Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ж.Од: Хүний нөөцийн асуудал маш хүнд болж байна



Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын дарга Ж.Одтой цаг үеийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Сүүлийн өдрүүдэд короновирусний халдвар маш ихээр нэмэгдэх боллоо.Ингэжөсөх болсон гол шалтгаан юунд байна вэ?

-Үндсэндээ Сэлэнгэ аймгийн хувьд 2 дахь давлагаа явлаа. 1-р давлагааны үед 217 тохиолдол бүртгэгдсэн. Энэ үед хоногт 30-40 тохиолдол илэрч байсан. Дараагийн давлагаа өнгөрсөн 3 дугаар сараас эхэлсэн. Энэ удаа 2-3 сарын дотор 1259 тохиолдол бүртгэгдлээ. Яг өнөөдрийн байдлаар батлагдсан 123 тохиолдол гарлаа. Энэ нь олон төрлийн асуудалтай холбоотой. Урд нь нэгдүгээр давлагааны үед ерөөсөө тодорхой тохиолдлууд гардаг байсан. Бид тэр голомтуудаас хэрхэн яаж салаалж байгааг олж, тандалтын баг араас нь хөөгөөд явдаг байсан. Харин одоо энэ 1259 тохиолдол ингэх ямар ч боломжгүй болоод байна.

Тухайлбал, 10 кластер буюу голомтууд хоорондоо холбогдож байна. Дээр нь энд тэндээс халдварын бүс нутгуудаас орж ирж байгаа хүмүүс байна. Хаана ч хүрээд ирсэн нь мэдэгдэхгүй, хөдөлгөөн маш их байна. Ийм учраас тодорхойлох ямар ч боломжгүй болоод байгаа юм. Гэхдээ аймгийн Онцгой комисс, шуурхай штаб, хариу тандалтын арга хэмжээний баг маш сайн ажиллаж байна. Гэвч бидэнд ажил маш их байна.

-Сүүлийн үед PCR шинжлгээний хариу их удаж байна гэж иргэд нэлээд бухимдах боллоо. Энэ ямар учраас удах болов. Энэ хугацаанд үүсэх сөрөг үр дагавар бий юу. Мөн анх халдвар гарч эхэлж байхад ард байгаа хавьтагчдын тоог таамаглан хэлж байсан. Одоо тэгэх боломжгүй гэж ойлголоо. Энэ талаар?

-Сэлэнгэ аймгийн хувьд аймаг орон нутгийн удирдлагууд маш их санаа тавьсан. Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-наас санаачилга гаргаж, Сэлэнгэ аймаг хилийн бүс нутаг гэдэг утгаар манайд PCR шинжилгээний лабораторийг иж бүрнээр нь тавьсан. Энэ бол бидэнд маш том давуу тал. Энэ шинжилгээний лабораторийн хоногийн хүчин чадал нь 300-400. Үүнээс илүүг хийх боломжгүй. Хоёр ээлжээр ажиллахад шүү дээ. Манайд яг энэ чиглэлээр мэргэшсэн лабораторийн эмч ганцхан байдаг.

Ерөөсөө аймгийн Нэгдсэн эмнэлэг 2 лабораторийн эмчтэй. Нэг нь одоо жирэмсний амралттай байгаа. Иймээс энэ чиглэлийн эмчийн хүрэлцээ маш хүнд байна. Уул нь яг энэ 400 тохиолдлыг хийгээд явах юм бол 24 цагийн дотор шинжилгээний хариу гараад явах боломжтой. Сүүлийн үед ажиглаад байхад ачаалал нэмэгдсэн, 4-5 хоног хүлээгдээд байгаа явдал маш их хэл ам дагуулж байна. Энэ үнэхээр байгаа бодит байдал.

Энэ юунаас болоод байна вэ гэвэл. PCR шинжилгээ маш их ирж байна. Нэг үгээр хэлбэл орон нутгаас хэрэгцээ шаардлагагүй шинжилгээ, их хэмжээгээр явуулж байна. Тухайлбал та бид хоёр ярилцаж байна. Гэтэл би өвчтэй байя гэж бодьё. Гэтэл яг өнөөдөр надад халдвар илэрч байхад та надаас халдвар авсан байх үндэслэл байхгүй. Халдвар хамгааллын дэглэмийг хоёулаа барьсан байна. Амны хаалт зүүсэн, зайгаа барьсан гээд. Мөн вакцинаа хийлгэсэн, гараа ариутгасан гээд. Гэтэл энд хавьтал болсон бүх хүмүүсийг PCRшинжилгээнд хамруулаад, нааш нь явуулж байна. Энэ авсан бүх шинжилгээ энд ирдэг. Ингээд зохиомол ачаалал нэмэгдээд, дараалал үүсээд шинжилгээний хариу хойшилж гараад байгаа юм.

Энэ хугацаанд нөгөө хүмүүс шинжилгээ өгчихсөн, хариу ирээгүй хүлээж байна гээд олон нийтийн харилцаанд ороод л яваад байдаг. Ингээд шинжилгээ өгчихсөн, хариугаа хүлээгээд явж байтал зарим хүмүүст шинж тэмдэг илрээд эхэлдэг. Уг нь өвчний клиник явцаар шинж тэмдэг 4-5 хоногийн дараа илэрч гардаг. Гэтэл энэ хооронд өчнөөн дараалалтай байсан, хүлээж байсан хариу нь сөрөг гараад ирдэг. Гэтэл олон хоног хүлээж байх явцад нөгөө иргэнд шинж тэмдэг илэрчихсэн байдаг. Эндээс би өвдчихсөн байхад хариу сөрөг гарлаа. Лаборатори чинь буруу хариу гаргалаа гэх мэт асуудал үүсдэг. Ингээд дахиад шинжилгээ авах болдог. Ахиад авах хооронд нөгөө хүн маань бас л нийгмийн харилцаанд ороод явдаг. Эндээс би юу гэж хэлэх байна вэ? гэхээр зарим шийдвэр гаргагчид замбараагүй шийдвэр гаргадаг, хүн бүрийг PCRшинжилгээнд хамруулдаг байдлыг цэгцлэхгүй бол бидний ажил хүндэрч, лабораторийн хүчин чадал дийлэхгүй, тархалтыг хумихад ч хэцүү байдалтай байгаа.

Яг өнөөдрийн байдлаас харахад хоногт хамгийн дээд тал нь 400 шинжилгээ хийж байна. Гэтэл энийгээ хийгээд явж байхад цаана нь 700 шинжилгээ хүлээлтэд байж байна. Энэ бол 2 өдрийн ажил. Гэтэл өнөөдрийн шинжилгээ дахиад хэдэн зуугаараа орж ирж байна. Дахиад өнөөдийн шинжилгээ 5 өдрийн дараагаар хийнэ гэсэн үг. Энэ байдлаас шинжилгээний хариу удах байдал үүсээд байгаа юм. Харин саяхан манай аймгийн Онцгой комиссоос чиглэл ирсэн. Үүний дараа манай тандалтынхан орон нутагтаа чиглэл өгсөн. Энд тандалтыг ерөөсөө PCRшинжилгээгээр тандахгүй, түргэвчилсэн оношлуураар тандацгаая. Мөн шинж тэмдгээр тандъя. Үүн дээр зайлшгүй ойрын хавьтал, дээр нь түргэвчилсэн оношлуураар сэжигтэй гарсан тохиолдлуудыг маш хурдан нааш нь явуулаач ээ. Тэгвэл цаг алдалгүй шинжилгээг нь маш хурдан гаргаад дараа дараагийн тусгаарлалт, эмчилгээндээ ороод явах юм гэдэг зүйлийг хэлсэн. Харьцангуй өнөөдрийн мэдээллээр хураагдсан байсан шинжилгээнүүдээ бүгдийг нь хийж дууслаа. Одоо энэ маягаараа яваад байвал өдөр өдөрт нь гаргах боломжтой. Нэг үгээр хэлбэл орой сорьц ирлээ, маргааш өглөө нь хариу гарлаа гэсэн үг.

-Таны ярианаас харж байхад хавьтлуудаас яг тэр өдөрт нь шинжилгээ авахгүй тусгаарлалтад байлгаж байгаад 3-4 хоногт шинжилгээ авна гэсэн зөвлөмжийг дагах хэрэгтэй болж байна шүү дээ. Тэгвэл хаана хаанаа ачаалал үүсгэж, чирэгдэл үүсгэхгүй байх нь?

-ЭМЯ, Улсын Онцгой комиссоос өгсөн зөвлөмж тушаалууд байгаа. Түүн дээр 1-р буюу ойрын хавьтал болсон хүнийг 14 хоног гэрийн тусгаарлалтад гэж заасан байгаа. Тэр хугацаанд шинж тэмдэг гарч ирж болно. Тэр хооронд 2 удаа шинжилгээ авч байгаа. Нэг нь түргэвчилсэн, нөгөө нь PCRаваад явж байгаа. Тэр хооронд яагаад 14 хоног гэж байгаа вэ гэхээр ер нь халдвар авснаас хойш 5-6, 4-6 хоногийн дотор шинжилгээнд вирус илэрнэ. Түүнээс наана бол огт юм гарахгүй. Тэгэхээр одоо би өвчтэй ханиалгаж байгаа,  шинж тэмдэг илэрч байгаа бол таниас одоо өнөөдөр, маргааш, нөгөөдөр шинжилгээ аваад ерөөсөө юм гарахгүй. Хэрвээ та энэ үед халдвар авлаа гэж бодож байгаа бол гэрийн тусгаарлалтад хатуу байх хэрэгтэй. Түүнээс 4-5 хоногийн дараа тандалтаас зөвлөгөө аваад, шинжилгээ өгөх юм бол энэ зөв.

-Халдвар авч батлагдсан хүмүүсийн дотор дархлаажуулалтад бүрэн хамрагдсан хэчнээн иргэн байна. Тэдгээр иргэдийн хувьд эдгэрэлт ямар түвшинд байгаа бол. Хүндрэл гарч байгаа юу?

-Манай аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар ковидыг эмчлэх нийтдээ 18 тасаг ажиллаж байна. Аймгийн Нэгдсэн эмнэлэг дотор 5 тасаг байгаа. Үүний 3 нь энгийн, нэг нь эрчимт эмчилгээний, нөгөөх нь сэхээн амьдруулах. Бусад тасгууд бүгд орон нутгуудад ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар нийтдээ аймгийн хэмжээнд 463 хүн эмчлүүлж байна. 

Яг өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын бүрэн тунгаа авсан 79 хүн халдвар аваад эмчлүүлсэн. Энэ хүмүүс харьцангуй хөнгөн өвдсөн.

-Манай аймгийн хувьд газар нутаг өргөн. Олон сум, тосгодтой гээд онцлогтой. Аймгийн Онцгой комисс болоод эрүүл мэндийн салбараас орон нутаг руу хандсан кампанит ажлыг өргөн хүрээнд хэд хэдэн удаа явуулсан шүү дээ. Мөн сумдад тусгай тасаг нээлээ. Цаашид энэ ажил үргэлжлэн явагдах уу?

-Түшиг суманд бүх нийтийн өргөжүүлсэн тандалт гэж нэрлэдэг шинжилгээг хийсэн. Энд бүх иргэдийг хамруулдаг. Тэндээс далд үед байсан халдварыг илрүүлсэн. Мөн Баруунбүрэн, Хүдэрт хийсэн. Зүүнбүрэн сумын тодорхой хэсгүүдэд, сүүлд Сант суманд хийсэн. Энэ ажил маш үр дүнтэй. Гэвч маш их зардалтай. Бид бүсчилсэн байдлаар ковидын тасгаа аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу байгуулж байгаа. Сүхбаатар суманд миний хэлсэн 5 тасгаас гадна ахмадын сувилалд эмчилгээний тусгаарлах байрыг зохион байгуулсан. Мөн Хөтөлийн чиглэлд Сайхан суманд нийтдээ 50 орчим ортой эмнэлэг байгуулсан. Мөн Номгон тосгонд 21 ортой эмнэлэг нээсэн. Цаашид эрүүл мэндийн байгууллагаа түшиглээд хийнэ. Гэхдээ үүний хажуугаар эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр, тусламж үйлчилгээг явуулж байна. Аймгийн зүүн талын хэсэгт Ерөө суманд төвлөрүүллээ. Жавхлант сумын ЭМТ, сургуулийн дотуур байранд 40-50 ортой тусгаарлан эмчлэх байрыг зохион байгууллаа. Мандал суманд мөн Хэрх тосгонд хийсэн. Гэвч хаа байгаа Түшиг суманд ковидын ор дэлгэлээ гэхэд Сүхбаатар сумаас өвчтөн тээвэрлэхэд хүндрэлтэй шүү дээ зам харгуй саадтай, асуудал их  бий. Иймээс дэд бүтцээ харж энэ асуудлыг шийдээд явж байгаа. Ер нь бол байр савыг нээгээд ажиллуулж болж байна. Хамгийн гол нь хүний нөөцийн асуудал маш хүнд болж байна. Нэг тасагт 4 хүн ордог. Нэг эмч, нэг сувилагч, нэг асрагч, нэг ариутгагч. Энэ хүмүүс нэг баг болж орно. Энэ хүмүүс ороод ажиллаж байхад ард нь энэ 4 хүний ажлыг хийгээд явж байгаа хамт олон гэж бий. Энэ хүмүүс сайдын тушаалаар улаан бүсэд 14 хоног л ажиллана. Дараа нь гараад 4-7 хоног тусгаарлалтад байна. Тэгэхээр дараагийн ээлж дахиад л 14 хоногоор орно. Ингээд явахаар бидэнд ганц эмч гэлтгүй сувилагч, асрагч гээд бүгд дутагдаж байна. Ер нь эрүүл мэндийн салбарынхан маш хүнд, туйлдаж байна. 

-Дархлаажуулалт Сэлэнгэ аймагт сайн хийсэн. Одоо хүүхдүүдээ хэрхэн хамруулж байна вэ?

-Манай аймаг нийт хүн амынхаа 90 гаруй хувийг дархлаажуулалтад хамруулсан. Энд 17-гоос дээш насны иргэд хамрагдсан. Энэ бол улсын хэмжээнд их том ажил болсон. Үүний маань ч үр дүн гарч байна. Өөрөөр хэлбэл дархлаажуулсан хүний өвдөлт, вакцин хийлгээгүй хүний хооронд том зааг байна. Одоо жирэмсэн эхчүүд, өвчний заалттай эрсдэлт бүлгийн хүмүүс энд хавдартай, чихрийн шижинтэй гэх мэт. Мөн 2004-2009 оны хорондох хүүхдүүд хамрагдана. Манайд нийтдээ 12-17 насны 1087 хүүхэд байдаг. Одоогоор 10000 орчим файзер вакцин ирсэн. Одоогоор хийж эхэлсэн, хүмүүс их идэвхтэй байна. Зарим хүмүүс 2010 оны хүүхэд болохгүй юу гэж асууж байна. Энд дээрээс бүртгэлийг нь хийгээд явуулж байгаа учраас болохгүй. Вакцин тоогоороо ирж байгаа. Засгийн газар, ЭМЯ-ны өгсөн чиглэлээр бүх хүүхдээ хамруулна. Асран хамгаалагчийн зөвшөөрлийн хуудас бөглүүлнэ.

-Сэлэнгэ аймаг энэ өвчинтэй бусад аймгийг бодвол анх удаа түрүүлж нүүр тулсан. Таны хувьд эхнээс нь голомтод үүрэг чиглэл, зөвлөгөө өгч, ажлын хоорондох уялдаа холбоог хангаж ажилласан. Эргээд харж байхад алдаа оноо юу байв. Юуг анхааруулж зөвлөх вэ?

-Ер нь хэдхэн л зарчим байгаа. Иргэд онцгой анхаарах хэд хэдэн зүйлүүд бий. Энд ерөөсөө нэгдүгээрт амны хаалтаа байнга зүүж бай. Эрсдэл маш бага. Хоёрдугаарт хүн хоорондын зай барь. Дээр нь гараа зөв угааж ариутга. Эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөгөө, зөвлөмжийг дага.

Сэлэнгийнхэн анх халдвар тархахад хамгийн түрүүнд нүүр тулсан хүмүүс. Энэ ч утгаар чих сонор, дуулгавартай байгаа. Иймээс өндөр ач холбогдол өгч байна. Амны хаалтаа сайн зүүж байна. Гэхдээ хэнэггүй, хариуцлагагүй хүмүүс байна. Ташрамд хэлэхэд, Та бид хамтын зүтгэлээр энэ өвчнийг хохирол багатай даван гарна. Эрүүл мэндийн салбараас өгч байгаа зөвлөмжийг маш сайн дагах хэрэгтэй. 

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ