Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Д.Сумъяабазар: Хууль, эрх зүйгээ сайжруулснаар хотын тулгамдсан асуудлаа шийдвэрлэж чадна

 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн харьяа газрын албан хаагчидтай уулзаж, санал солилцож байгаа билээ. Үүний хүрээнд өнөөдөр нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар хотод хийж хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлыг хэрхэн хийх, хөрөнгө санхүүжилт татах, ямар зохион байгуулалт хийх талаар та бүхэнтэй санал солилцох уулзалт хийж байна” гэлээ. Тэрбээр “Бидэнд тогтвортой засаглал, тогтвортой төрийн алба хэрэгтэй” гээд Улаанбаатар хотын тулгамдсан асуудал бол сүүлийн 30 жил хуримтлагдаж ирсэн. Үүнийг шийдвэрлэхэд хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байгааг Хотын дарга онцоллоо. Тиймээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй юм.
Хууль эрх зүйн чадамжгүй байсан учраас үеийн үед хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаа шийдвэрлэж чадаагүй ирсэн гэж байлаа. Тиймээс Улаанбаатар хот бие даасан хууль эрх зүйн орчныг бүрдүүлж чадвал тулгамдсан асуудлаа шийдэж чадна гэв.
Мөн УИХ-д хотын хөгжлийг дэмжих Түр хороо байгуулагдаж буй. Түүнчлэн хотын асуудлыг шийдвэрлэх түүхэн шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Тодруулбал, жил бүр 420 тэрбум төгрөгийг улсын төсвөөс нийслэлд өгөхөөр болсон. Тэгэхээр хууль эрх зүйгээ сайжруулснаар цаашид 420 тэрбумаар зогсохгүй урт хугацааны хөрөнгө оруулалтыг татах боломжтойг Хотын дарга онцолж байсан юм.
Мөн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Хотын даргын статус Ерөнхий сайдын эрхлэх чиг үүргийн хүрээнд очиж байгаа аж. Ингэснээр Хотын дарга асуудлаа Засгийн газрын хуралдаанд өөрөө танилцуулж, шийдүүлдэг болох юм.
Ирэх жилүүдэд томоохон бүтээн байгуулалт хийгдэнэ. Үүнд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Худалдан авах ажиллагааны газрын үүрэг, оролцоо чухал гэдгийг онцолсон юм. Тэрбээр хууль бус зүйлээс ангид, ёс зүйтэй байхыг сануулаад, чанар стандартын шаардлага хангасан, хуулийн хүрээнд, хугацаанд нь төлөвлөсөн ажлаа хийж гүйцэтгэх ёстой гэлээ.
Үүний дараа нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван, Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхбат нар байгууллагын үйл ажиллагааны талаараа товч танилцуулга хийсэн юм. Тухайлбал, өнөөдөр нийслэлийн хэмжээнд 361 тендерийн төсөл, арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа аж. Мөн Худалдан авах ажиллагааны газар, Хөрөнгө оруулалтын газар хоорондоо нягт уялдаа холбоотой ажилладаг талаар танилцуулсан.
Харин Хотын дарга Засгийн газар, УИХ-аас томоохон дэмжлэг авч байгаа учраас бүтээн байгуулалтын ажилд нийслэлийн төр захиргааны байгууллагын чадварлаг, туршлагатай мэргэжилтнүүд хэрэгтэй байгааг хэлж байлаа. Ялангуяа хөрөнгө, санхүүгийн асуудалд Худалдан авах ажиллагааны газар, Хөрөнгө оруулалтын газрын албан хаагчдын ур чадвар, туршлага шаардлагатай гэлээ. Тэрбээр ур чадвартай, сэтгэлээсээ ажиллаж байгаа албан хаагчдаа үргэлж дэмжинэ, цаашид урамшууллын системийг хэрэгжүүлнэ гэв.
Уулзалтад оролцсон албан хаагчид Хотын даргад санал, хүсэлтээ илэрхийлсэн юм. Тухайлбал, дээрх байгууллагад 25-30 насны залуучууд ажилладаг. Тэдний нийгмийн асуудал, орон сууцанд хамруулах асуудлыг шийдэж өгөхийг хүсэж байсан юм. Хотын дарга боломжоороо дэмжиж ажиллахаа илэрхийлээд, хариуцсан дарга нарт тооцоо, судалгаа хийж, танилцуулах үүрэг чиглэлийг өгөв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ