ОХУ -ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Байгал нурууг дамнан Оросын Эрхүү муж болон Буриад улсыг холбосон хоёр дахь туннелиэр дамжин өнгөрөх галт тэрэгний хөдөлгөөнийг эхлүүлэх ёслолын ажиллагаанд цахимаар оролцов.
Уг нүхэн гарц байгуулах ажлыг Байгал-Амур, Сибирийг дамнасан төмөр замыг шинэчлэх, хөгжүүлэх төслийн хүрээнд 2014 онд эхлүүлсэн юм. Тодруулбал, ажилчид геологийн хүнд хэцүү сорилтыг туулж, сар бүр 300 метрийг барьсаар нийт 6.682 метрийн урттай, 300 метрийн өндөртэй шинэ туннелийг барьжээ.
Оросын төмөр замын гүйцэтгэх захирал Олег Белозеров “Бүх систем бэлэн. Таны зөвшөөрлийг хүлээж байна” гэхэд Путин зөвшөөрөл өгснөөр галт тэрэг хөдөлсөн юм. Галт тэрэг туннелийн баруун захаас орж, 10 минут орчмын дараа зүүн гарцаар гарч ирэхэд ёслолд оролцогчид алга ташин баяр хүргэсэн байна.
1985 онд баригдсан хуучин нүхэн гарц нь Байгал-Амурын төмөр замын гол дамжин өнгөрөх гарцуудын нэг байв. Шинэ туннель нь хуучнаасаа 35 метрийн зайд байрлах бөгөөд ийнхүү төмөр замын хөдөлгөөн хоёр зам дээр төвлөрөхөөр болжээ. Шинэ гарц нээгдсэнээр жилд 13.2-32.4 сая тонн ачааг нэвтрүүлэх хүчин чадлыг 2.5 дахин нэмэгдүүлнэ хэмээн тооцож байна.