Баян-Өлгий аймгийн Бурхан шашинтны төв Раашгэмпэллэн хийдээс Майдарын сурын харвааны тэмцээнийг энэ сарын 17-ны өдөр Өлгий хотод зохион байгууллаа. Майдарын сурын харвааны гол агуулга нь тухайн гарч буй жилд тохиох элдэв муу бүхнийг эрээн цоохор нумын эвээшилтээр хумхын тоос лугаа адил хөөн зайлуулдаг хэмээх итгэл үнэмшилтэй холбоотой тул уг харваанд хүндэтгэл үзүүлж, нумаа эвшээлгэх нь эр хүний хийморь цогийг ивээх ач холбогдолтой хэмээн үздэг аж.
Энэ удаагийн Майдарын сурын харвааны ахмад харваачдын төрөлд Б.Сүхбаатар тэргүүлж, дэд байрт Д.Тамжаа, удаах байрыг Б.Батжаргал нар эзэлсэн бол тусгай байрт М.Чойсүрэн, Н.Ванчин нар шалгарлаа.
Ахмад харваачдын эхний гурван байрын шагналыг Баян-Өлгий аймгийн Хөгжлийн төлөө сангийн Удирдах зөвлөлийн дарга Палдайн Нямхүү, удаах байруудыг Раашгэмпэллэн хийдийн тэргүүн Г.Батхүү дааж явуулжээ.
Харин залуу харваачдын бай шагналыг Зэвсэгт хүчний 340 ангийн харваачдын төлөөлөл ивээн тэтгэсэн байна.