Одоогийн байдлаар Ховд аймаг дахь Буянт голын мөсний зузаан 103 см, Булган голын мөсний зузаан 78см, Ховд голын мөсний зузаан 65см байна. Мөн Дунд цэнхэр голын мөсний зузаан 60см, Долооннуур голын мөсний зузаан 47см байгаа бол Хар ус нуурын мөсний зузаан 106 см байгаа аж.
Харин Чоно-Харайх голын мөсний зузаан 105см, Төгрөг голын мөсний зузаан 85см тус тус хүрч, мөсөн бүрхүүл тогтсон байна. Сүүлийн долоо хоногийн хугацаанд Ховд аймгийн нийт нутгаар хүйтний эрч чангарч,зарим гол,нуурын мөс улам зузаарах хандлагатай болсон. Гэвч нийт уртын дагуу мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин,тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул тээвэрчид, иргэд гол, нуурын мөсөн дээгүүр зам товчлох, цаг хожих зэргээр тээвэрлэлт хийхгүй, бусад үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыгХовд аймгийн УЦУОШТ‑өөс онцгойлон анхаарууллаа.
Өнөөдөр 08.00 цагийн байдлаар Ховд аймгийн нийт нутгаар цасан бүрхүүлтэй байна. Жаргалант, Зэрэг сумын нутгаар хамгийн их буюу 6 см, Манхан, Алтай, Дарви, Үенч сумын нутгаар 4 см зузаан цастай байгаа. Мөн уулын бүсийн сум болох Мөнххайрхан, Дуут, Мөст суманд 0-1 см зузаан цастай байна.
Агаарын температурын хувьд хамгийн хүйтэн нь Цэцэг суманд -39°С, хамгийн дулаан нь алтайн өвөр говийн Алтай, Үенч, Булган суманд 11-16 градус хүйтэн байна.