыг гэрэл зурагт буулгаж, богино хугацаанд түргэн шуурхай иргэдэд хүргэдэг нь түүний онцлог. Тэрээр хэдий мэргэжлийн бус ч мэдрэмжээрээ хүлээн зөвшөөрөгдсөн гэрэл зурагчин гэдгийг цугласан олон хүн ярьж байлаа.