Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Гадаад өр эдийн засагт дарамт болох уу?



Монгол Улсын нийт гадаад өрийн асуудлаар эдийн засагчдын байр суурийг хүргэж байна. 
сонин mn
 
М.Бат-Өлзий: хувийн секторын өрийг хянах механизм алга/Эдийн засагч/ 
-Улсын нийт гадаад өрийн хэмжээ энэ онд 2.1 тэрбум ам.доллараар нэмэгдсэнээр ДНБ-ний 220 хувьд хүрсэн гэсэн мэдээллийг Монголбанк өгсөн. Энэ нь эдийн засагт дарамт учруулах уу. Хэрхэн нөлөөлнө гэж харж байгаа вэ? 
-Манай улсын нийт гадаад өрийн 30 орчим хувь нь улсын секторт, үлдсэн 70 орчим хувь нь хувийн секторт ногдож байгаа юм. Энэ оны эхний 10 сарын байдлаар авч үзэхэд нийт гадаад өрийн хэмжээ жилийн экспорт, улсын валютын нөөцөөс 4-7  дахин их байна. Гадаад өрийн өсөлт эдийн засгийн өсөлтөөс түрүүлэх хандлагатай байгаа. Мөн гадаад өрийн төлбөр нэмэгдэхийн хэрээр улсын валютын нөөц буурч байгаа зураглал харагдаж байгаа юм. Энэ бүхэн нь гадаад өрийн дарамтыг тэсвэрлэх чадварын үзүүлэлтүүд суларч байгаа хэрэг. Цаашид гадаад нийт өрийн дарамт өсөхийн тусам манай улсын эдийн засгийн өсөлт буурах эрсдэл өндөр хэвээр байна. Манайд Засгийн газрын гадаад өр бүрэн хяналтад байгаа ч хувийн секторын гадаад өрийг төрийн зүгээс статистик мэдээлэл гаргаж, олон нийтийн  ил болгохоос өөр хянаж зохицуулж байгаа механизм байхгүй. Үнэндээ улсын болон хувийн секторын ААН, байгууллага, банкууд гадаад зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг төлөхдөө улсын нөөцөөс валют худалдаж авч байгаа шүү дээ. Иймээс улсын санхүүгийн тогтвортой байдлыг бүхэлд нь авч үзэхийн тулд улсын нийт өрийн байдалд байнга судалгаа хийж, дүгнэлт өгч түүний мөрөөр тодорхой арга хэмжээ авах нь чухал. 
 
Миний бодоход,  тухайн жилд төлөгдөх гадаад зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийн дүнг жилийн экспортын валютын орлогод харьцуулсан үзүүлэлтээр баримжаа авч улсын валютын төлбөрийн чадварыг тодорхойлж, түүнийг гадаад өрийн удирдлагыг хэрэгжүүлэхэд ашигладаг болох хэрэгтэй.
 
-Засгийн газрын өрийн хэмжээ энэ оны эцсийн байдлаар ДНБ-ий 61.2 хувьд хүрэх төсөөлөлтэй байгааг Сангийн яам мэдээлсэн. Өрийн дээд хязгаар 70 хувь шүү дээ. Тэгэхээр жил бүр буурах бус нэмэгдэж байгаа нь Монгол Улсын зээлжих зэрэглэл эргээд буурах, ирэх онд хүлээж буй эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх вий гэсэн болгоомжлол байна? 
-Манай улсын хувьд  Засгийн газрын өрийг  ДНБ-д харьцуулсан харьцаа буюу өрийн босгыг  хуулиар тогтоож, түүнд засгийн газраас хяналт тавин өрийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа. Энэ харьцаа хэдий  өндөр байх тусам улс өрийг төлөхөд хүндрэл гарах эрсдэлтэй байдаг. Дэлхийн банкнаас улсын өрийн босгыг ДНБ-ий 77 хувиас хэтрэхгүй байх тухай зөвлөмж гарсан байдаг. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулан өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын өрийн ДНБ-д харьцуулсан харьцааг 2021-2022 онд 70 хувиас, 2023 онд 65 хувиас, 2023 онд 60 хувиас бага байхаар хуульчилсан байгаа. Энэ оны эцэст  62 хувь болох талаар мэдээлсэн байсан. Ирэх оны төсвийн төсөлд энэ харьцааг 67 орчим хувьд барихаар тооцсон байсан. Цар тахлын улмаас унасан эдийн засгаа сэргээх шаардлагатай уялдаж ойрын хоер жилд засгийн газрын өр бага зэрэг  өсөх бодит шаардлага байгааг ч үгүйсгэх аргагүй.  Ер нь цаашдаа зээлжих зэрэглэл доогууртай манай орны хувьд, улсын  эдийн засгийн аюулгүй байдал болон  санхүүгийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлэхгүй байлгах шаардлагад нийцүүлэн Засгийн газрын өрийн хэмжээг ДНБ-ий 60 хувиас хэтрүүлэхгүй түвшинд  байлгах нь зөв болов уу. Ингэж чадвал төсөв дээр нэг их өрийн дарамт ирэхгүйгээс гадна, таны дээр хэлсэнчилэн, улсын зээлжих зэрэглэл ахихад нааштай нөлөөлж,  улсын санхүүгийн тогтвортой байдал сайжирч, эдийн засгийн өсөлтийг дэмжих талтай.
 
Н.Энхбаяр: Экспортын орлого хэлбэлзэх магадлал өндөр байна/Эдийн засагч/ 
-Улсын нийт гадаад өрийн хэмжээ энэ онд 2.1 тэрбум ам.доллараар нэмэгдсэнээр ДНБ-ний 220 хувьд хүрсэн гэсэн мэдээллийг Монголбанк өгсөн. Энэ нь эдийн засагт дарамт учруулах уу. Хэрхэн нөлөөлнө гэж харж байгаа вэ? 
-Оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 32.9 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Ер нь 2012 оноос хойш Монгол Улсын гадаад өр тууштай өсөн нэмэгдэж ирсэн. Тухайн цаг үед шинээр хэрэгжүүлэх уул уурхайн томоохон төслүүд ашиглалтад орсноор экспорт, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж манай улсын валютын нөөц арвижих, гадаад өр төлбөрийг саадгүй төлөх боломжтой болно гэсэн тооцооллыг хийж байсан.
 
Гэвч бодит байдал дээр Тавантолгойн нүүрсний уурхай, Ерөөгийн төмрийн хүдрийн ордоос өөр ашиглалтад орсон, экспортын орлогыг нэмэгдүүлж байгаа томоохон төсөл хэрэгжээгүй, экспортын орлого ихээхэн савалгаатай байна. Одоо хэрэгжүүлж байгаа томоохон төслүүд болох Оюу толгойн далд уурхай, Газрын тос боловсруулах үйлдвэр, Тавантолгой-Ганц модны боомт чиглэлийн төмөр зам зэрэг төслийн ашиглалтад орох цаг хугацаа 2024 оноос хойш байх төлөвтэй. Ийм нөхцөлд түүхий эдийн үнэ ханш буурвал экспортын орлого ирэх жилүүдэд буурч төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдэж болзошгүй юм.
 
Түүхий эдийн гадаад зах зээлийн үнэ, ханш, БНХАУ-ын түүхий эдийн эрэлт хэрэгцээ ч биднээс үл хамаарах тул экспортын орлого ирэх жилүүдэд тогтвортой өсөх магадлал бага. Хэлбэлзэх магадлал өндөр юм. Ийм нөхцөлд Монгол Улсын хувьд гадаад өр, түүний хүүгийн төлбөр улам бүр хуримтлагдаж ихээхэн дарамт болж болзошгүй байна.
 
-Засгийн газрын өрийн хэмжээ энэ оны эцсийн байдлаар ДНБ-ий 61.2 хувьд хүрэх төсөөлөлтэй байгааг Сангийн яам мэдээлсэн. Өрийн дээд хязгаар 70 хувь шүү дээ. Тэгэхээр жил бүр буурах бус нэмэгдэж байгаа нь Монгол Улсын зээлжих зэрэглэл эргээд буурах, ирэх онд хүлээж буй эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх вий гэсэн болгоомжлол байна? 
-Цар тахал болон бусад хүчин зүйлээс шалтгаалан сүүлийн хоёр жилийн хугацаанд төсвийн зарлагыг ихээхэн тэлж ирэх оны төсвийн нийт зарлагыг 18.6 их наяд төгрөг буюу ДНБ-ний 38.8 хувьд хүрэхээр төлөвлөөд байгаа нь эдийн засагт нэмэлт ачаалал бий болж байна гэсэн үг юм.
 
Нэгэнт ийм түвшинд хүрч өссөн төсвийн зарлагыг цаашид хэвээр санхүүжүүлэхийн тулд төсвийн орлогыг өндөр түвшинд бүрдүүлэх, татварын орлогыг байнга нэмэгдүүлэх шаардлага үүсэх болно. Монгол улсын төсвийн орлогын 30 орчим хувийг уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд бүрдүүлж байгаа бөгөөд хэрэв дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ ханш (үүний дотор зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр) буурсан нөхцөлд тухайн жилийн төсвийн орлого тасалдах өндөр магадлалтай болно.  
 
Төсвийн нийт болон урсгал зардал ийм өндөр түвшинд хүрсэн нөхцөлд гадаад зээлийн өр төлбөрийг төлж байрагдуулах  хөрөнгийн эх үүсвэр төдийлөн хүрэлцээтэй бус байх талтай. Түүхий эдийн үнэ ханш буурч, төсвийн орлого тасалдсан нөхцөлд Засгийн газрын хувьд урсгал зардалаа танах уу, хөрөнгө оруулалтаа багасгах уу гэсэн амаргүй сонголттой тулгарна. Цаашид гадаад өрийн дарамтыг бууруулахын тулд юуны өмнө төсвийн зарлагыг хэт тэлэлтийг багасгах,  төсвийн үрэлгэн зардлыг бууруулах, төсвийн алдагдалыг багасгах шаардлагатай. Төсвийн алдагдалыг бага түвшинд байлгах нь гадаад өрийн дарамтыг багасгах хамгийн анхдагч шаардлага юм.
 
 
Б.Бямбажаргал
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ