Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Улсын Онцгой комиссын ажлын хэсэг өчигдөр Архангай аймагт ажиллалаа. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЗТХЯ, ОБЕГ, МХЕГ, МЭЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд багтан ажиллаж байна. Мөн Энэтхэг улсын Элчин сайд Суреш Бабу ажиллаж байгаа юм.
Аймгийн хэмжээнд он гарсаар 86 удаагийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол тохиолдож, долоон хүн амь насаа алдан, 2,870 гаруй мал хорогдож, төр, аж ахуйн нэгж, иргэдэд 2,8 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Дээрх аюулт үзэгдэл, ослын дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын 277 алба хаагч /давхардсан тоогоор/, 50 гаруй автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллан, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 1,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Мөн энэ үеэр Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасантай уулзаж, үер, усны улмаас учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд Энэтхэгийн Засгийн газраас 20 сая төгрөгийн тусламж үзүүлэхээр болсон гэдгийг онцоллоо. Мөн тус аймгийн англи хэлний 10 багшийг мэргэжил дээшлүүлэх сургалтад үнэ төлбөргүй хамруулахаа бас мэдэгдэв.