Энэ жил Ховд аймгийн хэмжээнд 60 гаруй малчин шинэээр “Аймгийн аварга малчин” цол хүртсэн. Үүнээс дөрвөн малчин Булган сумаас тодорчээ. Мөн Ховд аймгийн 9 малчин өрх энэ жил "Монгол Улсын аварга малчин"-аар шалгарч, шагналаа гардан авсан. Тэдний нэг бол Булган сумын Алагтолгой багийн малчин А.Баатархуяг, гэргий Х.Отгонбаяр нар юм.
Улсын аварга малчин А.Баатархуягийнх 2000 орчим толгой малтай. Эднийх өвөлжөө болон зусланд гарахдаа нэг талдаа 150 км замыг туулдаг. Жилд дунджаар 600-700 километрийн отор нүүдэл хийж байгаа аж.
“Мал сүргээ өсгөж тоог нь нэмэгдүүлэхээс илүү сүүлийн жилүүдэд чанаржуулах асуудалд түлхүү анхаарч байна. Бэлчээр ус, ургамлын соргогийг даган отор нүүдэл их хийж байвал мал сүрэг өснө, тарга тэвээрэг ч сайн авна” гэж малчин А.Баатархуяг ярив.