Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хорол тоглоом хийхдээ шинэ тeхнологи нэвтрүүлжээ



Ховд аймгийн иргэн Н.Бямбажаргал нь шингэн хуванцар (полимер) материалаар үндэсний “Хорол” тоглоом урлаж эхэлжээ. Тэрбээр сурагч байхдаа хорол тоглоом хийх аргачлалыг өвөөгөөсөө суралцсан байна. Улмаар 2 жил орчим хугацаанд биe даан хорол тоглоом хийж байгаа аж. 
Энэхүү тоглоомыг мод ашиглан хийхэд нарийн ажиллагаа, цаг хугацаа их шаарддаг. Иймээс уг тоглоомыг богино хугацаанд, өнгө үзэмж сайтай хийх зорилгоор шинэ тeхнологи нэвтрүүлсэн байна. Тодруулбал, өөрийн гараар нэг бүрчлэн сийлж урласан хорол тоглоомыг үндсэн хэв болгон ашиглаж, шингэн хуванцар (полимер) материалаар цутган хийж байна. Өдөрт 1-2 тоглоом хийх боломжтой бөгөөд иргэд энэхүү үндэсний тоглоомыг худалдан авахыг хүсвэл 90919557 утсаар холбоо барьж, захиалах боломжтой аж. Үнийн хувьд нэг тоглоом 95 мянган төгрөг байна.

Хорол тоглоом бол монголчуудын уламжлалт тоглоом, наадгайн нэг юм. Цагаан сарын баярын битүүний орой шагайгаар “Алаг мэлхий” өрдөг бол, шинийн нэгэнд золголтоор ирсэн зочид гийчид нь “Дөрвөн бэрх” орхиж, жилийн нуруу, аз хийморио шинжихээс гадна үйчүүр, алаг мэлхий, дөрвөн бэрх, хорол зэрэг тоглоом тоглодог уламжлалтай.
Энэхүү уламжлалыг өвлүүлэн үлдээх, хадгалах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэхээр зорьж яваа хүмүүсийн нэг бол иргэн Н.Бямбажаргал.
Цаашид залуу хүний хувьд мартагдаж буй тоглоом, наадгайг сэргээх, хэрэглээний орчинг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор хорол тоглоомоос гадна шатар, үйчүүр, даам зэрэг уламжлалт тоглоомуудыг хийхээр төлөвлөсөн байна.
Сонирхуулахад, хорол тоглоом нь гарын мод, газрын мод гэсэн нийт 60 модноос бүтнэ. Гарын болон газрын мод хэд байх нь нутаг нутгийн (баруун аймгийнхан, төв халх гэх мэт) уламжлалын дагуу өөр өөр байдаг.

Тухайлбал, хувилбар 1:
Гарын мод хорол, чандмань, гарьд, арслан нийт дөрвөн толгой мод тус бүр 4 ширхэг байна. Гарын мод нь бүх газрын модоо ахлах ба гарын модны зиндаа нь хорол хамгийн дээд гарын мод, чандмань удаалж, дараа нь гарьд, сүүлд нь арслан орно.
Газрын модонд хулгана, үхэр, бар, туулай, луу, могой, морь, хонь, бич, тахиа, нохой, гахай гэсэн арван хоёр жилийн амьтад байх бөгөөд амьтдын хувьд хулгана ахалж, үхэр удаалах гэх мэтээр үргэлжлэн гахай сүүлдэх дараалалтай буюу яг жилийн дарааллаар нь ахлуулж тоглодог. Газрын модны нохой, гахай тус бүр 2 ширхэг, бусад амьтад нь бүгд 4 ширхэг байна. (Энэ нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд нутаглах өөлд угсаатны "Хорол" тоглоомын хувилбар аж.)
Хувилбар 2:
Гарын мод нь эрхэм шударгын бэлгэдэл болсон хорол, эрдэнэсийн бэлгэдэл болсон чандмань, аз жаргалын бэлгэдэл болсон өлзий хээ гэсэн гурван толгой модноос бүрдэнэ. Эдгээр гарын мод тус бүр 4 ширхэг байна. 12 жилийн амьтад бүхий газрын мод тус бүр 4 ширхэг байна. Дээрхийн адил дарааллаар тоглоно.
“Хорол” тоглоомын тоглох цаг хугацаа, журам дэг бүгд нарийн байдаг. Үүнийг тэнгэрийн дуутайд тоглох нэн цээртэй бөгөөд намар тэнгэрийн дуу татарч, ус гол хөлдөхөөр тоглож эхлээд, хавар цагаан сараар хамгийн сүүлд дэлгэж тоглоод, ирэх намар болтол хураадаг. Учир нь луу, могой гээд лусын амьтдаар наадаж буй болохоор зөвхөн лус ичсэн цагт л тоглодог гэж зарим сурвалжид тэмдэглэжээ.
"Хорол" тоглоомын дүрэм
Тоглоомд 2-4 ба 6 хүн оролцож болох ба ихэнхдээ 4 хүн тоглох нь илүү тохиромжтой байдаг. Тоглоомд тэгш тоотой хүн оролцвол талцаж тоглоно. Жишээлбэл, 6 хүн тоглож байгаа бол модоо доош харуулан хооронд нь сайн холиод модоо 5, 5-аар давхарлан өрж дугуйлан тавина. Нэг хүн 2 гэр буюу 10 модтой тоглоно. Насаар хамгийн бага оролцогч хулгана жилээс эхлэн 12 жилээ магтаж дуулж эхний удаад тоглоомыг эхлүүлэх бөгөөд бусад оролцогч дараа нь ээлжлэн тоглоомыг эхлүүлэх боломжтой. 
Эхний хүн модыг дангаар болон ижилсүүлэн гарч дараагийн хүн ахлах буюу дагуулан өгөх журмаар тоглоом үргэлжилнэ. Тоглоом дуусахад олон гэр барьсан тал нь хожно.
Тус тоглоомын зан үйлд морийг ихэд хүндэлж бэлгэшээдэг. Хэрэв тоглож байх явцад нэг хүнд зэрэг 4 морь ирвэл “Азын 4 морь” гэж үздэг бөгөөд 4 мориороо зэрэг 4 гэр барьж болно. 4 морийг өөр юу ч ахалдаггүй дүрэмтэй. Харин хүчин чадлаараа туулай хүртэлх бүх мод 3-4 ширхэг нэг хүнд ирсэн тохиолдолд тухайн хүн ээлжээ ирсэн тохиолдолд моднуудаа зэрэг гаргаж болно. Бусад мод буюу Тахиа, Мич, Хонь, Могой, Луу жил 3 ижил байсан ч зэрэг гарах боломжгүй аж. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ