Засгийн газрын 2019 оны 343 дугаар тогтоолоор баталсан “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 2020 онд Өвөрхангай аймгийн хэмжээнд хонь, тэмээний ноос нийлүүлсэн 8813 малчин, мал бүхий иргэн 2.2 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал авахаар бүртгэгдсэн байна.
Үүнээс хонь, тэмээний ноос бэлтгэн нийлүүлсэн 7962 малчин, мал бүхий иргэний данс руу 1.8 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг шилжүүлээд байна.
Малчны хувийн данс хаагдсан, дансны мэдээлэл зөрүүтэй зэрэг шалтгааны улмаас 851 малчин өрхөд урамшуулал олгогдоогүй хүлээгдэж байгаа тул малчдын дансны зөрүүтэй мэдээллийг залруулах ажлыгаймгийн ХХААГ-аассумдын Хөдөө аж ахуйн тасагтай хамтран зохион байгуулж байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.4 дэх заалтын дагуу үндэсний үйлдвэрүүд нь малчин, мал бүхий этгээдээс хонь, тэмээний ноос худалдан авахдаа иргэний цахим үнэмлэхийн QR кодын бүртгэлээр и-баримт үүсгэн баталгаажуулснаар 2021 оны ноосны урамшуулалд хамрагдана.
Үндэсний үйлдвэрүүд и-баримт хэрхэн үүсгэн бүртгэх, малчин, мал бүхий этгээд нь баримтаа хэрхэн баталгаажуулах талаарх мэдээлэл, гарын авлагыг аймгийн ХХААГ, Татварын албанаас болон mofa.gov.mn, uramshuulal.gov.mn цахим хуудаснаас тус тус авах боломжтой аж.