Тус аймгийн ахмад эмч мэргэжилтнүүд өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллана.
Өнөөдрийн байдлаар аймгийн төв Улиастай сумын өрхийн эмнэлгүүдэд коронавирусний халдвар авсан нийт 652 иргэн эмчлүүлж байна. Тухайлбал “Дөрвөн оноо” өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад 336, “Биндэргарав" өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад 316, иргэн эмчлүүлж буй. Өрхийн эмнэлгүүдэд ачаалал их. Бусад өвчнөөр өвдсөн үйлчлүүлэгчдэдээ хүрч үйлчилж чадахгүйд хүрээд байгаа.
Ялангуяа шинээр төрсөн нярай болон бага насны хүүхдүүдийн товлолт дархлаажуулалт, жирэмсний хяналтын үзлэгээ ч хийж амжихгүйд хүрээд буй. Өрхийн эрүүл мэндийн төвийн ачаалал маш их, нэг эмчид 120 хүн ногдож байгаа юм. Иймд цар тахлын үед иргэндээ илүү ойр үйлчлэх. Сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын тавьсан хүсэлтийн дагуу эрүүл мэндийн салбарын ахмад эмч, мэргэжилтнүүд хамтран ажиллахаар болжээ.
Ахмад эмч, мэргэжилтнүүд өрхийн эрүүл мэндийн төв, тандалт судалгааны багууд хамтран ажиллах гурвалсан гэрээг байгуулсан байна. Энэхүү гэрээний дагуу коронавирусний халдвар авч, өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд ахмад эмч мэргэжилтнүүд утсаар зөвлөгөө өгч, тодорхой урамшуулалтай ажиллах юм.
Өнгөрсөн амралтын өдөр аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран ажиллах ахмад эмч нарыг хүлээн авч уулзан, санал хүсэлтийг нь сонсчээ. Энэ үеэр эмч нар ковидын хүнд цаг үед мэргэжлийн дадлага, туршлагаасаа хуваалцаж, хариуцлагатай, үр дүнтэй ажиллахаа илэрхийлсэн. Түүнчлэн эрүүл мэндийн салбартаа хувь нэмрээ дахин оруулах болсондоо баяртай байгаагаа ч илэрхийлсэн гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.