Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг энэ онд ашиглалтад оруулна

Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын баг орон нутгийн нийгмийн салбарт хийж буй зарим бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.


Аймгийн төв буюу Жаргалант сумын Хайрхан, Бугат багийн иргэд энэ онд шинэ “спорт заал”-тай болно 

2020-2021 онд улсын төсвийн 1.3-2.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Алтай, Цэцэг, Дарви, Зэрэг, Жаргалант суманд 250-500 хүний суудалтай спорт заалны барилга барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.  Үүний нэг нь Жаргалант сумын Хайрхан, Бугат багийн нутаг дэвсгэрт барьж буй спорт заал юм. 

Тус бүтээн байгуулалтын ажлыг одоо “Элбэг гүн” ХХК-ийн хамт олон гүйцэтгэж байгаа бөгөөд энэ оны аравдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулжээ.  

Тэгвэл одоогийн байдлаар уг ажлын гүйцэтгэл 60 хувьтай явж байна. Тус компанийн хамт олон спорт заалны барилгын ажлыг ирэх есдүгээр сард дуусгаж, ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ. 

Спорт заалны барилгын хувьд төмөр материал их орно. Коронавирусний халдварын тархалттай холбогдуулан барилгын материал ховордсон, үнэ ханш өссөн, татан авалт саатаж байгаа зэрэг нь ажлын явцад сөрөг нөлөө үзүүлж, удаашруулж байна. 

Барилгын бүх төрлийн төмөр нэг тонн нь 1.7 сая төгрөгийн үнэтэй байсан. Одоо үнэ ханш өсч, 3.2 сая төгрөг болжээ. Мөн хар паниар нэг ширхэг нь 30 мянган төгрөгийн үнэ ханштай байсан бол одоо 95 мянган төгрөг болсон байна. Бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхийн зэрэгцээ олдоц муутай байгаа боловч ажлаа зогсоохгүй. Гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь хариуцлагатай гүйцэтгэхийн төлөө бүх нөөц боломжийг ашиглан ажиллаж байна гэж “Элбэг гүн” ХХК-аас мэдээллээ.  

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг энэ онд ашиглалтад оруулна
a


Ховд аймагт нийт 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв”-ийн барилга барьж байна.

Одоо барилгын суурийн ул, бетон цутгалт болон аяган суурь, шугамын суурийн ажил хийж байна. Энд “Элбэг гүн” ХХК-ийн барилгын хоёр бригад, нийт 40 хүн ажиллаж байгаа юм. 

Азийн хөгжлийн банк, Монгол Улсын Засгийн газартай хамтран Ховд, Хөвсгөл, Архангай, Дархан-Уул, Дундговь, Дорнод гэсэн зургаан аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүнд эрүүл мэнд, нийгмийн сэргээн засах цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх, тэдний хөгжлийг дэмжих чиг үүрэг бүхий “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв” байгуулахаар болсон. 

Ийнхүү Ховд аймагт байгуулж буй тус төвийг энэ онд багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн байна. 

Тус бүтээн байгуулалтын ажлын явцтай энэ сарын 29-ний өдөр Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан танилцав. Түүнтэй хамт барилгын техникийн хяналт хийх ажлын багийн ахлагч Н.Цэдэнбал, бусад гишүүд ажиллаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.  

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ