Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт буцаав


УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг хэлэлцээд, анхны хэлэлцүүлэгт буцаав. Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдааны анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын багийн санал, дүгнэлтийг тус багийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан танилцуулав. Ажлын баг нийт 7 удаа хуралдаж, хуулийн төслийн үйлчлэх хүрээнд Эрүүгийн хуулийн 14.1 дүгээр зүйлд заасан ялгаварлан гадуурхах гэмт хэргийн хохирогч, мөн хуулийн Арван зургадугаар бүлэгт заасан хүүхдийн эсрэг гэмт хэргийн хохирогчоос гадна шаардлагатай тохиолдолд хүүхэд хамгаалах байгууллага, нийгмийн ажилтан, мөрдөгч, прокурор, шүүгч хүсэлт гаргах, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нь зөрчигдсөн захиргааны хэргийн төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцааг төлбөргүй үзүүлэхээр тусгажээ.

Улсын өмгөөлөгчийн эрх зүйн байдал, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах зорилгоор улсын ахлах өмгөөлөгч, улсын өмгөөлөгчийн албан тушаалын цалингийн хэмжээг шүүгч, прокурорын албан тушаалын цалинтай дүйцүүлэх зарчмыг баримтлан цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг Засгийн газар батлахаар хуулийн төсөлд нэмж тусгасан байна. Улсын өмгөөлөгчөөс бусад өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээг төлбөргүй хүргэх үүргээ дүйцүүлэн биелүүлэх, төлбөрийн хэмжээг улсын өмгөөлөгчийн цалин хөлсний жишгээр тогтоож, орлогыг хууль зүйн туслалцаа үзүүлэхэд зарцуулах заалтыг хассан байна. Хууль хүчин төгөлдөр болох хугацааг энэ оны тавдугаар сарын 1 байхаар тусгажээ.

Байнгын хороо хуульд заасны дагуу төслийг зүйл бүрээр нь хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд Ажлын багаас танилцуулсан саналын томьёоллуудаар санал хураалт явуулан Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Тус хуулийн төслийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлоод байна. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Наранбаатар улсын өмгөөлөгчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар ямар зохицуулалт тусгасныг тодруулав.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан одоо үйлчилж буй хуулиар зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчдад улсын өмгөөлөгч үйлчилгээ үзүүлэх зохицуулалт байсныг дурдлаа. Харин шинээр өргөн барьсан хуулийн төсөлд хэргийн гэрч, хүүхэд, өөрийгөө хамгаалах чадваргүй хүн, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, ажлаас халагдсан хүмүүст өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг болгохоор тусгажээ. Төсөлд аймгийн төвд тасралтгүй ажиллаж байгаа өмгөөлөгчид зургаан сар, суманд тасралтгүй ажиллаж байгаа өмгөөлөгчид 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг таван жил тутамд олгоно гэж заасан байна. Үүнээс гадна улсын өмгөөлөгчийн цалингийн асуудлыг хуулийн хэлэлцүүлгийн явцад саналын томъёоллоор оруулж байна. Тодруулбал, улсын өмгөөлөгчийн цалинг шүүгч, прокурорынхтой дүйцүүлэх буюу 1.5-2 сая төгрөгийн цалинтай болгох санал гаргасан гэдгийг онцолсон юм.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн аймаг, сум бүрт улсын өмгөөллийн нэгж байгуулж, цалин, урамшуулал, байр орон сууцны асуудлыг шийдвэрлэх нь улсын төсөвт ихээхэн хүндрэл дагуулна гэдгийг онцолж, хуулийн төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлэв. УИХ-ын гишүүн  Б.Дэлгэрсайхан уг хуулийн төслөөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагааг өргөжүүлж байгаа хэллээ.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, “Хууль зүйн туслалцааны үйлчилгээнд 2022 онд 1.3 тэрбум төгрөгөөр баталсан. Үүний 980 орчим сая нь цалин, нийгмийн даатгалын зардал, үлдсэн нь урсгал зардал байдаг. Улсын өмгөөлөгчийн орон сууц, тээврийн зардалтай холбоотой заалтыг байнгын хорооны хуралдаанд саналын томъёоллоор оруулсан. Үүнийг тухайн орон нутаг санхүүжүүлж болно гэж заасан” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн С.Чинзориг, улсын өмгөөлөгч төрийн албан хаагч биш байхад цалин өгч болохгүй гэдгийг хэллээ. Ийнхүү хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүдээс өмгөөлөгчдийн цалин, урамшуулалтай холбоотой олон санал гарсан тул анхны хэлэлцүүлэгт буцааж, Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. Чуулганаар “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” тогтоолын  төслийг хэлэлцэж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ